Хойд цэнхэрийн агуй

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 25 километрийн зайд далайн төвшнөөс дээш 2100-2400 метр өндөрт орших агуй юм. Карбонат чулуулаг буюу цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон, дотор хананы өндөр нь 15 метр, шалнаас тааз хүртэл 20 метр, таазны байдал нь дотор талаас гадагшаа хонхор маягийн хэлбэртэй, өөрөөр хэлбэл бөмбөгөрдүү оройтой ажээ. Агуйн ханан хад нь галын дөлөнд шатаж харласан байдлыг харвал тус агуйд удаан хугацааны туршид хүн амьдарч байсныг нотолдог. Мөн хананд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий.

 

Зурагнуудыг цахиур цүүцээр цохиж, дараа нь улаан зос, шороон будгаар буджээ. Агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтадыг зурсны дотор тэмээн хяруул, цацагт хяруул, тогоруу, тэмээ, арслан заан, хэрж зогссон том эвэртэй одос үхэр, шорон эвэрт оронго гөрөөс, могой, гацуур маягтай мод зэргийг дүрсэлжээ. Мөн хожуу үеийн цөөн дүрс зураг ч байдаг байна. Өтгөн улаан болон цайвар зосоор зурсан байсан бөгөөд зарим амьтадыг дээр дээрээс нь давхардуулан дүрсэлж, зарим зураглалыг олон толбо бүхий цэгээр гаднах дүрслэлийг зуржээ. Ингэж давхардуулан зурсан дүрслэлийн дотор эр бугын хүйсийг тодоор дүрсэлсэн зураг нь анхаарал татдаг. Дүрсэлсэн амьтадаас үзвэл Монгол нутагт эрт цагт амьдарч байгаад мөхөж алга болсон амьтад учраас уг зосон зураг нь хуучин чулуун зэвсгийн үед хамаарч байгаа юм.

 

Тэдгээр мөхсөн амьтадаас арслан заан нь илүү анхаарал татна. Монголд арслан заан байсныг таамагласан төдийгүй, 1998 онд МУИС, Ховд дахь салбар сургуулийн хамтарсан судалгаагаар Дөргөн сумын нутаг Буултын булгийн Тэсэрхий гэдэг газраас арслан зааны ясны 70 хувийн үлдэгдэл олж, энэ амьтан Монголд байсан гэдгийг баттайгаар нотолжээ. Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн үед хамаарах дурсгал нилээн ховор байдаг учраас тус Хойд цэнхэрийн агуйн сүг зураг чухал олдворт тооцогддог. Мөн тэдгээр амьтад Монгол нутагт амьдарч байснаас үзвэл тухайн цаг үеийн Монгол нутаг урин дулаан уур амьсгалтай байсныг гэрчилж байна.

 

Тус агуйг судалсан эрдэмтэн судлаачид “Азийн урлагийн эхлэл нь Төв Азийн нутаг буюу Монгол нутагт байжээ” хэмээн дүгнэжээ. Мөн “Төв Азийн хүй нэгдлийн үеийн урлагийн гал голомт” гэж нэрлэх нь ч байдаг. Хойд цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Цэнхэрийн голын эрэг орчимд байдаг учраас ийнхүү нэрлэгдсэн байна. Тус агуйг анх газарзүйн эрдэмтэн О.Намнандорж илрүүлж, дараа нь Монгол-Зөвлөлтийн археологичид Н.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, Д.Дорж, А.П.Окладников, В.В.Ларичев, А.П.Деревянко нарын эрдэмтэд нарийвчлан судалжээ. Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг Монгол оронд 5 бүртгэгдсэн байдгийн 3 нь Ховд аймгийн нутагт байдаг бөгөөд түүний нэг нь энэхүү Хойд цэнхэрийн агуйн дурсгал ажээ. Хойд цэнхэрийн агуйг “Гурван цэнхэрийн агуй” ч гэж нэрлэдэг. Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан урд Цэнхэр, дунд Цэнхэр, хойд Цэнхэрийн гурван гол Манхан сумын төв орчимд нийлж урсдаг учраас ийнхүү нэрлэгддэг ажээ. Уг Хойд цэнхэрийн агуйн дурсгалыг 1996 онд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн өв соёлд бүртгэжээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах