Ховд аймгийн Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км зайд Жаргалан уулын орой дээр байх сүрлэг чулуун байгууламжийг “Харуул овоо” гэдэг. Овооны өндөр нь 25 метр, суурийн диаметр нь 50 метр орчим ажээ. Судлаачид эл овоог XYII-XYIII зууны үед хамааруулан үздэг бөгөөд нутгийн хил хязгаарын тэмдэг, ямар нэгэн дохио дамжуулах тэмдэг болгон байгуулсан болов уу хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, харуулын цамхаг бөгөөд ямар нэгэн довтолгоо, аюулыг урьдчилан алсаас ажиглан харж мэдээд сэргийлэх, гал, утаа, дуут сум зэрэг хэрэгслээр дохио өгөх, дайн тулааныг ажиглах зориулалттай байсан хэмээдэг.
Булган голын хөндийд нутаглах торгуудуудын босгосон 13 овооны нэг юм. Харуул овоо нь гурван үеэс бүтнэ. Доогуураа өргөн цүлхэгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж, дундуур нь модон шургаагаар бэхэлгээ хийж зангидсан байдаг.
Эл овооны тухай ийм нэгэн домог буй. Урьд цагт, захчингуудын өлгий нутаг болох Жаргалан хэмээх нутагт хааны харуулын албыг гүйцэтгэх албатууд суудаг байжээ. Тухайн үед хойд Жаргалан уулаар харийн хошууны хил хязгаар залгаж байсан тул ийнхүү харуул манаа гаргажээ. Нэгэн айлын ганц хүү тэрхүү харуул манааны үүргийг олон жил гүйцэтгэсээр насан өөд болжээ. Түүнийг нутаглуулахаар хошуу ноёны зарлиг гарч харуулд гардаг байсан овооных нь дотор талд харуул хүүгийн унадаг морь, анч нохой, зэр зэвсгийн хамт хийж чулуугаар хашиж бунхалсан ажээ. Овоог босгоход Ар Жаргалантын голоос Харуулын овоо хүртэл хүмүүс нэг эгнээ болон зогсож зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргасан гэж ярьдаг.
Өөр нэгэн домогт, энэхүү Харуул овоо сүндэрлэн байх нутагт цаг төр үймж, өвчин тахал дэлгэрч түмэн гамшиг тохиолджээ. Эл зовлон бэрхшээлийг гэтлэх арга замыг асуулгахаар Тангад нутагт элч илгээжээ. Тангадын мэргэн лам нар “танай нутгийн нэгэн сайн эрийг амьдаар нь бунхлан оршуулваас энэ гай зовлон арилах юм байна” хэмээн хэлжээ. Явсан элч хаандаа энэ тухай айлтгахад хаан шадар жанжингуудаа цуглуулж энэ тухай хэлж “та нарын аль нэгийг нь бунхлан оршуулахаас өөр аргагүйд хүрлээ” гэхэд баатар жанжид нь бараан царайлан чив чимээгүй сууцгаав гэнэ. Тэгтэл хааны ач хүү нь “нутаг хошуугаа аюул гамшигаас аврах юм бол би бунхлуулъя” гэжээ. Хаан үүнийг сонсоод ихэд цочирдсон боловч нутаг орныхоо амар амгалан, өвчин зовлонгүй эрүүл энхийг эрхэмлэн ач хүүгийнхээ хүсэлтийг ёсоор болгожээ. Ингээд ач хүүгээ хайртай хүлэг морь, өвч бүрэн хуяг дуулга, зэр зэвсэгтэй нь Харуул овоон дотор амьдаар нь бунхалжээ. Ач хүү гурван өдөр, гурван шөнө бунхан дотор дуулж байх нь сонсогдсоор чимээ алдарсан ажээ. Тэр өдрөөс хойш Харуул овоог нутаг усаараа хүндэтгэн хэн ч хөндөлгүй өдийг хүрчээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах