Тэсийн гол - Байгалийн нөөц газар

 

Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг дахь Булнайн нуруунаас эх авч баруун тийш Завхан аймгийн Баянтэс сумын хойгуур гарч 568 км урссаар Увс нуурт цутгадаг ба цутгал голуудын хамгийн том нь юм. Мөн Монгол орны хамгийн том голуудын 6 дугаарт эрэмбэлэгддэг. Увс аймгийн Баруун-Туруун сумын нутгийн хамгийн зүүн хойд захад орших 101000 га Тэсийн голын сав газрыг 2006 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Тэсийн гол нь ОХУ-ын нутаг руу урсан гараад эргэж Монголын хил даван орж ирдэг учраас монголчууд “эх оронч гол” хэмээн өргөмжлөн нэрлэх нь бий.

Тэс таван голын сав нутгаар халх, баяд, тува гээд олон угсаатан аж төрөн суудаг. Тэс сумын иргэдийн бурханаас заяасан сайхан нутагтай хэмээн бахархаж, овог отгоороо модоор овоо босгон тахиж шүтэж ирсэн уламжлалтай. Мөн шандас сайт хурдаг хүлэг морьд, хүчит бөхчүүдээрээ алдартай бөгөөд өөрсдийгөө “Тэсийн голын монголчууд” хэмээн нэрлэдэг. Мөн Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дахь Тэс голын мөнх ногоон шугуйд “эвэртэй мод” хэмээх нутгийнхан тахин шүтдэг нэгэн өвөрмөц мод бий. Тухайн модыг зориуд нүхлээд ямааны эвэр зоочихсон юм шиг харагдах боловч сайн ажиглавал байгалиасаа модон дотроос эвэр урган гарсан байдаг.

Газарзүйн онцлог: Голын өргөн 40-150м хүртэл, усны зонхилох гүн нь 0.3-2.5м, урсгалын хурд секундэд 0.7-1.5м хүрдэг. Тэс голын эхэн хэсэг нь ой модтой уулсын дундуур, адаг хэсэг нь тал хээрийн цөлөрхөг газраар урсдаг онцлогтой. Нийт 33358 км.кв талбайгаас усжина. Тэсийн голд Тагнын нуруунаас эх авсан хэд хэдэн гол цутгадаг учраас доошлох тусам гол өргөсөж усан сан нэмэгддэг. Булнайн нурууны араас урсах голуудын бэлчирт асар их талбайг хамарсан намаг үүсгэх бөгөөд түүнийг Жаргалантын намаг гэдэг.

Газрын зураг дээр Тэс голыг Булнайн нуруунаас эх авч Монгол, Оросын нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгасан байдлаар нэг л голыг тэмдэглэн зурсан байдаг. Үнэн хэрэгтээ Тэсийн гол адаг хэсэгтээ салаалж Жирээг, Их гол, Хар ус, Нарийн, Хошт эрэг гэх таван гол болон урсаж Увс нуурт цутгаж буйг газрын зураг дээр тэмдэглэлгүй үлдээжээ. Салаа голуудын дагуу намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй зэрэг байгалийн үзэсгэлэнг бүрдүүлдэг. Тэсийн голын бүс нутагт үүссэн цагаасаа хойш нүүгээгүй Алтан элс гэж нэрлэгддэг манхат элс байдаг. Энэхүү Алтан элсэнд хар модон төгөл ургадаг өвөрмөц онцлогтой.

Ургамлын зүйл: Тэсийн голын олон салаалсан хэсэг, хөндийг дагаж 32 зүйлийн бургас, улиас, хус, тэмээн харганы ширэнгэ бүхий алаг өвст, үет, улалжит нуга, алаг цоог төгөл ой, шугуй үүссэн байдаг. Мөн голын хөндий дагаж Монгол орны зэрлэг чацарганы 60% эзлэх хүртэл нөөц ургадаг бөгөөд тошлой, долоогоно, хад, мойл, улаалзгана, нохойн хошуу зэрэг олон төрлийн жимстэй.

Амьтан, шувууны зүйл: Тэсийн голын зэгс шугуйд Монгол Улсын Улаан номонд орсон нэн ховор зэгсний гахай, бор гөрөөс, буга, ойн солонго зэрэг хөхтөн амьтад бий. Сүүлийн жилүүдэд минж, ондатр нутагшин үржиж байна. Тэсийн гол нь олон улсын хэмжээнд ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг гол газар бөгөөд Улаан номонд орсон ховор, нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар ба хуруут хун, реликт цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог зэрэг олон зүйл шувуудтай.