Таван толгойн цогцолбор дурсгал

Өнөөгийн байдлаар археологичид нийт нутаг дэвсгэрт Монголын эзэнт гүрний үеийн 200 гаруй булшийг малтан судалсан байна. Түүний нэг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт XIII-XIY  зууны үед хамаарах Таван толгойн цогцолбор гэх булш оруулгын дурсгал юм.  Энэхүү Таван толгойн цогцолбор дурсгал нь Монголын дундад эртний түүхийн судалгаанд чухал байр суурьтай. Тус дурсгалыг алдаршуулсан цагаан гантиган хос хөшөөг 1981 онд ахмад археологич Д.Баяр илрүүлсэн түүхтэй. 2000 оноос МУИС-ийн профессор Д.Наваан булшнуудын малтлага судалгааг эхлүүлснээр “урлагийн бүтээл”-ийн хэмжээнд тооцогдох үнэт тансаг эдлэлүүд гарч эхэлсэн юм.

 

2005 – 2022 онд МУИС-ийн судлаачид, МУИС-ийн археологийн судалгааны төвийн доктор, дэд профессор Ц.Төрбатаар ахлуулсан багийнхан хэд хэдэн удаагийн малтлага хийж Тавантолгойн судалгааг үндсэндээ дуусгажээ. Зарим олдворыг санамсаргүйгээр олон нийтэд ил болгосноор “тонуулчид” тоносон тохиолдол байсан ч одоо бол судлагдаагүй булш үлдээгүй, бүгд малтлага хийгдсэн гэж үзэж байгаа аж. Тавантолгойн дурсгал нь хилийн бүсэд байдаг тул хилчид тус дурсгалыг хамгаалах үйлсэд тусалжээ. Урьд өмнө судлагдсан Тавантолгойн дурсгалууд бүрэн сэргээн засварлагдаж ШУА-ийн хүрээлэн, Чингис хааны музейд хадгалагдсанаас гадна Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Хубилай хааны мэндэлсний 800 жилд зориулсан ном товхимол, үзэсгэлэнд тавигдаж Монгол-Францын хамтарсан каталогт хэвлэгджээ. Мөн энэхүү Тавантолгойн дурсгалт газарт Юань гүрний үеийн монгол хатны хөндөгдөөгүй булшны малтлага хийгдсэн нь онцлох судалгаа болсон юм.   

Профессор Д.Навааны малтлагаар олон арван үнэт эд өлгийн зүйлсийг илрүүлсэн.

  • Нэгдүгээр булшнаас алтан шармал чимэгтэй торгон тохоштой эмээл бүхий морь дагалдуулсан, нас ахимаг эмэгтэй хүний оршуулга илэрч, оюу чимэгтэй алтан зүүлт, мөнгөн бугуйвч, Боржигон овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрсийг нууцалж сийлсэн, шигтгээтэй хос алтан бөгж олсон.
  • Хоёрдугаар булшнаас морь дагалдуулсан эрэгтэй хүний оршуулга илэрч, чулуун шигтгээтэй алтан соновтор (дуулганы оройн чимэглэл) олсон.
  • Тавдугаар булшнаас мөн адил морь дагалдуулсан эмэгтэй хүний шарил гарч, луу товойлгосон алт шармал эмээлийн чимэглэл, 5х5.6х0.5см хэмжээтэй, галын дөл мэт угалзарсан хэлбэртэй, нарийн алтан утсаар ургамал цэцгийн хэлбэр гаргаж зай завсаргүй сүлжин чимэглэсэн үнэт чулуун шигтгээтэй богтаг малгайн алтан чимэглэл, сувднууд, хос сүүжин ээмэг, энгэсэгний алтан сав, мөнгөн зүүлт, алтан очир, хаш чулуун онго, ланз үсэгтэй цагаан хүрэл толь, мөнгөн аяга, мөнгөн савны хагархай, үр тарианы үлдэгдэл зэргийг илрүүлжээ.
  • Арван нэгдүгээр булшнаас морь дагалдуулсан эрэгтэй хүний шарил илэрч, торгон малгай, уулын болор чулуун тоногтой бүс олджээ.

Доктор, дэд профессор Ц.Төрбатын малтлагаар, Их Монгол Улс, Юань гүрний үед холбогдох дурсгалуудыг олсон боловч эрт цагт тоногдож эвдэрсэн байжээ.

Хамгийн сүүлд 2022 онд тавин гуравдугаар булшийг малтахад хус модоор хийсэн бүтэн угсармал авс олдсон. Хэдийгээр тоногдсон байсан ч маш сайн хадгалагдсан эрэгтэй хүний булш байжээ. Авсанд төмөр илд, сумны зэв, бүсний оюу тоноглолууд, бүрэн тоногтой адууны хэрэгсэл, үнэт содон хийц бүхий эмээлийг хийсэн байсан. Жишээ нь зэс хөөмлийг алтан ялтсаар бүрсэн гоёмсог чимэглэлтэй эмээлийг олсон бөгөөд эл малтлага нь 2022 онд Монголын археологийн шилдэг судалгааны хоёрдугаарт эрэмбэлэгджээ.

Тавин зургадугаар булш бол Тавантолгойн дурсгал дотор тоногдоогүй байснаараа анхных бөгөөд олон талын мэдээллийг уншиж боловсруулах боломж өгчээ. Хөндөгдөөгүй хатан хүний булш бөгөөд хажууд нь адууны дөрвөн шийр, толгой, хүзүүний яснууд, сээр дээр нь арьсыг нь нөмөргөөд бүтэн адуу шиг зай эзлүүлэн тавиад дээр нь эмээл тохсон байжээ. Алтаар бүрсэн мөнгөн эмээл нь галт шувууны дүрс бүхий хээтэй байсан бөгөөд урьд өмнө Тавантолгойн булшнуудаас гарсан алтан эмээлүүд бүгд лууны дүрстэй байснаас өөр аж. Эртний эдгээр домгийн амьтад нь тухайн хүний эрх мэдэл, нийгмийн байр суурь, нас хүйсийг илэрхийлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, луу нь эр хүйстэн, галт шувуу нь эм хүйстэн буюу хатан хүнийг бэлгэддэг. Таван хумст луу нь хаан хүнийг, харин дөрвөн хумст луу нь ханхүү буюу хунтайж, гурван хумст луу нь цэргийн жанжны байр суурийг илэрхийлдэг хэмээн тайлжээ.

Булшинд байх хатныг толгойноос цээж хүртэл бүхэлд нь торгоор ороож, хөлийн хэсэгт их хэмжээний хар будаа бүхий гурван төрлийн мөнгөн суулга тавьсан байжээ. Хатны дээлийн өнгө сайн мэдэгдэхгүй элэгдсэн байсан ч шаргал хүрэн өнгөтэй, алтан утастай, нэхмэл хээтэй болохыг тогтоожээ. Алтан ялтас бүхий утсыг химийн элементээр шалгаж үзэхэд 99 хувийн алт илэрсэн. Эмэгтэйн гавлын ясны дагзны хэсэгт бөгж тавьж, доод шүдэнд нь алтан цагираг бүхий бөгж зүүлгэсэн байсан нь судлаачдын хувьд өмнө нь харж байгаагүй анхны тохиолдол болжээ. Мөн булшин дахь алтны хольцтой мөнгөн эмээлийн бүүрэг нь 95 хувиас дээш шижир алтаар чимэглэгдсэн байсан зэргээс үзэхэд эл хатны өндөр зэрэг дэвтэйг дахин дахин нотолсон. Мөн хазаар, хударгын товруу хэсгийн чимэглэлүүд бүгд алтан шармал байжээ. Бас нэгэн ховор олдвор гарсан нь найман тахилтай, очир хүрээтэй хүрэл толь юм. Энэхүү 56 дугаар булшнаас бариулгүй мөнгөн гүц гарсан бол 57 дугаар булшнаас бариултай мөнгөн гүц гарсан. Мөн хавтгай задгай амтай, хажуудаа бариултай мөнгөн аяга гарсан нь Монголд анх удаа гэгдэх дурсгалууд болжээ.

Тавин долдугаар булшны оршуулга мөн адил хөндөгдөөгүй байсан ба гуулин ялтсаар хөөмөлдөж алтаар шарж хийсэн, дөрвөн дэлбээтэй суурин дээр жижгэвтэр 6 дэлбээт бадам цэцгийг дүрсэлж тана мэт чулуу суулгасан малгайн дог, духавч, хоромсог ба сумнууд, төмөр илд, төмөр жадны гилбэр, суран бүс, эвхдэг аяны сандал, төмөр гархин хуяг зэргийг олжээ. Мөн тус 57 дугаар булшинд хүн тавьсан хэсгээс нэг метр зайд эмээл хазаартай морийг бүтнээр нь тавьсан байсан. Харамсалтай нь тонуулчдын гарт өртжээ. Тус булшнаас гархин хуяг, эвхдэг сандал, алтан утаст бүс, мөнгөн суулга, малгайн алтан чимэглэлүүд гарсан бөгөөд эдгээр нь Юань гүрний язгууртны малгайн чимэглэлтэй адил аж. Хамгийн алдартай чимэглэл нь 2010 онд олдсон “алтан дог” юм.

Тавин есдүгээр булшнаас бичээс бүхий ясан тамга, исэр сандал, төмөр илд, хоромсогны ясан чимэглэлүүд, төмөр дөрөө, эмээлийн үйсэн хавтас зэргийг илрүүлжээ.

Энэхүү Таван толгойн цогцолбор дурсгалын морьтой оршуулгууд, дагалдуулан тавьсан эд зүйлс нь баялаг бөгөөд тухайн цаг үед хамаарах бусад булш оршуулгын дурсгалаас эрс ялгарна. Мөн язгууртан дээдсийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, оршуулгын зан үйлийн онцгой байдал зэргээс үзэхэд Юань улсын үеийн дээд язгууртнууд байсныг илэрхийлдэг.

Тавантолгойн дурсгал нь Хубилай хааны байгуулсан анхны нийслэл Шанду хотоос холгүй оршдог бөгөөд гарсан олдворууд нь Юань гүрний үеийн дурсгалуудтай ижил төстэй учраас Юань гүрний үеийн алтан урагийн язгууртан хүмүүсийг оршуулсан газар байх магадлалтай гэж судлаачид таамаглажээ. Булшны дурсгалууд гадна өнгөн талаасаа даруухан мэдэгдэхгүй шахуу байсан ч дотор талдаа баялаг мэдээлэл бүхий эд өлгийн зүйлстэй байсан нь олон удаагийн малтлага судалгаагаар тодорхой болсон байдаг.

Монголын эзэнт гүрний үеийн алтан эдлэлүүдийн нүүрэн талд нэг дүрс, ар талд нь дахиад давхар дүрслэл байдаг нь онцгой. Тухайлбал, нэгэн цуглуулагчийн санд буй “алтан бүс”-ний нүүрэн талд гурван хумст луу байдаг бол ар талд нь галт шувууны дүрслэл байдаг. Мөн 2010 онд энэхүү Тавантолгойн дурсгалаас олдсон алтан бөгжний ар талд цагаан шонхор шувууны дүрс байжээ. Эдгээр нь Монголын эзэнт гүрний бэлгэдлийг нотлохоос гадна тухайн оршуулагдсан хүний нийгмийн байр суурийг тодотгож байгааг илтгэдэг.

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт шинэ чулуун зэвсгийн үе ба хүрэл зэвсгийн үеийн шоргоолжин булш, XIII-XIY  зууны үеийн 10 гаруй хүн чулуун дурсгал, Бударын чулуу, Шартын хадны зураг, XIX-XX зууны эхэн үед хамаарах 400 гаруй эд өлгийн зүйлийг агуулсан Монгол язгууртнуудын булш зэрэг чухал үнэт олдворууд бий. 

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах /FB Buyan Choi/