Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас хойш 60 км, аймгийн төвөөс 320 км зайд орших, Өмнөговь аймгийн 9 гайхамшигийн нэг, аймгийн нутаг дэвсгэрийн баруун хэсгийн хамгийн өндөр уулсын нэг Нэмэгт уул нь д.т.д 2769м өргөгдсөн. Нэмэгтийн хөндийд болон ууланд говийн унаган мод заг ургадаггүй бөгөөд ургамалжилт бараг байхгүй гэж хэлж болно. Тийм учраас Нэмэгтийн орчинд үлэг мэдэг манан татсан байх нь харагдах бөгөөд энэ нь борооных биш тоосонцрын манан юм. Нэмэгт уулын тэгш өндөрлөг дээрээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон хавцлыг харах боломжтой. Уулын гол хавцал нь гурав салаалдаг бөгөөд элэгдсэн хананууд нь янз бүрийн цонх, тагттай байшинг санагдуулахаар үлгэрийн орон мэт ер бусын тогтоцтой.
Нэмэгтэд говийн чимэг болсон амьтад аргаль, янгир, цоохор ирвэс зэрэг зэрлэг ан амьтан бий. Нэмэгт уул нь цоохор ирвэсийн байнга нутагладаг газар болохоос гадна Гилбэнт, Сэврэйн уулсад дамжин явах нүүдлийн гол зам болдог.
Нэмэгтийн хөндий гэдэг нь Нэмэгт уулын өвөрт орших шаргал улаан хурдаснаас тогтох сархиа хонгил ихтэй цав юм. Энэ цав нь Нэмэгт уулын өврөөс урссан усны идэвхтэй үйл ажиллагааны дүнд өнөөгийн хэлбэрийг олон тогтжээ. Тэдгээрийг нутгийнхан Нэмэгтийн их, бага хонгил гэж нэрлэдэг. Улаан шаварлаг хурдсуудаас тогтсон, уулархаг учраас нэн сүрлэг өвөрмөц дүр төрхтэй.
Нэмэгт уул, Алтан уул, Төгрөгийн ширээ, Ухаа толгод, Хэрмэн цав зэрэг газрууд нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийн палеонтологийн салбарт танигдсан алдартай газрууд төдийгүй олон улсын шинжилгээний ангиуд байнга судалгаа хийж байдаг.
Нэмэгтзаурус: Нэмэгт уулын өвөрт олон зууны турш байгаль цаг уурын янз бүрийн өөрчлөлт, эвдрэлд орсон их хонгилууд байх бөгөөд эндээс 1946 онд Оросын нэрт зохиолч, эрдэмтэн, судлаач И.А.Ефремовын удирдсан Орос-Монголын хамтарсан судалгааны анги ирж анхны, хамгийн том, дөрвөн хөлт, өвсөн тэжээлт 30 метр үлэг гүрвэлийг олж Нэмэгт уулын нэрийг оролцуулан Нэмэгтзаурус (Nemegtosaurus) хэмээн нэрлэжээ. Нэмэгтзаурус нь Дунд төрмөлийн эринд одоогоос 250 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт Зауроподын төрөл ажээ. Үлэмж биет үлэг гүрвэлийн олдворуудаас үүдэн эрдэмтэн судлаачид Нэмэгтийн хөндийг “лууны булш” хэмээсэн юм. Энэ орчинд Монгол, Орос, Польшийн олон удаагийн экспедицүүд ажиллаж эртний амьтан ургамал, үлэг гүрвэлийн маш олон олдворуудыг нээн илрүүлсэн нь эдүгээ Орос, Европын болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна.
Тринозавр Батаар: 2012 онд Америкийн Нью-Йоркийн “Херитейж Аукшин” дуудлага худалдааны төвд Монголын говиос хууль бусаар гарсан байсан Тринозавр Батаар (Tyrannosaurus Bataar) гүрвэлийг худалдаалах гэж байсан нь шуугиан дэгдээсэн бөгөөд тэрхүү олдвор нь Нэмэгтийн хөндийгөөс олдсон болох нь батлагдаж дуудлага худалдааг цуцалсан юм. Улмаар энэхүү үлэг гүрвэлийн олдворыг Монголд шилжүүлэн өгсөн билээ. Энэхүү Тринозавр Батаар гүрвэлийг Канадын иргэн, Альбертийн ИС-ийн доктор профессор, палеонтологич Филипп Кари, (Монголд олон удаа ирж Нэмэгтийн орчинд судалгаа хийж байсан) түүний эхнэр Эва Копелус, Америкийн Байгалийн түүхийн музейн палеонтологич М.Норрел, Монголын талаас палеонтологич М.Болорцэцэг нар судлан үзээд Монгол орноос тэр дундаа Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс авсан байна гэдгийг хөдөлгөөнгүй тогтоожээ. Харин “Батаар” гэсэн нэр нь монгол хэлний “баатар” гэсэн үг болохыг Монголын палеонтологич, доктор Р.Барсболд тайлбарласан байдаг.
Гобираптор: Нэмэгтийн хөндийгөөс 70 сая жилийн өмнө амьдарч байсан нисдэг динозаврын эрүүний ясны гэмтсэн үлдэгдлийг олсон. Түүнийг Гобираптор хэмээсэн ба олдворыг Сөүлийн үндэсний ИС, Кейп таун ИС, Хятадын Геологийн хүрээлэн, Монголын палеонтологийн хүрээлэнгийн хамтарсан баг нээж илрүүлсэн. Судлаачид хоол хүнс идэж байхдаа эрүүгээ хугалсан байж магадгүй гэж таамагласан. Нэмэгтийн хөндий нь гол, нууртай байсан учраас Гобираптор нь чийглэг уур амьсгалд дасан зохицсон байх гэж судлаачид үзжээ.
Нэмэгтоникус: 2019 онд шувуу төст жижиг махан идэшт үлэг гүрвэлийг шинээр илрүүлж “Нэмэгтоникус” гэж нэрлэсэн.