Дэлүүн болдог

Түүхэн сударт Чингис хааны мэндэлсэн газрыг “Ононы дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр ирсэн. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъян гүн 1928 онд Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хойд хөвөөнд “Дэлүүн болдог” байна гэсэн санааг анх гаргажээ. Тэрбээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзээд, “Хэнтий уулын баруун өмнө зүгт, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхаан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Тэр ухааны зүүн урд Хэрлэн голын зүүн талд зүүн өмнөөс нь орсон их замыг “Болдагийн ам” хэмээдэг, тэнд Чингис хаан төрсөн гэж нутгийнхан ярьж байна” хэмээжээ.
 
Академич Х.Пэрлээ “Дэлүүн болдогийн тухай олон таамаглал буй, ихэнх нь ташаарсан. Дэлүүн болдог нь Онон, Балж хоёр голын бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд, одоогийн Дадал сумын дэргэдэх дээрээ чулуун хөшөөтэй нь Дэлүүн болдог юм” хэмээжээ.
 
Археологич Ц.Доржсүрэн Бурхан Халдун уул, Балжун арал, Тэнгэлэг гол, Их Чилэдүгийн Олхунуд аймгаас Бөртө Үжинг авч явсан зам, Хэрлэн голын эхэн Бурги эрэг, Чингис хааныг оршуулсан ба төрсөн газар, Ихэсийн газар, Хэрлэний хөдөө арал, Хэрлэнгийн арал зэрэг газруудыг нарийн харьцуулан шинжлээд Чингис хааны төрсөн газар бол О.Жамъян, Х.Пэрлээ нарын үзсэн Онон, Балж хоёр голын уулзвараас дээхнэ орших, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон дэлүү мэт хэлбэртэй том хошуу мөн. Эл Дэлүүн болдог нь Чингис хаан ба түүний өвөг дээдсийн үндсэн гол нутаг бөгөөд Чингис хаанаас өмнөх болон өөрийнх нь үе, түүнээс хойшхи олон чухал үйл явдлуудтай холбоотой газруудаар тойрогдсон байна” хэмээн үзжээ. Эрдэмтэд Дэлүүн гэдэг нь “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдэг нь “дов, гүвээ” гэсэн утгатай хэмээн тайлбарласан.
 
Домогт өгүүлснээр, Есүхэй баатрын гэрийн буурь Гурван нуурын Дундах нууранд эдүгээ далд орж харагдахгүй болсон арал газарт байсан. Гартаа нөж атгаж морин жил, морин цагт төрсөн ууган хүүгээ “баатар хүү төрлөө” хэмээн Есүхэй баатар бэлгэшээж тамгалаагүй шарагч гүү төхөөрч Өүлэн хатанд шөл уулгаад, тэр гүүнийхээ дэлүүг газарт булсан нь “дэлүүн булдаг” гэж нэрлэгдсээр эцэстээ “Дэлүүн болдог” нэртэй болсон. Үүнээс үүдэлтэйгээр Зүүн нуурыг Дэлүүн, Дунд нуурыг Булдаг гэж нэрлэдэг байсан гэх домог бий. Одоо яригдаж буй Дэлүүн болдог нь Гурван нуураас ялимгүй хойхно орших модтой толгой ажээ.
 
2012 онд Монгол, Орос, Японы эрдэмтэд нийлж хийсэн судалгааны үр дүнг үндэслэн Дэлүүн болдогийн урд толгой дээр энергийн овоог босгож, энергийн үзүүлэлтийг хэмжихэд 99.6 хувь байсан ажээ. Овооны архан талд байх “Хүслийн мод”-нд хүслээ шивнээд “Энергийн овоо”-ноос энерги аваад буухад тухайн хүн “сайн явах” учиртай хэмээн нутгийн олон бишрэн хүндэтгэдэг. Дэлүүн болдог нь хойд өргөрөгийн 49.03.143, зүүн уртрагийн 111.38.546 хэмийн солбицолд, далайн төвшнээс дээш 982.8 метр өндөрт оршдог. Алсаас харахад дэлүү хэлбэр нь арай тод харагдана.
 
Дунд нуурын дунд байсан гэх том хар чулуу бүхий газар нь 1920 оны үед нуурынхаа усанд автаж үзэгдэхгүй болсон гэдэг. Сүүлийн үед нуурын усны төвшин багасаж байгаа учир удахгүй Болдог толгойн тэрхүү хүйн чулуу ил гарч ирэх байх гэж нутгийн хүмүүс ярьдаг ажээ.
 
Онон голын урдуур урсах Улз голын хөндийгөөр зүүн тийш Манжуур хүртэл үргэлжилсэн шороон даланг Чингисийн хэрмэн зам гэдэг. Бэр хүн хадам эцэгтээ тэр бүр харагдаад байдаггүй ёс заншлын дагуу өндөр далан босгож хоёр талаар нь их нүүдэл хийж, далангийн гонзгой зураастай газарт амарч, гурвалжин зураастай газарт үлдэж, дөрвөлжин зураастай газарт хоноглодог байсан гэх домогтой.
 
Тэмүүжинг хаан ширээнд өргөмжлөх ёслолын үед Онон голын эрэг дэх толгойд арц, агь, ганга, далийн цэцэг зэрэг анхилам үнэртэй ургамал шатааж их сан тавьжээ. Тийм учир тэр толгойг “Сангийн тавиур” гэж нэрлэжээ. Чингис хаан аян дайнд мордохын өмнө Их хар тугаа уулын оройд залж, бөө мөргөлийн ёс үйлдэж, цагийг үзүүлж, тэнгэр сүлдээ дуудан мөргөж, хийморь лундаагаа сэргээж, их хэнгэргээ цохиж, их цэргээ хөдөлгөдөг байснаас “Тугийн овоо” гэдэг байжээ. Хожим “Баян овоо” гэж нэрлэгдсэн ба энэ овоо буй уулын урд энгэрт Дадал сум суурьшжээ. Дэлүүн болдогоос баруун тийш 10км зайд орших голыг Монголын нууц товчоонд олонтаа дурдагдсан “Түнхэлиг горхи” мөн гэж үзсэн ба Бурхан Халдун уулан дээрээс харагддаг. Энэхүү Тэнгэлэг гол бол “Бодончарын амьдарч байсан Балж арлын Тэнгэлэг гол мөн” хэмээн “Сувдан сондор” аяллын багийнхан тогтоожээ.
 
Бурхант, Шургадай, Оргойт гэсэн гурван оргилтой Баянхаан уул нь Дэлүүн Болдогоос баруун тийш 30км зайд байх ба Чингис хаан мэргидүүдээс зугтаж нуугдан амьд гарсан уул, Чингис хааны “үеийн үед тахиж байя” гэж андгайлж мөргөсөн Бурхан Халдун уул мөн гэж нутгийнхан үздэг.
 
Дэлүүн Болдогоос хойш Балж голын зүүн хойно үргэлжлэх уужим хөндийг Маралын буюу Марааны тал гэдэг. Энд Бартанбаатарын хатан Марал амьдарч байсан гэх домогтой. Дэлүүн болдогоос баруун тийш 12км зайд Тэнгэлэг горхины адаг хавийн хойд дэнжид маш эртний гэгдэх босоо чулуун хөшөө бий. Үүнийг Дува сохор, Добу мэргэний хөшөө хэмээнэ.
 
Дэлүүн болдогоос 11км зайд Тэнгэлэг горхины адаг Балж голын нэг тохойг Балжийн арал гэдэг. Тэнд боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг өвсөн эмбүүл босгон аж төрсөн түүхтэй. Дэлүүн болдогоос баруун хойш 20км зайд Чингис хааны цэргийн зэр зэвсэг, тэрэг тоногийг засч сэлбэдэг дарханы газар байсныг “Сэлбэгийн дэв” хэмээнэ. Онон голын хойгуур урсах жижиг голыг “Уулзахын гол” гэх ба энэ голын дэнж дээр Чингис хаан их цэргээ жагсааж, аян дайны тухай ярилцаж зөвлөдөг байсан ажээ. Хожим ойрадын Галдан хаан Уулзахын голд очиж зүүн Монголын ноёдтой уулзсан баримт бий. Уулзахын гол он цагийн явцад “Угалзарын гол” болжээ. Энэ мэтчилэн Хэнтий аймгийн Дадал сум нь монгол хүн бүрийн зорьж очих, сонсож мэдэх домог түүхийн өлгий юм.
 

ЭНЕРГИЙН ОВОО: Онон-Балжийн сав газрын захиргааны дэд дарга П.Гансүх сүүлийн 10 гаруй жил “Энергийн овоо”-г хэрхэн тахих, хүндэтгэл үзүүлэх талаар эртний ном судар, Нууц товчоо судалж, эрдэмтэн мэргэдтэй уулзсаар судар болгон бичсэн байдаг. “Энергийн овоо”-нд буддын шашны дэг жаягаар бус эртний Монголчуудын мөнх хөх тэнгэр, уул овоондоо мөргөж байсан заншлаар хүндэтгэл үзүүлэх учиртай аж. Тухайлбал, овоонд хадаг өргөхгүй, сүүгээ овоонд бус хангайд нь өргөнө, элдэв идэх уух юмс өргөж болохгүй, харин ургаж дэлгэрэх арвай будаа өргөх учиртай.

Өвчүүгээ дэлдэнэ. “Энергийн овоо”-ны өмнөх тулганд гал бадрааж, галын бурхадыг урин залж “хөгжөөнө”. Цаана нь харагдах хангай дэлхийдээ “сүүн өргөл” өргөл өргөж хэн ирснийгээ дуулгана. Дараа нь овооны өмнө сөхрөн сууж, өөрийн амьдралд үйлдсэн 4 том алдаагаа /ухаарч гэмшиж харууссан/ нэг нэгээр нь өчиж, өршөөл эрэн өвчүүгээ чангаар дэлдэнэ. Түүний дараа ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө хамгийн чухал гэсэн 4 хүслийг нэг нэгээр нь хэлж гараа алдлан уухайлна. Эдгээрийг өөртөө дуулдахаар өрөөлд дуулдахааргүй чангаар өчих учиртай. Дараа нь овоогоо гурвантаа тойрч “оюун санааны эрч хүч” авна. Ямар ч хүн овоо тойрч байхдаа муу муухай зүйл боддоггүй, сайн сайхан зүйл бодож хүсдэг учраас тэр чинээгээрээ эерэг сэтгэлийн үүднээс ундарсан энерги эргэлдэж байдаг аж.

Ёсолгоо: Эмэгтэй хүн баруун өвдгөө нугалж газарт, зүүн өвдөгөө босоо тулж цэх суун толгойгоо мэхийлгэн гудайж хүндэтгэл үзүүлнэ. Харин эрэгтэй хүн эсрэгээр нь баруун өвдгөө босоо тулж доош суун мэхийн ёсолно. Эл ёсолгоо тэртээ XIII зуунд Чингис хаан Бурхан Халдун уулнаа хэрхэн хүндэтгэл үзүүлж байсантай ижил ажээ. Харин алдаа эндэл гаргаад тэрэндээ өршөөл эрэхдээ мөнх тэнгэрийн өмнө “боол” суудал буюу хоёр өвдгөө нугалан газарт сөхөрч байгаад өршөөл эрдэг байжээ.

Цагийн юм цагтаа. Хүмүүс хүсэж буй зүйлээ аль болох хурдан түргэн бүтээхийн төлөө хичээдэг, тэрний төлөө улайрдаг. Зарим хүмүүст зарцуулсан цаг хугацаа, хийсэн үйлдэл, үрсэн зарсан мөнгө зоос ч их байгаа. Тухайн үедээ болох гэж байгаа юм шиг, хариугүй бүтэх гэж буй мэт санагдаж байсан ч тэр үйл явц “удаан” байх нь бий. Энэ бол ураг удмынхан, эцэг өвгөдийнх нь хэрхэн амьдарч ирсэнтэй холбоотой хувь тавилангийн “нарийн зохицуулалт” байдаг. Улайран дайрах бус “зөв үйлдэх”, “үг хэлээ зөв байлгах”, “зөв бодож санах” юм бол санасан зорьсон тань хурдан бүтнэ. Хүсээд дайраад байгаа хэрнээ хажуугаар нь үг үйлдлээ анхаарахгүй бол “дайчин, давшингуй” байгаад нэмэргүй ажээ.

 
Эх сурвалж: Монгол орны лавлах