Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс, чоно гэх мэт бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Мөн түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрсүүд ч бас байдаг.