Аварга Тосон нуур

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс баруун хойш 5 км зайд Тосон нуур оршдог. Орчноосоо арай намхан хонхорт орших, 300 метр урт 250 метр өргөнтэй, карбонатын төрөлд багтах шорвог устай нуур юм.
 
Тосон нуурт 100 гаруй жилийн өмнөөс хол ойрын хүмүүс ирж өвчнөө сувилдаг байжээ. Нуурын урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, зүүн баруун дэнжид харц ардууд хотлон буугаад энэ нуурт ордог байсан гэдэг. Нуурын баруун хойд захад дээрээ цайвар саарал, доороо хар хөх өнгөтэй маш нарийн тос шиг найнги шавар байх бөгөөд нуурын урд захад нарийн хар бэх мэт тас хар тослог шавар 50 сантиметр гүнээс гарч байдаг ажээ. Тосон нуурын баруун хойд өнцөгт байдаг хонхороос энэ нуурын ус ундрах бөгөөд тэрхүү хонхор нь цайвар өнгөтэй нарийн шавартай. Хонхор нь 15 метр урт, 7 метр өргөн, хөл алдаж шигдэхээр гүн ажээ. Мал орж үхсэн тохиолдлууд байдаг бөгөөд яс нь төмрийн зэв мэт шаравтар өнгөтэй болсон байдаг байна. Тэр хонхорыг нутгийнхан Бумбаа гэнэ.
 
Тосон нуурын эдгээр шаврын орд нь микро элементээр баялаг бөгөөд 350 сая жилийн настай. Алдарт Сөнөсөн тэнгисийн шавартай найрлагаараа төстэй ажээ. Эмчилгээнд ашигладаг тосон шавар нь нянгийн эсрэг үйлчилгээтэй 12.851 г/л эрдэсжилтийн агууламжтай, наалдамхай, ямар ч ширхэггүй тослог байдаг. Шаврыг зөв технологийн дагуу эмчилгээнд ашигласнаар хүний биеийн эд эсийг тэтгэгч бодисоор баялаг анагаах чадвараараа хосгүй эмчилгээний бүтээгдэхүүн болдог. Найрлагандаа төмөр, зэс, хөнгөнцагаан, амин хүчлүүд, нүүрс устөрөгч, хүхэрт устөрөгч, азот даавар, антибиотек, витамин төст нэгдлүүд гэх мэтийг агуулдаг.
 
Аварга Тосонгийн рашаан сувилал тосон шаврыг тохирох хэмд халааж эмчилгээнд ашиглан олон төрлийн өвчин эмгэгийг эмчилдэг. Шавар эмчилгээгээр тулгуур эрхтний өвчин, захын мэдрэлийн тогтолцооны үрэвсэл, эмэгтэйчүүдийн өвчин, бүх төрлийн арьсны эмгэг, гэмтэл бэртэлийн дараах эмгэг, үрэвсэлт ба тэжээлгүйдлийн шинжтэй өвчнүүдийг анагааж засах боломжтой. Шаврын орд нь сувиллынхаа дэргэд байдаг учир тусгай тээвэрлэлт, хадгалалт хийхгүйгээр цоо шинээр нь эмчилгээнд хэрэглэдэг.
 
Аварга Тосон нэрний хувьд XIII зуунд Тэмүжиний гол ханлиг Хамаг Монголын нийслэл маягийн төв нь Аураг орд байсан гэж үздэг ба эдүгээ Тосон нуурын урд орших Хөдөө аралд хөрсөн доор туурь нь үлдсэн байдаг. Мөн Аураг ордын зүүн урд захад Аураг рашаан ундардаг нь одоо ч бий. Энэхүү Аураг нэр он цагийн явцад дуудлага нь “аварга” болсон гэж үздэг.