Шивээт Улааны цогцолбор

Булган аймгийн Баян-Агт сумын нутагт, сумын төвөөс 25 км зайд Хануй, Хүнүй хоёр голын цутгалангийн харалдаа голын хойд талд орших Шивээт Улаан хайрханы салбар жижиг толгойн орой дээр байдаг. (Хануй рашаанаас 10 км гаруй зайтай ба тус рашаанаас баруун урд зүгт Шарга нуурын хөвөөгөөр явж очиж үзэх боломжтой) Шивээт Улаан хайрхан нь энгэрээрээ олон жалга, улаан шаргал боржин чулуулаг элбэгтэй ба ар шил рүүгээ налсан, хагас дугуй хүрээ маягийн тогтоцтой. Шивээт Улаан хайрханы төв хэсэгт орших гол руу түрж орсон хошуу бүхий намхавтар уулын орой дээр эртний нүүдэлчдийн үлдээсэн дурсгал бий. Тэрхүү намхавтар уулын оройн хадыг тэгшлэн засаж, дээр нь барьж байгуулсан бөгөөд зүүнээс баруун тийш сунасан гонзгой дөрвөлжин зохиомжтой, хоёр хэсэг зааглагдсан хүрмэн чулуун хэрэм бүхий зүүн тийш харсан 120 х 45 метр хэмжээтэй байгууламж юм.

Дурсгалыг 1912 онд Финляндын эрдэмтэн Густав Иохан Фон Рамстедт олж илрүүлэн тус цогцолборын ерөнхий дэвсгэр зураг, сэргээсэн байдал, хүн хөшөөд, амьтдын баримал, тамга бүхий гэрэлт хөшөөний талаар анхны мэдээллийг гаргаж гэрэл зураг авч, мөн гар зураг үйлдсэн байдаг.  Түүний дараа 1927 онд буриад эрдэмтэн Балжи Бамбаев үзэж судлан тэмдэглэл үйлджээ. Дараа нь нутгийн иргэн Дамдинсүрэн тусгайлан захидал үйлдэж Судар бичгийн хүрээлэнд ирүүлсэн байдаг. Түүнээс хойш 1956 онд археологич Ц.Доржсүрэн, 1976 онд Түүх, археологийн хүрээлэнгийн археологич эрдэмтэн Д.Цэвээндорж Шивээт Улааны байгууламжийн дэвсгэр зургийг үйлдсэн. Дараачаар нь Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедицийн гишүүн В.В.Волков, С.Н.Кореневский нар дэвсгэр зургийн судалгаа хийсэн бол 1977 онд С.Г.Кляшторный, С.Харжаубай, 1996 онд В.Е.Войтов, 1997 онд Д.Баяр, В.Д.Кубарев, 2005 онд Б.Напил, 2007 ба 2015 онд Д.Кыдирали, Г.Бабаяров нарын судлаачид тусгайлсан судалгаанууд хийсэн. Түүхч Э.Жигмэддорж хүн хөшөөдийн ерөнхий төрх байдал нь Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагарын бунхант булшны ханын зураг дээрх хөрөг болон шавраар хийгдсэн баримлуудын төрх байдалтай тус төстэй хэмээн тэмдэглэжээ.

Дээрх эрдэмтэд Шивээт Улааны цогцолбор дурсгал нь Түрэгийн сүүл үе буюу 690 – 744 онд хамаарах Элтерес цолтой Кутулук хааны дурсгал хэмээн дүгнэсэн. Мөн хүн чулуу 9, чулуун арслан 4, чулуун хонь 4 байсан ба эдгээр чулуун хөшөөдийг галт уулын гаралтай хар саарал өнгийн чулуугаар урлажээ. Хүн хөшөөд нь гурвалжин захтай дээл өмссөн, захныхаа ар талд жижиг дөрвөлжин унжлагатай байдаг ба харин толгойнууд нь хугарч гэмтэн алга болжээ. Нэг хүн хөшөө нь баруун ташаандаа хавтага зүүж, хоёр гартаа бумба барьсан, өөр нэг нь сэлэм атгасан, баруун гараа элгэндээ авч, зүүн гараараа сэлэмний хуйн дээд хэсгээс барьсан, зарим нь хоёр гарыг хавсарсан, эсвэл ихэвчлэн зүүн гараар аяга, сав барьж цээжинд байрлуулсан байдалтайгаар дүрслэгдсэн байдаг. Бүс, хавтага, хутга, таяг зэрэг эд зүйлсийг чадмаг дүрсэлсэн бөгөөд зарим хөшөөний бүсийг нурууны хэсэгт хавчуулан урласан байна. Чулуун арслангийн гуян дээрх янгирын дүрс нь эртний Түрэгийн Ашина овогтны тамга гэж үзсэн байна.

2016 – 2019 онд ШУА-ийн түүх археологийн хүрээлэн, Казахстан улс дахь Олон улсын Түрэг Академийн хамтарсан хээрийн шинжилгээний анги малтлага судалгаа хийж дурсгалын бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан судалсан. Судалгааны багийг Монголын талаас Археологийн хүрээлэнгийн дундад зууны салбарын эрхлэгч, доктор А.Энхтөр, Казахстаны талаас Д.Кыдирали нар удирдан ажилласан. Тус байгууламж нь үүдний гаднах хөшөө чулууны суурь, зүүн хэрэм, баруун хэрэм, найман талт байгууламж, хөшөө чулууд гэсэн хэсгээс тогтож байгааг тогтоосон. Мөн байгууламжийг тойрсон 11 цонж байгааг тогтоосон. Байгууламжийн үүд зүүн зүгт хандсан ба 496 см хэмжээтэй. Байгалийн хад чулууг тэгшилж засаад хонхор газруудыг чулуугаар дүүргэж хоёр талын хэрмийн ханатай чацуу тэгш тавцан зассаныг судлан тогтоосон. Баруун, зүүн хэрмүүд адилхан хийцтэй ба тус бүр 60 см өндөрт байрладаг. Зүүн ба өмнөд хэрмээс баруун талын хэрэм өөд гарах тусгай хоёр замтай. Малтлагын явцад хүн хөшөө 2, арслангийн хөшөө 3-ыг нэмж шинээр нээж илрүүлсэн. Арслангийн хөшөөдийн хоёрыг нь гүюгийн хамт дүрсэлсэн байсан нь сонирхол татсан байна.

Шивээт Улааны дурсгалыг ихэнх эрдэмтэд Түрэгийн хаант улсын сүүлчийн хаадын нэг Кутулукийн дурсгалд зориулсан хэмээн үзсэн боловч сүүл үеийн лабораторийн болон харьцуулсан судалгаагаар 667 – 691 оны үед хамаарах Тэлэ – Уйгарын удирдагч нарт холбогдуулан авч үзжээ.

Энэхүү цогцолборын чулуун дурсгалуудаас нэлээдийг Архангай аймгийн Хайрхан, Булган аймгийн Баян-Агт сумын төв рүү музейн зориулалтаар зөөвөрлөсөн байсныг буцаан байрлуулах ажил хийгдсэн байна.  

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах