Цонжийн чулуу

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх жижиг хадан толгой бий. Хүний гараар бүтсэн юм шиг зургаан талтай баганууд ярайн тогтсон байх бөгөөд хүрмэн чулуун тогтоц юм. Хүрмэн чулуу нь халуун хайлмаг үедээ асар их даралтын нөлөөн доор олон талт багана хэлбэртэй болж тогтдог байна. Өөрөөр хэлбэл байгал эхийн урлан бүтээсэн нарийхан урт, шув шулуухан, зарим нь 5 метр хүртэл өндөр чулуун багануудын босоо урлан билээ. Хар саарал өнгөтэй бөгөөд өнгөлөх юм бол гялалзсан хар өнгөтэй болдог. Ийм зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд үүнээс өөр газарт байхгүй юм. Харин дэлхийд цөөн хэдэн газар байдаг бөгөөд hexagonal rock гэж нэрлэдэг. Нутгийнхны яриагаар Цонжийн чулуу нь одоо байгаагаасаа их хэмжээтэй байсан бөгөөд хятадууд урагш нь их зөөсөн гэлцдэг. Мөн Цонжийн чулуун дээр аянга их буудаг, буух үед чулуунууд нь бутарч хагардаг хэмээн ярьдаг. Цонжийн чулуунаас холгүй хамба шарилж ургадаг нэг толгой байдаг ба тэр газрыг Хамбын ширээ хэмээнэ. Хамба Зундуй гэдэг хүн Хятадаас энэхүү үнэрт шарилжийг авчруулан тариалсан гэдэг.