Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км зайд, харин Уянга сумын төвөөс баруун хойд зүгт 45 км зайд үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт өвөрмөц тогтоц бүхий найман нуур оршдог. Тэдгээрийг Хүйсийн найман нуур гэх бөгөөд Монгол орны төв хэсэгт Хангайн нурууны уулсын дунд д.т.д 2400 метрт өргөгдсөн байдаг. Тус газрын ихэнх хэсэг нь Уянга сумын нутагт байх агаад баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын бүрэлдэхүүнд нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн, хүн ам сийрэг суурьшсан газар юм. Хангайн нурууны гол хэсэг болох Шуранга, Гятруун, Битүү, Зэс улаан, Цэгээний хуниас, Ив зэрэг уул нуруудын араар, Орхон голын эхэнд орших ой хөвчит уулсын ам хөндийг дүүргэн оршдог учраас байгалийн маш өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байдлаараа эрс ялгардаг онцлогтой.
Хүйсийн найман нуурыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул хэмээх нуурууд бүрдүүлдэг бөгөөд д.т.д 2700-3165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 – 3000 м хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм. Найман нуур хоорондоо газар доогуурхи усны судлаар холбогдсон байдаг. Одоогийн байдлаар 2 дахь том нуур буюу Хүйсийн нуурын 10% орчим нь ширгэж, мөн 2 жижиг нуур нь бүрмөсөн ширгэсэн байна. Халиут, Бугат, Хүйс нуурууд нь жижиг гол горхиор холбогддог бөгөөд бороо хур багатай үед ус нь эрс багасдаг нуурууд юм.
Хойд талаараа галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройт уулсаар хүрээлэгдсэн ба бүсийн орчинд Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүгийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулс бий. Хангайн нурууны араар орших Ханбаян хэмээх галт уул дэлбэрч түүнээс урсах халуун хайлмал бодис царцан Цагаан-Азарга голын урсгалыг хааснаар үүсэж бий болсон нуурууд юм.
Хүйсийн Найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, ойн бүтцийн хувьд навчит ба шилмүүст ой голлон ургадаг. Ойн 85 хувийг Сибирийн хар мод, хушин ой эзэлж, 1 хувийг улиас бургасны төрлийн навчит мод эзэлдэг. Эрс ховордсон эмийн ургамал ургадаг.
Энд 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг. 50 орчим төрлийн шувууд байдгаас Монгол Улсын Улаан номонд орсон цасны хажир бүргэд, ухаа хажир бүргэд тэмдэглэгджээ. Эхний нуур болох Ширээт нууранд доктор А.Дулмаа анх загас үржүүлэх ажлыг зохион байгуулснаас хойш Халиут, Бугат нууранд Байгаль нуураас омуль загас авчирч үржүүлсэн байна.
Уянга сумаас Хүйсийн найман нуур руу явах замд Шурангийн цохио хэмээх том хадан чулуу тааралддаг. Энэхүү чулууг давуулан чулуу шидэж чадвал хүсэл нь биелэгддэг гэсэн домогтой.
Зам маш бартаатай боловч жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж баруун хойноос нь ирдэг. Найман нуур болон эргэн тойрны газрыг хамруулан нийт 11.5 га талбайг 1995 онд "Байгалийн дурсгалт газар" гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.