Хустайн нуруу - Байгалийн цогцолборт газар

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 100 км зайд оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо 34 км, хойноос урагш 26 км сунаж тогтсон, дунджаар 1500-1700 метр өндөр, 50.6 мянган га талбайтай нутаг дэвсгэр юм. Хустайн нуруу нь Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул бөгөөд хамгийн өндөр цэг нь 1843 метр өндөр Хөшөөт уул, хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг юм. Уулын орой, ар шилээр үзэсгэлэнт хусан ойтой бөгөөд ойн нийт талбай 2080 га газар хамарна. Нутаг дэвсгэрийн хувьд том биш боловч байгалийн бүс бүслүүрийн олон төрлийг багтаасан баялаг нутаг юм. Өмнөд хэсгээр нь Туул гол урсаж, түүний хөндий зурвасууд нь уулт хээртэй хил залгадаг. Хусан ойн зурвас нь Монголын ойт хээрийн бүсээс тасарсан багахан ойн сан бөгөөд эл бүс нутгийн ан амьтдад таатай амьдрах орчин болдог.

Хустайн Байгалийн цогцолборт газар нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг тахь (Equus ferus przewalskii Groves, 1986)-ийг нутагшуулахаар байгуулагдсанаараа бусад ТХГН-аас ялгаатай. Тахь нутагшуулах үйл ажиллагаа эхлэхээс өмнө энэ нутаг малчдын идэвхтэй ашиглалтын бүс байсан. 1992 онд Голландаас тахь авчирснаар 1993 онд Хустайн нурууг “Байгалийн нөөц газар”-ын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтанд авсан ба 1998 онд статусыг ахиулж “Байгалийн цогцолборт газар” болгон хамгаалсан. Хустайн нурууны ТХГН-ын бас нэгэн онцлог нь “хамгаалалтын менежментийг ТББ авч явдаг” зохион байгуулалт юм. Өөрөөр хэлбэл, “төр ба төрийн бус байгууллагын түншлэл”-ийг хөгжүүлж буй шилдэг газар юм. Эдүгээ Хустайн төв ТББ-д 54 ажилтан, байгаль хамгаалагч нар ажиллаж байна. Хустайн Байгалийн цогцолборт газрыг 2003 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын хөтөлбөр” (UNESCO Man and Biosphere Programme)-т бүртгэсэн. Харин Хустайн төв ТББ  2007 онд Дэлхийн байгаль хамгаалах холбоонд гишүүнээр элссэн.

Тахийг олон улсын судлаачид дэлхийд цорын ганц “зэрлэг адуу” хэмээн хүлээн зөвшөөрдөг боловч байгальд бүрмөсөн устаж болзошгүй хэмээн үздэг. Адууны овгийн бусад амьтдаас хамгийн сүүлд буюу 1881 онд шинжлэх ухаанд бүртгэгдэж 1969 онд байгальд устаж алга болсон. Харин 1900 оны эхээр Монголоос Европ руу зөөвөрлөсөн хэдэн тахийн унага өсөж үржин хоёр, гурван орны “амьтдын хүрээлэн”-д үлдсэн байжээ.

1992 оны 6-р сарын 5 буюу “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-өөр Голландаас төрөлх нутаг болох Монгол оронд 16 тахийг авчирч байгальд шууд тавьсан. Тэр өдрөөс хойш 4 удаагийн тээвэрлэлтээр 68 тахь нэмж авчран нийт 84 тахийг нутагшуулснаас хойш эдүгээ 400 тоо толгойд дөхөж дэлхийн хамгийн олон тахьтай нутаг болоод байна.

Хустайн Байгалийн цогцолборт газарт дэлхийн сүүлчийн, цорын ганц гэгдэх зэрлэг адуу – тахийг буцаан нутагшуулж чадсан. Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN) -ны “Зүйлийг авран хамгаалах комисс” (Species Survival Commission)-ийн “Адуу судлаачдын баг” (Equid Specialist Group)-аас Монголын 3, Хятадын 3, Казахстаны 1 газарт тахь нутагшуулахыг зорьсон боловч Хятадын нутагт аваачсан тахь Төв Азийн усны хомсдолоос үүдэлтэйгээр хашаалагдсан, хүний оролцоо ихтэй хэвээр байна. Казахстанд нутагшуулсан тахинууд тоо толгой өсөж үржихгүй байгаа учраас өөр газар шилжүүлэхээр судалж байгаа ажээ. Харин Монголд нутагшуулсан тахь нь байгальд бүрэн суллагдаж бие даан байгалийн жамаар өсөж үржиж байна. Тийм учраас Монгол Улсыг “биологийн төрөл зүйлийн конвенци”-д нэгдэн орсон үүргээ амжилттай биелүүлж байна хэмээн үнэлдэг.

1996 оныг хүртэл “Байгальд устсан – Extinct in the Wild” хэмээх ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай нутагшуулж тоо толгойг нь байгалийнх нь жамаар өсгөж чадсан учраас 2011 онд энэ ангиллаас гаргаж “Устаж болзошгүй – Endangered” гэх ангилал руу оруулж “байгалийн популяцитай боллоо” гэж дүгнэсэн. Хустайн нурууны нутаг дэвсгэрт амьтдын амьдрах тайван амгалан нөхцөл бүрдэж тахиас гадна өөр бусад ан амьтдын тоо толгой, нягтшил өсөж урьд өмнө нь энэ бүсэд байгаагүй амьтад өөрийнхөө зөнгөөр ирэн нутагладаг болсон. Тухайлбал, 1993 онд 50 хүрэхгүй байсан бугын тоо толгой 26 жилийн дотор 1300 тоо толгойд хүрсэн байна.

Газарзүй: Геоморфологийн хувьд Төв Азийн их мужийн Орхон – Сэлэнгийн мужийн Туулын дэд мужид хамаарна. Нутаг дэвсгэрийн 30% нь д.т.д 1200 – 1300м, 50% нь 1300 – 1500м өндөр. Нутгийн 80% нь уулархаг, уулын энгэр нь цавчим, чулуурхаг гударгуутай, ар нь налуу, зөөлөн хөрстэй. Голлох нуруудын ам, хөндийгөөр хурын усаар нэмж тэжээгддэг Хөшөөт, Хадан ус, Уст, Тариат, Баян, Жаргалант, Урт, Өвөр мойлт, Алтганатын ус гэх мэт жижиг горхи, булгуудтай. Эдгээрээс Баян, Жаргалант, Өвөр мойлт, Тариат, Хөшөөтийн усны эх орчим нь жилийн туршид байнгын урсацтай, өвөлдөө харзалдаг учраас зэрлэг амьтдын ус уух цэгүүд болдог.

Ургамал: Евроазийн хээрт мужид Дорнод Сибирийн хошууны Монгол – Дагуурын уулын ойт хээрийн тойрогт харъяалагдаг боловч Дундат – Халхын бүс рүү түрж байрласан учир завсрын шинжтэй ургамлын аймгаар баялаг, мөн эмзэг тогтолцоотой. Эдүгээ 65 овог, 246 төрөл, 493 зүйл гуурст ургамалтай. Үүнээс гадна 36 овог, 64 төрөлд хамаарах 208 зүйл гуурсгүй ургамал бүртгэгдсэн. Нийт ургамлын 89.6 хувийг өвслөг ургамал, 10.4 хувийг ой мод, сөөглөг ургамал бүрдүүлдэг. Нутгийн ихэнхийг хээр, уулын хээрийн ургамалжлын хэв шинж эзэлдэг. Хустайн нурууны нутагт нийлмэл цэцэгтэн 68 зүйл, биелэгтэн 56 зүйл, буурцагтан 51 зүйл, сарнайтан 33 зүйл, холтсон цэцэгтэн 24 зүйл бий.

Ойн сан: Монгол Дагуурын уулын хээр, хуурай хээрийн бүсээр хүрээлэгдэж Хэнтийн тайгын үндсэн хэсгээс харьцангуй алслагдаж арал маягтай тасарсан зурвас учраас хээрийн нөлөөнд нэлээд автсан, ой – ургамалжлын хувьд нийлмэл бүтэцтэй. Тухайлбал ой үүсгэгч үндсэн мод болох “ипполитийн хус”-наас гадна Сибирь – Хойт Монголын элемент, Монгол – Дагуурын хээрийн элемент тохиолддог. Мөн ойн өвслөг ургамлын хамт цармын хүйтсүү ургамал бага боловч тархсан. Ойн сангийн 66.2 хувийг хус мод зонхилсон “хус – улиангаран ой” эзэлдэг.  23.6 хувийг дан хусан ой, үлдсэн хувийг улиангар зонхилсон холимог ой эзэлнэ. Ойн сангийн талбайн 39.4 хувь нь бага зэрэг хатаж мөхсөн байдаг. Түймэр, ойн хөнөөлт шавьжийн хэт ихсэлт зэргээс шалтгаалан ойн хөвд, хөвдөн бүрхүүл, ялзмагт үе бүрэн устаж нарны гэрлийн шууд тусгалыг нөхцөлдүүлж цэвдэг хайлахад хүргэсэн. Цэвдэг нь хайлсан намагжуу хэсэгт торлог, хусаар нөхөн сэргээгдэж хөрсний ялзмаг нэмэгдэх боловч хусан ойн ууршуулах чадвар шилмүүст ойгоос 2 дахин илүү учир хөрс нь нягтаршиж хуурайшдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд Хустайн нуруунд бугын тоо толгой ихсэж байгаа боловч дэлхийн дулаарал, хүний үйл ажиллагаанаас хамаарсан цөлжилт, хуурайших явцын улмаас амьдрах үндсэн орчин хумигдаж байгаа тул тоо толгойг хязгаарлах нөхцөл байдал бий болж байна гэж үзсэн.

Хөхтөн амьтан: Амьтны аймгийн газарзүйн мужлалаар Монгол – Түвдийн мужийн Монголын уулын ойт хээрийн дэд мужийн Монгол – Дагуурын тойрогт хамаарна. Жижиг мэрэгчид, тэдгээрт шимэгчлэн амьдардаг паразит хорхойн бүлгэмдлийн судалгааг 2000 онд хийсэн. Судалгааны үр дүнд 4 зүйл эзэн амьтнаас 4 зүйл паразит хорхойг Монголд шинээр, 1 зүйл паразит хорхойг шинэ эзэн амьтнаас тус тус олсон нь Хустайн нурууны ТХГН нь харьцангуй бие даасан өвөрмөц экосистем болохыг илэрхийлж байна хэмээн дүгнэжээ.

Олон удаагийн судалгааны үр дүнд 7 баг, 16 овогийн 55 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн байдаг. “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” (CITES) -ийн I хавсралтын амьтдаас 1 зүйл хөхтөн, 5 зүйл шувуу, II хавсралтын амьтдаас 4 зүйл хөхтөн, 31 зүйл шувуу, Монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн амьтдаас 6 зүйл хөхтөн, 11 зүйл шувуу тус цогцолборт амьдардаг нь нэн ховор болон ховор амьтдын хувьд олон улсын ач холбогдол бүхий газар болохыг харуулдаг. Халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахайн тоо толгой өсөлттэй. Аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий зэрэг амьтад нүүдэл шилжилтийн үедээ цөөн тоогоор дайрч өнгөрдөг.

1990-ээд оны дундуур төвийн бүсийг дайрсан зээрийн томоохон нүүдлээс үлдсэн цөөн тооны зээр эдүгээ 600 тоо толгой, 2000 оны эхээр зөвхөн хавар намарт нүүдлийн үед үзэгддэг байсан аргаль угалз эдүгээ идээшин байршсан. Нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын ажигласнаар Туул голын урд биед цагаан зээр олноороо сүрэглэж гол хөлдөх үеэр хойш нүүдэллэж Хустайн нурууны хамгаалалтын бүсэд хүрч өвөлждөг болохыг тогтоожээ. Бор гөрөөс 8-16 бодгаль үзэгддэг нь идэш тэжээл, амьдрах орчин ижил амьтдын хувьд байршил нутаг нь хүрэлцэхгүй байх шалтгаан бий хэмээн үзжээ. Зэрлэг гахай 14 бодгалиар сүрэглэсэн тохиолдол бүртгэгджээ. Махан идэшт амьтдаас саарал чоно, шар үнэг элбэг, хярс, халздай дорго, мануул мий, шилүүс мий тоо толгой цөөн боловч байнга ажиглалтын дуранд орж ирдэг. Монгол тарвага нь хөрсний сийрэгжилт, сэлгэлт, эрдэсжилт, нөхөн сэргээлтэд чухал үүрэгтэй байдаг ба цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тоо толгой нь өсч буурч үзэгддэг. Гантай жилүүдэд тоо толгой нь цөөрдөг.

Тус цогцолборт газрын нутагт хамгийн түгээмэл тархацтай 1 баг, 2 овог, 2 зүйл хоёр нутагтан, 2 салбар баг, 3 овог, 3 зүйл мөлхөгчийг бүртгэсэн. Туул голын Хустайн бүсэд хамаарах хэсэг орчимд 5 баг, 10 овогт хамаарах 16 зүйл загас байгааг бүртгэсэн.

Шувуу: Хустайн нуруунд 16 баг, 40 овогт хамаарах 223 зүйл шувууг бүртгэсэн байдаг. 169 зүйл нүүдлийн шувууны 124 нь өндөглөн зусаж, 45 нь дайрч өнгөрдөг, 5 нь тохиолдлоор таарсан зүйл ажээ. Амьдрах орчин, тохиолдох биотопийн хувьд ус намгийн 75, ойн 62, тал хээрийн 41, хад асганы 34, өндөр уулын 5 зүйл бий. Олон зүйл ус намгийн шувуудын өндөглөн зусаж, үр төлөө бойжуулах, нүүдлийн үедээ түр идээшин амарч хүч тамир сэлгэх тааламжтай амьдрах орчин бол Туул гол, түүний сав нутаг юм. Дэлхийн хэмжээнд ховордож буй цэн тогоруу (Grus vipio), хар тогоруу (Grus monacha), хошуу галуу (Anser cygnoides), загасч явлиг (Pandion haliaetus), усны нөмрөг бүргэд (Haliaeetus leucoryphus) нүүдэл шилжилтийнхээ үед түр идээшин амардаг. Нохой тас (Aegypius monachus) элбэг, цармын бүргэд (Aquila chrysaetos), хээрийн бүргэд (Aquila nipalensis) зэрэг өдрийн махчин шувууд цөөн тоогоор үүрлэн өндөглөдөг.

Шавьж: Шавьжны хувьд Хустайн нуруу болон ойр орчмын нутагт 10 орчим багийн 90 гаруй овогт багтах 400 орчим зүйл шавьж байгааг тогтоосон. Ой, ой дагасан нуга, уулын хээр, молцог элс орчимд хоорондоо ялгагдах шавьжийн зүйлийн бүрдэл ажиглагдана. Ургамал идэшт шавьж зонхилох ба бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж болзошгүй зүйлд Phylloperthra horticola, Blaps rugosa, Carpocoris purpureipennis, Rhizofrogus solstitials, Hoplia aureda, Galeruca daurica, Gampsocleis sedakovi, Gomphocores sibiricus зэргийг хамааруулсан. Хус модонд Tortricidae овгийн навч хуйлагч эрвээхэй, Rhylloperthra horticola илтсэн сахалт цох, харганын төрлийн ургамлаар хооллогч буглаа цохнууд олшрох хандлагатай байгаа нь багахан нөөцтэй хусан ойг хөнөөх эрсдэлтэй. Ашигт шавьжнаас карабид цох, шоргоолж, начин хэмээх махчин ялаа бүртгэгдсэн. Мөн хортон шавьжийн авгалдайгаар хооллогч зараа ялаа, шонхор зөгий, шүрэн цохнууд харьцангуй элбэг. Мал амьтны ялгадас, сэг зэмийг идэж устган байгаль цэвэрлэж байдаг ашигт шавьж Apodius gregarious, Geotrupes amaenus, Necrophorus verpillo, Dermestes төрлийн цохнууд бий.

 

ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ: Бүс нутаг дахь чулуун дурсгалуудыг 2000 онд Хустайн төв ТББ-ын захиалгаар ШУА-ийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цогтбаатар, Я.Цэрэндагва, Ч.Амартүвшин нар судалж тайлан үйлдсэн байдаг. Хустайн нурууны энгэр бэл, ам хөндийд хүрэл зэвсгийн үед хамаарах эртний хүмүүсийн үлдээсэн дөрвөлжин булш 160 гаруй бий. Мөн дугуй болон дөрвөлжин хэлбэртэй 19 томоохон хиргисүүр байдаг ба тус бүр 8-9 чулуунаас бүрдсэн олон тооны дагуултай. Хиргисүүрүүдийг эртний хүмүүсийн оршуулгын болон тахилгын зан үйлтэй холбон тайлбарладаг.

Хустайн нурууны нутаг дэвсгэрт гадуураа хашлагатай болон хашлагагүй, ямар нэгэн зураг дүрсгүй 119 – 187 см өндөртэй чулуун хөшөө 3 байдаг. Ийм хөшөө чулууд Монгол орны төв, зүүн, баруун бүсэд элбэг тохиолдоно. Судлаачид хөшөө чулуудыг буган чулуу үлдээгч омог аймгуудтай холбон тайлбарласан. Уртын аманд НТӨ II – I мянган жилд хамаарах буган хөшөө нэг бий. Цогцолборт газрын онцгой бүсэд Алтанбулаг сумын Эхэн шар чулуут хэмээх газарт 10 гаруй сүг зураг байдаг ба ихэвчлэн янгир ямааг дүрсэлсэн байдаг. Баруун Мандалын өвөрт нэгэн суварганы туурь байдаг бөгөөд чухам хэдий үед хамаарах нь тодорхойгүй.

Өнгөтийн цогцолбор дурсгал: Монголд төдийгүй Төв Азид олдсон хамгийн олон буюу 30 орчим хүн чулуутай цогцолбор дурсгал юм. Монгол нутагт төр улс байгуулж байсан Түрэгийн хаант улс буюу YI – YIII зуунд хамаарна.  1976, 1978 онд археологийн хүрээлэн малтлага хийгээд орхисон байсныг Хустайн төв ТББ 2005 онд хуучин байснаар нь байршуулан сэргээж гадуур нь хайс хийж, 2007 онд боржин чулуун хөшөөдөд тусгай зориулалтын шингэн түрхэж гаднаас нь нэвчүүлэн бэхжүүлж, 2009 онд балбал чулуудыг босгож суулгах ажил хийжээ. Энд арслан, аргаль хонины чулуун баримал, хөшөөдөөс зүүн урагш зэллэсэн 552 ширхэг балбал чулуу байдаг. Хустайн төв ТББ нь БСШУЯ-тай гэрээ байгуулж “Өнгөтийн цогцолбор” дурсгалыг хамгаалах ажлыг 2001 оноос хойш сайн дураар гүйцэтгэж иржээ.

Хустайн нурууны бүс нутагт Луноба, Хустайн нуруу гэсэн хоёр бааз бий. Хустайн бааз нь өвөл зунгүй ажилладаг бөгөөд тэнд тахь нутагшуулах төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар баримтат бичлэг үзүүлж, Хустайн бүс нутгийн талаар мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн танхим, мэдээллийн төв ажиллуулдаг. Луноба бааз нь Молцог элсний захад байрладаг учраас ардын уламжлалт эмчилгээний арга бүхий сувиллын үйл ажиллагаа явуулдаг.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах