Хөх сэрхийн нурууны Дархан цаазат газар

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Ховд аймгийн Ховд сумын хилийн зааг нутагт Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болох Гурван цаст уулнаас зүүн урагш 50 км гаруй үргэлжлэн тогтсон том нуруу юм. Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 км зайтай оршдог. Оргил нь мөнх цаст Тахилтын уул бөгөөд д.т.д  4019 метр. Хөх Сэрхийн нурууны дэргэд Дэлүүний нуруу, Тахилтын нуруу, Нүцгэн хүрэн уул, Бүргэд уул,  Ар тэрэгт , Өвөр тэрэгт зэрэг мөстлөгийн хунх, асга нураг, гүн хавцал, ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс оршдог. 

 

Энд янгир элбэг байдаг учраас түүнийг нас гүйцсэн эр ямааны нэрээр Хөх сэрхийн нуруу гэж нэрлэжээ. Байгалийн мужлалаар өөрийн онцлогийг бүрэн төлөөлөхөөс гадна Монгол Алтайн нурууны байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрийг хангахад онцгой нөлөө бүхий нутаг юм. Энэ уулын байгалийн үзэсгэлэнт байдал болон аргаль, янгирийн нөөцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор уулын дээд биеийн 50 км урт, 20 км өргөн талбайг 1977 онд дархан цаазат газар болгож улсын тусгай хамгаалалтанд авсан. Мөн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн дагуу шинэ ангиллаар 1995 онд “дархан цаазат газар” ангилалд хэвээр үлдээж УИХ-ын 26-р тогтоолоор дахин баталгаажуулсан. 

Тус дархан цаазат газрын уулын ам хөндийгөөр Буянт голын цутгал болох Тэрэгт, Ямаат, Бургуйт, Бага Нарийн, Хөх Сэрхэт, Улиастай, Буриг, Аж жүрт, Хөх Сайр зэрэг олон гол горхи эх аван урсдаг. Мөн “Хара Жарых тас” гэдэг рашаантай.  

Газарзүйн онцлог: Хотгор гүдгэрүүд нь д.т.д 1800-4019.5 м өндөрт өргөгдсөн, эх газрын эрс тэс уур амьсгалтай, хуурайдуу, хагас цөлийн байдалтай өндөр уулын бүсэд байдаг. Тус нутгийн төв хэсэгт д.т.д 3753м өндөр Хөх Сэрхийн нуруу байрлах ба түүний зэрэгцээ 3433м өндөр Дэлүүний нуруу, хамгийн өндөр оргил болох 4019м өндөр Тахилтын нуруу, 3044м өндөр Нүцгэн уул, 3775м Бүргэд уул, 2755м өндөр Ар тэрэгт, 2478м өндөр Өвөр тэрэгт зэрэг мөсдөлийн хунх, нураг асга, гүн хавцал, ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс оршдог. Дархан газрын нийт нутаг өндөр уулын хур цас мөс, ян сарьдаг, уулын нуга, уулын хээрийн ландшафтаас голлон тогтоно.

Геологийн тогтоц: Чигэртэй голын ай савын байгалийн цогцолборт газарт Монгол Алтайн нурууны салбар болох Хайртын нуруу, Жаланыш, Энгэрлэг, Цагаан уул, Зүрх уул, Сарай,  Шивэр зэрэг томоохон уулстай. Уул нуруудын дундаж өндөр 2700-3600 метр хүрэх бөгөөд хамгийн нам цэг нь Чигэртэй голын хөндий 2305.5 м өндөрт оршдог. Хөх Сэрхийн нурууны гол ноёлог нь баруунаас зүүн тийш намссан хярын байдалтай орших ба түүний өмнөд талаар олон тооны тусгаар орших эгц цавчим оргилуудтай. Тус бүсэд дөрөвдөгч галавын мөстлөгийн ул мөрүүд сайн хадгалагдаж үлдсэн төдийгүй орчин үеийн мөстлөг гол ноёлох уулсын орой хяраар багагүй талбайг эзэлдэг. Гадаргын хувьд эгц цавчим хажуутай, мөстлөгийн хунх хөгжсөн, чулуун нураг, асгарга уулын ихэнх хажууг эзэлсэн байдаг. Энд хүйтний өгөршил эрчимтэй явагддаг. Ар хажуугаар тагийн дэнж нэлээд хөгжсөн.

Голуудын эхэн хэсгээр герцины атираашлын 400-240 сая жилийн өмнөх үед хамаарагдах девоны шаварлаг болон цахиурлаг занар, пермийн галавын гранодиорит тархсан. Мезозойн эринээс эхлэн одоо үе хүртэл геологийн урт хугацааны туршид эх газрын горим дангаар ноёрхдог. Шинэхэн тектоникийн хөдөлгөөн, уул үүсэх үйл явц 20 сая жилийн өмнөх миоцен, плиоцены эхэн үеэс идэвхжиж Алтайн уулт тогтолцооны өнөөгийн дүр төрх хэлбэржин тогтсон бөгөөд одоо ч үргэлжилсээр байдаг. Ууланд дөрөвдөгчийн сайр чулуурхаг сэвсгэр шороон хурдас нимгэн хучаас үүсгэдэг бол хөндий, хотгоруудаар мөсөн голын, делюви-пролювийн болон аллювийн гаралтай хайрга, чулуурхаг зузаан хурдсууд тогтжээ.

Хөрс: Хөрс ургамалжилтын хувьд босоо бүсшил үүсгэсэн. Уулсын оройн хэсгээр хөвд хагт уулын царам, бушилз-улалжит нуга, нураг асга ээлжилнэ. Доошлоод уулын нугын ба уулын нугат хээрийн бараан хөрстэй газраар бушилзат нуга, бушилз ботуульт уулын хээрийн ургамалшилтай. Уулын хээрийн бүслүүрийн доод захаар цөлөрхөг хээрийн бор,  цайвар хүрэн хөрс хаяалж тархах бөгөөд түүнээс дээш уулын хүрэн, уулын хар шороон, уулын нугат хээрийн заримдаг тагийн хөрс дараалан тархсан. Уул нуруудын орой, хярд уулын тундрын ширэгт ба сул хөгжсөн хөрс нэлээд тархсан байдаг.

Ой сан: Ургамалжилт уулын ар сугаар маш бага хэмжээгээр тааралдана. Ой бүрдүүлэгч нь шинэс бөгөөд үлдмэл шинжтэй тохиолдоно. Ой дотор Lonicera altaica, Rosa acicularis гэсэн хоёр зүйлийн сөөг, өвслөг ургамлаас Festuca altaica F.lenensis, Kobresia bellardii, Polygonum viviparum, Oxytropis alpina, Saussurea sumnevicz, Thаlіctrum minus гэх мэт зүйл ургана.

Ургамалжилт: Хөх Сэрхийн нурууны орчмын нутагт 29 овгийн 150 зүйлийн ургамал ургадаг. (Бекет & Цэнджав, 2009) Энд алтайн сонгино, ягаан мүгэз, вансэмбрүү зэрэг ховор ургамал, хөмүүл, алтайн сонгино зэрэг хүнсний ургамал, зээргэнэ, эмгээлж, ягаан башига, сибирь гандигар, барагшуун зэрэг эмийн ургамал ихтэй. Олон улсын Улаан номонд орсон вансэмбрүү, Монгол Улсын Улаан номонд орсон хонин арц элбэг тааралдана. Хөх Сэрхийн нурууны бэл хормой, хотгоруудаар сөөгөнцөр-сайрын хялганат, таана-сайрын хялганат, баглуур-таана-сайрын хялганат цөлийн хээр, ботууль дааган сүүл-невскийн ерхөгт, ботууль-невскийн ерхөгт, дэгнүүл үетэнт хээр (дэрвээн хазаар өвс, крыловын хялгана, саман хиаг), хуурай хээрийн ургамалшилтай байдаг. Дээш өгсөх тутам уулын хээрийн дэгнүүл үетэн (Festuka lenensis, Poa attenuate, Koeleria cristata), өндөр уулын хээрийн алаг өвс-дэгнүүлт үетэнт, өндөр уулын улалжит нугажуу Хээр (Carex pеdiformis, Festuka Lenensis, Poa attenuate, Koeleria cristata) -ийн хэв шинжүүд голлох шинжтэй болж ирдэг. Өндөр уулын хээрт олонхи тохиолдолд Stipa krylovii, Festuca Lenensis зонхилно.

Хөхтөн амьтан: Хөх Сэрхийн нуруунд ирвэс, алтайн аргаль, нохой зээх, хярс зэрэг дэлхийд ховордсон амьтад, буга, янгир, хойлог зэрэг Монголд ховор амьтад бий. Мөн үнэг, хадны суусар, асганы огдой, мануул, ахууна, хахилаг, ёл, шонхор, бүргэд байдаг. Өндөр уулын бүслүүрийн экосистемийн онцлогийг илэрхийлэх гол амьтдаас цоохор ирвэс (Uncia uncia), янгир ямаа (Capra sibirica), Алтайн аргаль хонь (Ovis аттоп аттon), тагийн огодой (Ochotona alpine ssp hoffmanni), Алтайн тарвага (Matmota baibacina), Алтайн хойлог (Tetraogallus altaicus), цармын бүргэд (Aguila chrysaeatos) зэрэг хөхтөн, мэрэгчид,  шувууд амьдардаг.

Мөн монгол тарвага (Marmota sibirica), гурт сүүлт зурам (Citеllus undulates), монгол огодой (Ochotona pallasi), бор туулай (Lepus tolai), саарал чоно (Canus lupus), шар үнэг (Vulpes Vulpes), хярс (Vulpes corsac), тарважи бүргэд (Aguila гарах), сар (Buteo hemilasius), зээрд шонхор (Falco naumanni), начин шонхор (Falco tіnnunculus) зэрэг ан амьтад, жигүүртэн элбэг тохиолдоно. Олон улсын Улаан дансанд орсон амьтдаас цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, тагийн огодой, зээрд шонхор, өгөөлэй шулганай зэрэг олон амьтан, шувуудыг дурьдаж болно. Мөн 57 гаруй зүйл шувууд тохиолдоно. Эдгээрээс үзэхэд Хөх Сэрхийн нурууны ДЦГ-ын амьтны аймаг дэлхийн шим мандалд үнэ цэнэтэй нутаг юм.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах