Хорьдол Сарьдагийн Дархан цаазат газар

Хөвсгөл нуурын баруун хэсгийн нутаг нь хотгор гүдгэр, ландшафтын хувьд нуурын зүүн хэсгийн нутгаас ялгарах өвөрмөц онцлогтой. Тийм учраас Хорьдол Сарьдагийн ДЦГ нь Хөвсгөлийн мужийн байгалийн онцлогийг бүрэн төлөөлж чадахгүй ажээ. Нэг талаар Алтай, Соёны физик газарзүйн их мужийн төлөөлөл болно. Нөгөө талаар байгаль газарзүйн болоод түүх, соёл, угсаатны зүйн өвөрмөц онцлогтой энэхүү нутгийг хамгаалах зорилгоор нийт 188634 га газрыг хамруулан 1997 онд УИХ-ын 47 тоот тогтоолоор “дархан цаазат газар” болгож улсын тусгай хамгаалалтанд авчээ. Дараа нь ДЦГ-ын талбайг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор өргөтгөж нийт 226672 га нутгийг хамруулсан.

Энэ бүсэд Нарт, Битүү, Хашаат хар, Мангууш уул болон Алтгана, Ар босгот, Бэлтэс голын эх орчмын нутаг хамрагдана. Хорьдол Сарьдагийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баянгийн нуруунаас Арсай хэмээх том хөтлөөр тусгаарлагдана. Хамгийн өндөр цэг нь 3130 метр өндөрт оршино. Мөн Битүү, Нарт, Ханжит хад зэрэг өндөр оргилуудтай. Өндөр уулын бүслүүр тод илрэхээс гадна ян сарьдагаас доошлоод уулын нуга, тайга, уулын хээр үргэлжилнэ. Эртний мөстөл болж байсан газрын талбай энэ нуруунд 3000 км.кв байжээ. Хорьдол Сарьдагийн нуруу нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Уулсын ар өвөр хажуугаас олон гол горхи эх аван урсдаг. Энэ нуруунаас эх аван урсах Арсайн голд Монголын хамгийн өндөр хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг. Тус Арсайн хүрхрээ нь тасалддаг бөгөөд бороо хуртай үед сүртэй урсана. Арсайн гол нь зүүн хажуунаас эх аваад зүүн хойшоо урсаж байгаад баруун тийшээ Хорьдол сарьдагийг сэтэлж Доод нуур руу чиглэн 126 км урсахдаа Усан Хужир зэрэг горхиор тэжээгддэг.

Газар зүйн онцлог: ДЦГ-ын ихэнхи нутгийг эзлэн орших Хорьдол Сарьдагийн нуруу нь Дорнод Соёны уулсын тогтолцоонд хамрагдах бөгөөд Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болно. Энэ нуруу нь каледоны атриат бүсэд хамрагдах бөгөөд дунд ба шинэ төрмөлийн эриний тектоник хөдөлгөөнд хүчтэй автагдан гадаргын байдал нь альпийн хэв шинжит уулсын төрхийг олсон. Түүний бүрэлдэхүүнд д.т.д 3093.3м өндөр Дэлгэрхаан, 3074.7м өндөр Урандөш, Нарт уул, 3077.8м Ханжит хад, 3033.8м Алхайн Гозгор зэрэг 3000 метрээс дээш өргөгдсөн өндөр уулс багтах бөгөөд олон тооны шовх оргилууд 2800 метрийн дундаж өндөртэй. Хамгийн өндөр оргил нь Дэлгэрхаан уул юм. Уулс нь ихэвчлэн урдаас хойшоо уртраг дагуу байршилтай ба хурц шовх орой, хянга хяртай, тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцал, хөндийгөөр ихээхэн хэрчигдсэн эгц цавчим хажуутай. Ялангуяа Дархадын хотгор руу харсан баруун хажуу нь маш эгц байх ба гол төлөв хад асга, нураг чулуулгаас тогтоно. Уулсын хажуу нь эгц учраас өндрийн ялгаа маш богино зайд өөрчлөгддөг онцлогтой. Ян сарьдагууд 2300 метрээс дээш сүндэрлэх ба өргөн 0.4-0.6км, зарим уулст 1.5-2.0км хүрнэ. Хорьдол Сарьдагийн уулсад хүйтний өгөршил эрчимтэй явагддаг хийгээд хэвгий, хэрчигдлийн шигүү ихтэй тул гадаргыг ихээхэн бартаатай болгожээ.

Геологийн тогтоц: Хорьдол Сарьдагийн нуруу нь ян сарьдаг, өндөр уулын нуга, ой тайга, уулын хээр хосолсон Хөвсгөлийн мужийн ландшафтын нийтлэг дүр төрхийг бүрэн төлөөлөх бөгөөд үүгээрээ ч тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд тодорхой байр эзэлдэг. Энд ян сарьдагаас эхлээд уулын хээр хүртэл олон хэв шинжийн ландшафтууд ялгарах бөгөөд уулсын эгц цавчим хажуу, шовх оргилууд нь байгалийн бусад хэсгүүдтэй нийлж ландшафтын өвөрмөц орчинг бүрдүүлнэ. ДЦГ-т тархсан ландшафтыг хэв шинж тус бүрээр нь товч дурьдвал,  

 

  • Асга чулуун хүрээ болон хаг хөвдтэй ян сарьдгийн ландшафт: Хорьдол Сарьдагийн нурууны оройн хэсгээр тархах бөгөөд гол төлөв чулуун хүрээнүүдтэй аж. Ургамалшил маш сийрэг буюу өндөр уулын оройн тэгш гадаргад намаг болон сул тогтворжсон хөрсөн дээр ургасан олон наст үет ургамал хаг, хөвд зонхилно.
  • Өндөр уулын тагийн ландшафт: Хад чулуу, асга бүхий хөрстэй, тэгшивтэр гадаргатай 2100-2300 метрээс дээш орших өндөрт тархах ба ян сарьдагуудын ар өвөр хажуугаас эх авсан голын хөндийн эхэн хэсэг бас хамрагдана. Нүцгэн сарьдагууд чулуун асгарга, хаг хөвдөт ба хаг-xөвд улалжит тундрийн тачир ургамлаар хучигдсан. Чулуурхаг газраар хаг хөвд түгээмэл бол нуга намгийн хөрсөн дээр бушилз, улалж, биелэг өвс, цагаан дэгд зонхилж ургахаас гадна сарьдагийн ёроол хавиар явган бургас, хус тачир сийрэг ургана. Энэхүү ландшафтын хэв шинж унах хур тунадасыг жигд тогтвортой барьж хуваарилах зохицуулах талаар үнэлж баршгүй ач холбогдолтой ба гол горхины эх нь чухамхүү энэ бүслүүрт байдаг.
  • Улалж-бушилзат өндөр уулын нугын ландшафт: Уулс хоорондын хөндий, хотос, голуудын татам дагуу тархах бөгөөд ургамлын төрөл зүйлийн хувьд ян сарьдагийн ландшафтыг бодвол нэлээд баялаг.
  • Уулын цэвдэгт тайгын хөрстэй шинэс-хушин тайгын ландшафт: Арсай, Бэлтэсийн голын эх орчмоор хэсэг хэсэг талбайд тархах ба ойд хуш, заримдаа цөөн тооны гацуур оролцсон шинэс голлоно. Харин олон төрлийн бутлаг ургамалтай.
  • Алиpc-xөвдтэй шинэст тайгын ландшафт: 1700-2200м хүртэл үнэмлэхүй өндөртэй газруудыг хамрах ба тайгад шинэсэн ой зонхилох боловч тайгын бүслүүрийн дээд хэсэгт хуш тархсан. Алаг өвс-хөвд бүхий шинэст, хөвд-сөөгт хушин ой өндрийн элемент үүсгэдэг.
  • Алаг өвс - хөвдөт ар хажуугийн шинэсэн ойн ландшафт: Томоохон голуудын эх, дунд биеэр болон Хорьдол Сарьдагийн нурууны баруун, зүүн бэлүүдээр тархсан. Дурдсан газруудад уулсын ар хажуу хөндийн ёроолоос эхлэн шилмүүст ойгоор хучигдсан байх ба ойн дээд хил нь дунджаар 2200 метрийн өндөрт хүрнэ. Ойд шинэс голлох боловч уулсын дээд хэсэгт шинэс-хушин ойтой. Энд олон төрлийн бутлаг ургамал ургана.
  • Үет ургамалт ойн ландшафт: Голын хөндий, нам уулсын налуу хажуу дахь чийглэг хар хүрэн хөрстэй. Хорьдол Сарьдагийн нурууны захын нам уулсын налуу хажуу, бэлийн чийглэг хар хүрэн хөрстэй газраар харьцангуй том талбайд тархана. Ойн бүсийн доод захаар бэлийн хэвгий багасах тутам шинэсэн ой сийрэг болж ой доторхи бутлаг, өвслөг ургамлын хувь нэмэгдэнэ. Бутлаг ургамал ойн зах, нуга хоёрын заагаар голлож ургана.
  • Голуудын татам дагуу үргэлжлэх намгархаг, мараалаг хээржүү хувилбарууд хосолсон нугын ландшафт: Голуудын хөндийн дунд, дээд хэсэгт тархана. Энд хур тунадас харьцангуй их унадаг, гүний усны түвшний гадарга газрын хөрсөнд ойр оршдог онцлогтой. Тийм учраас энэ хэв шинжийн ландшафт гол горхи ихтэйгээс гадна намаг их тогтоно.

Хөрс: Хөрсөн бүрхэвчийн тархалт нь өндөр уулын босоо бүсшилийн зүй тогтолд захирагдан экосистемийн өвөрмөц нөхцөлд зохилдон тогтворжсон бөгөөд уулын хормойгоос оройг хүртэл хөрсний хэд хэдэн босоо бүслүүр илэрнэ. Энэхүү өндөр уулын бүслүүрт тундрын ширэгт, тундрын глейт хөрс зонхилохоос гадна уулын нугын ба нугын хүлрэнцэр-ялзмагт хөрс нэлээд тохиолдоно. Харин тайгын бүслүүрийн дээд хил 2100-2300м байх ба энд уулын тайгын ердийн ширэгт, уулын тайгын карбонатлаг ширэгт хөрс голлохын хамт уулын ар хажуугаар тайгын цэвдэгт болон уулын тайгын чандруувтар хөрс тархсан.

Уулын тайгын цэвдэгт хөрс нь ойн дээд хэсгээр харьцангуй хүйтэн чийглэг газраар тогтворждог учраас ургамлын үлдэгдэл нь муу задарсан байдаг онцлогтой. Эндэхийн уулс эгц цавчим хажуутай, нарийн гүн хавцлаар хэрчигдсэн болохоор уулын хээрийн хөрс ховор, харин нураг чулуу, хад асга ихтэй. Нарийхан хөндий, хавцлын ёроолд нугат-намгийн болон намгийн цэвдэгт хөрстэй. Хорьдол Сарьдагийн нуруу нь шохойн чулуунаас голлон тогтсон тул эндэхийн хөрс карбонатлаг шинжтэй байдгаараа өвөрмөц.

Ойн сан: Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын нутаг дэвсгэр нь ургамал-газарзүйн мужлалтаар Алтай Соёны мужийн Хөвсгөлийн тойрогт багтдаг. Хөвсгөлийн тойрог нь баруун Хөвсгөлийн уулын таг, ой тайгын, зүүн Хөвсгөлийн ойн бүслүүр гэсэн 2 дэд тойргоос бүрдэнэ. Тийм учраас Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын ургамалжилт нь баруун Хөвсгөлийн уулын таг, тайгын шинжийг илэрхийлнэ. ДЦГ-ын 56168 га талбай ойгоор бүрхэгдсэн. Энэ бүс нутагт цармын ой тайга ба тайгажуу ой гэсэн өргөгдөл бүслүүрийн 3 бүрдэлд хамаарах ой элбэг тархсан.

Хар мод голлосон шинэсэн тайга зонхилно. Ой мод нь нэн шигүү учраас бутлаг, өвслөг ургамал харьцангуй бага талбайд тархсан байдаг. Ойн санг торлогт, хиагт, хаг-ногоон хөвдөт хушин ой бүрдүүлдэг. Эдгээр ой д.т.д 1900-2100м өндөрт тайгын цэвдэгт хүлэрлэг, ялзмагт хөрсөнд ургадаг. Ойд сибирь шинэс зонхилох ба уулсын ар хажуу, хунх дагаж ургадаг. Харин Дархадын хотгорын зүүн урд хэсэгт тэгш газрын гацууран ой бий. Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд ойн бүтэц, бүрэлдэхүүн, ой ургамалжилт, орчинзүйн тухайлсан судалгаа хийгдээгүй байна. Бутлаг ургамлаас ямаан арц, боролзгоно, сургар ургахаас гадна, олон зүйлийн эмийн ургамал, жимс элбэг ургана.

Ургамалжилт: Хорьдол Сарьдагийн нуруунд 69 овог, 262 төрөлд багтах 18 зүйл цоргот,  7 зүйл нүцгэн үрт, 750 зүйлийн дээд ургамал, 725 зүйлийн бүрхүүл үрт ургамал тэмдэглэгдсэн. Монгол Улсын Улаан номонд орсон вансэмбэрүү, алтайн сонгино, цагаан дэгд, их, бага саадган цэцэг, сэрхэн хөхөө цэцэг, ямаан сэртэг, алтан тэрэлж, ховор ховордсон ургамал болох сибирь агдаргана, буржгар сараана, тэмээн сүүлт харгана, сибирь алтан хундага, алтан гагнуур, дөрвөлсөн мүгэз, адамсын тэрэлж, эмийн болон ашигт ургамал ургадаг. Үүнээс намхан хус, алирс, сөөгөн боролзгоно, өргөст нохойн хошуу, ганц үрт зээргэнэ зэрэг 5 зүйлийн цайны ургамал, дэгдийн төрлийн ургамлууд, бага таван салаа, жавхаалаг башир, чонын өргөс, олслог халгай, вансэмбэрүү, эмийн бамбай, ягаан мүгэз, Сибирь алтан хундага, цагаан мөөг, алтайн ганга, шар яргуй, цагаан уул цэцэг, сибирь хуш, хуурамч хонин арц, сэрхэн хөхөө цэцэг зэрэг 26 зүйлийн эмийн болон ашигт ургамал, үхрийн нүд, алирс, хөх нэрсийг хүнсний ургамал ургадаг. Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын нутаг дэвсгэрт бүртгэгдэж тэмдэглэгдсэн ургамлын багагүй хувийг унаган ба ховор ургамал эзлэх бөгөөд хүмүүсийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалан нөөц нь багасах хандлагатай болсон.

Хөхтөн амьтан: Амьтны газарзүйн мужлалаар Умардын дэд их мужийн Тайгын муж, түүний Дорно сибирийн дэд мужийн Хөвсгөлийн тойрогт орших бөгөөд харьцангуй олон янзын амьдрах орчинтой ховор зүйлүүд багагүй байдаг. Тухайлбал, аргаль хонь (оvіѕ аттon), янгир ямаа (Capra sibirica), баданга хүдэр (Moschus moschiferus), халиун буга (Cervus elaphus), молцог хандгай (Alces alces), бор гөрөөс (Capreolus capreolus), хүрэн баавгай (Ursus arctoc), ойн булга (Martes zibellina) зэрэг болно. Мөн энд Монгол орны хэмжээнд устсан гэж үзэж байсан улаан чоно, нэн ховор цоохор ирвэс байдаг тухай мэдээ байдаг нь ховор зүйлүүдийн оршин амьдрах нөхцөл алдагдаагүйг илтгэнэ. Хорьдол сарьдагийн нуруунд Монгол орны хойд хэсэгт орших аргаль хонины тасархайцсан явц хадгалагдан үлдсэн байдаг.

Хөвсгөл орчимд нийт 68 зүйлийн амьтан бүртгэгдсэн. Үүнээс шавьж идэштэн 10, гар далавчтан 5, туулай хэлбэртэн 5, мэрэгчтэн 21, мах идэштэн 18, туруутан 8 зүйл амьдардаг. Хорьдол Сарьдагийн ДЦГ-т сээр нуруугүйтэн амьтдын зүйлийн бүрэлдэхүүний хувьд тодорхойгүй бөгөөд зарим судалгаагаар 340 гаруй зүйлийн сээр нуруугүйтэн бүртгэгдсэн мэдээ бий.

Шувуу: Хорьдол Сарьдаг орчимд Монголын нийт шувуудын 34.2 хувь буюу 100 гаруй зүйл шувуу тэмдэглэгдсэн байна. Эдгээрээс суурин 20, нүүдлийн (өндөглөдөг) 28, дайрч өнгөрдөг 6, ирж өвөлждөг 1, тохиолдлоор үзэгддэг 3, байршил нь тодорхойгүй 2 зүйл шувуу байдаг. Энд агнуурын 5 зүйл, Монгол Улсын Улаан номд орсон болон Монгол Улсын хуулиар агнахыг хориглосон 3, хүнтэй газар, айл, хот суурин бараадан амьдардаг синантроп зүйл 2 бүртгэгдсэн.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах