Хар-Ус нуур - Байгалийн цогцолборт газар

УИХ-ын 1997 оны 3-р сарын 13-ны 47 дугаар тогтоолоор Хар-Ус нуурын сав газрыг Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Хамгаалалтын захирааг Байгаль орчны сайдын тушаалаар 1997 оны 9-р сарын 8-нд байгуулж хагас жилийн дотор 12 ажилтантай болж үйл ажиллагаа жигдэрсэн. 2020 оны байдлаар 19 ажилтантайгаар Хар-Ус нуурын БЦГ-ыг хамгаалан ажиллаж байна.

Газарзүйн онцлог: Монгол орны байгалийн мужлалын хувьд хаана ч давтагдахгүй өвөрмөц дүр төрхтэй бие даасан мужийн нэг болох Их нууруудын хотгор руу Монгол Алтай нуруу, Хангайн салбар уулс түрж орж ирсний улмаас бие биенээсээ харьцангуй салангид хэд хэдэн хотгорыг бий болгосны нэг нь Хар-Ус нуурын хотгор юм. Хар-Ус нуурын сав газар нь Их нууруудын хотгорын төв хэсэгт байрлах бөгөөд нууруудын хөндийн төв хэсэгт Жаргалант хайрханы нуруу үлэмж талбай эзлэн оршдог учир энэ хотгор нь физик газарзүй, геоморфологийн хувьд өвөрмөц онцлогтой.

Геологийн тогтоц: Геологийн тогтоцын хувьд Умардын атириат мужид хамаарах ба рифейн, фанерозойн далайн хөгжилтэй дээд эрт төрмөлийн уул үүслийн бүтэцтэй геологийн олон янзын хувьсал өөрчлөлттэй нутаг юм. Чулуулагаас гнейс, профорит, туф, амфиболит, шохойн чулуу, хүрмэн чулуу, боржин, элсэн чулуу зэрэг нь Хар-Ус нуурт мөн далайн үе шатны тунамал чулуу Жаргалант хайрхан уулын бэл хормой, нуурын сав хөндийгөөр дөрөвдөгч үе болон орчин үеийн нуурын хурдас, делюв, пролювын хурдсууд ихээхэн тархсан байна. Жаргалант хайрхан ууланд рифейн болон кембрийн габро гранодиорит, баруун урд талаар нь хүрэн нүүрсний үетэй элсэн чулуу, алевролит тархсан. Жаргалант хайрхан уулын зүүн хажуугийн нам уулсаар шохойлог, шүлтлэг бүлгийн тоналит, диорит, гранодиорит зэрэг гүний чулуулгууд тархсан байдаг. Хар-Ус, Хар, Дөргөн нуурын сав хөндийгөөр юрийн үед хамаарах эх газрын ба нуурын ёроолд үүссэн улаан, алаг өнгөт, саарал өнгөт элс хайргархаг чулуулагтай. Жаргалант хайрхан уулаас Хар-Ус нуурын налуу гадаргад дөрөвдөгч үеийн элс хайргархаг чулуулаг тархсан байдалтай.

Ашигт малтмал: Мянгад суманд строниц ихтэй флюрит байдаг ба энэ нь шүлтлэг ихтэй чулуулаг юм. Мянгад сумын Халзан Бүргэдэй ууланд хайлуур жоншны ордтой. Хар-Ус нуурын БЦГ-ын нутаг дэвсгэрт багтах Мянгад, Дөргөн сумдын нутагт барилгын материал болох ашигт малтмал, шохойн чулуу, элс, шавар, хужир марз, давс элбэг байдаг.  

Уур амьсгал: Уур амьсгалын мужлалаар Их нууруудын хотгорын бие даасан муж болгон авч үздэг. Их нууруудын хотгор нь тал бүрээсээ өндөр уулсаар хүрээлэгдсэн учир баруун зүгээс ирэх чийгтэй агаарын урсгал орж ирдэггүй. Харин зүүн ба зүүн урд талаасаа нээлттэй тул Төв Азийн их цөлийн хуурай уур амьсгал саадгүй нэвтэрдэг. Энэ онцлогийн улмаас Хар-Ус нуурын БЦГ-ын бүс нутаг нь цөлөрхөг шинжтэй.  

Ойн бүс, ургамалжилт: Нарийн гол, Ховд голын цутгалын хэсгээр эрэг дагасан бургасан төгөл байхаас гадна цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн хилийн дотор Ховд аймгийн Чандмань сумын нутаг дахь Баянхайрхан, Даргат, Хойт голын хэсгээр жижиг голын татмаар хусан ой тархсан байна. Эдгээр жижиг төгөлүүд нь олон жилийн настай бөгөөд нягтшилын хувьд сийрэгжсэн ой юм. Мөн Хар-Ус нуурын БЦГ-ын онцгой бүс болох Жаргалант хайрхан уулын зарим хэсгүүдээр уулын ам, салаа дагасан бага хэмжээний газар тархсан бургас, улиас зэрэг модтой.

58 овгийн 234 төрөлд хамаарах 457 зүйл ургамал бүртгэгдсэн байдгаас 90 зүйл нь эмийн, 13 зүйл нь Монголын Улаан номд орсон, 9 зүйл нь үлдэц ба завсрын унаган, ховор нийт 60 зүйл ургамал ургадаг. Ганц навчит салжир, цагаан бөлбөө, алтан саахуу цэцэг, эгэл шагшуурга зэрэг нь сонирхолтой зүйл юм.  

Зөвхөн энэ бүсэд ургадаг эндемик 19 зүйл ургамал байдаг. Монголын Улаан номд багтсан 86 зүйлээс 22 зүйл нь Хар-Ус нуурын БЦГ-т тохиолддог бөгөөд түүний 13 зүйл нь нэн ховор, 9 зүйл нь ховор гэсэн статустай. Нийт ургамлын 4.5% нь сөөг, 1.2% нь модлог ургамал, 94.3% нь өвслөг, 18.1% нь унаган ба завсрын унаган, нэн ховор, ховор ургамал эзэлдэг.

Талархаг гадаргатай хайргархаг хэсгээр өдлөг хялгана-бударганат (багалуур, улаан бударгана, сөөгөн лууль оролцсон), өдлөг хялгана-агьт (төлөгчдүү боролзой оролцсон), өдлөг хялгана-хазаарганат цөлөрхөг хээр зонхилон тархсан. Хотгорын дагуу баглуурт ба багалуур – бударганат хээржүү цөл тархсан. Нуурын эргэн тойрны болон нуурын дундаж арлын хулсан шугуй, нуурын захын шавартай намаг, усны ургамал бараг судлагдаагүй байна.

Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрогт хамаарагдах Хар-Ус нуурын энэ хэсэг нь нэлэнхүйдээ тачир сийрэг ургамалтай, гандуу байдаг учраас нууруудын эргэн тойрон, голын татмын дагуух бэлчээр нутаг нь хэт талхлагдаж, аж ахуйн үйл ажиллагаанд бүхэлдээ өртсөн.

Хөхтөн амьтан: 6 багийн 14 овгийн 54 хөхтөн амьтан бүртгэгдсэн. 11 зүйл нь ховор, нэн ховор статуст хамаарна. 44 зүйлийн жижиг хөхтөн амьдардаг нь тухайн экосистемийг тогтвортой байлгах нөхцөл болох бөгөөд жижиг мэрэгчдээс Төв Азийн минж, тавал атигдаахай бий. Ховд голын минж 100-150 тоо толгойд хэлбэлздэг.

  • Цоохор ирвэс - Snow Leopard - (Uncia): Байгалийн нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны Улаан ном, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай 1973 оны CITES-ийн конвенцийн 1 дүгээр хавсралтанд бүртгэгдсэн дэлхийн ховор амьтдын нэг юм. Цоохор ирвэсийг 1972 оноос агнахыг хориглосон. Жаргалант хайрхан ууланд идэш тэжээл болдог аргал, янгир, хойлог зэрэг амьтны байршил дагаж хад бартаа бүхий газраар амьдардаг. Цогцолборт газрын хэмжээнд Жаргалант хайрхан уулын хэсэгт 40 орчим бодгаль бий гэж үзсэн.
  • Монгол бөхөн – Mongolian Saiga Antilope (Saiga tatarica mongolica): Их нууруудын хотгор болон нууруудын хөндийд хэсэг газарт тархсан, өөр хаана ч байхгүй Монголын унаган, нэн ховор, Монголын Улаан номд орсон амьтан. Хар-Ус нуурын баруун талд орших Манханы нөөц газарт 1982 онд 130 гаруй тоологдсон. Сүүлийн жилүүдэд Дөргөний хүрэн талд нүүдэллэн нутагшсан бөгөөд байгаль хамгаалагчдын яриагаар 200 орчим тоо толгой бий. 
  • Зэгсний гахай  (Sus Scrofa): Хар-Ус нуурын зэгсний гахай 1972 онд 200 гаруй толгой байсан боловч өвчнөөр болон хууль бус агнуурын улмаас 50 хүртэл буурч аюултай байдалд орсон. 2012 оны судалгаагаар нуурын Цагаан булан, Далай нуурын өтгөн зэгсэн хэсэгт 120 болж өссөн мэдээ бий.

 

Шувууны зүйл: 14 багийн 38 овогт багтах 136 зүйл шувуу бүртгэгдсэн. Олон улс болон нутгийн хэмжээнд ховордсон 17 зүйл шувууд бий. Монголын Улаан номонд орсон 35 зүйлээс 11 зүйл нь энд бий.

  • Борцгор хотон - Dalmatian pelican (Pelicanus crispus): 1957 онд Хар-Ус нуурын Шувуун цуглаан гэдэг газар 400 гаруй хотон байжээ. 1976 онд 40-50 хос хотон өндөглөн зусаж байснаа 1994-1996 онд ажиглагдаагүй байна. 2013 оны судалгаагаар Цагаан голын хэсэгт 62 тоо толгой хотон байгааг тогтоосон.
  • Цагаантолгойт Ямаансүүл - White-headed Duck (Oxyuraleucocephala): Энэ шувууны хувьд Монгол дахь гол үржлийн газар бөгөөд Цагаан голын арал дунд 80 орчим тоо толгой байгааг бүртгэжээ.
  • Цагаан дэглий - Egretta alba (Ardea alba): Цагаан голын арал, Шувуун цуглаан блон Сал татдаг зэрэг газруудад томоохон хэмжээний үржлийн колониуд бүртгэгдсэн бөгөөд нэг колонид ойролцоогоор 80-100 үүр бүртгэгдсэн байна.

 

Загасны зүйл: Хар-Ус нуурын БЦГ-т 3 овгийн 4 зүйл загас тархсан бөгөөд цэнгэг болон давстай усанд зохицон амьдрах зохилдлоготой Монгол орны унаган зүйлүүд юм.

Монгол хадран – Mongolian Grayling (Thymallus brevirostris): Хар-Ус нуурын БЦГ-ын Хар ус, Хар, Дөргөн, Ногоон нууруудаас гадна үржлийн үедээ Ховд гол, Буянт голыг өгсөж амьдардаг. 2000 оны судалгаагаар Хар-Ус нууранд 10тн, Хар нууранд 15 тн, Дөргөн нууранд 9 тн Монгол хадран загасны нөөц байгааг тогтоосон байдаг.

 

ХАР-УС НУУР: Монголын том нууруудын нэг Хар-Ус нуур нь 1153 км.кв талбайтай, 72км урт, 26км өргөн, эргийн урт 306.8 км, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан  1997 онд 850272 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авсан. Их нууруудын хотгор дахь бүлэг нууруудын дотор орших цэнгэг устай, том талбайтай урсгал нуур боловч маш гүехэн, хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг.

Хар-Ус нууранд том, жижиг 10 гаруй арал байдгаас хамгийн том нь 30км урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб арал бөгөөд тэрээр Хар-Ус нуурыг хойд, урд гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Энэ хойд, урд нуурыг 50-100 метр өргөн, 20 км урт Лүн-Юм гэдэг хоолой холбодог.

Хар-Ус нуурын усжих талбайн 70% нь Ховд голын сав газарт хамаарна. Монгол-Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт, Цэнхэрийн голууд илүүдэл усаа ууршуулахын хамт 40км урт, 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор дамжуулан Хар-Ус нуурт өгдөг.  Чоно харайхын гол Цагаан голын адагаас эх авч 40 км урсан Хар-Ус нуурын Хар нуурт цутгадаг. Хар нуур 37км урт, 24км өргөн, эргийн шугамын урт 158км бөгөөд 575км.кв талбайтай. Хар нуур цааш Хомын хоолой хэмээх 200 метр урт, 12 метр орчим өргөн усан сүвээр дамжин Дөргөн нуурын усыг тэтгэдэг ганцхан эх цутгал юм. Дөргөн нуурын урт 24км, өргөн нь 17км, эргийн шугамын урт 79.4км, талбай нь 305км.кв. Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуурууд, Чоно харайхын гол, арлуудтайгаа нийлээд талбай нь 2732 км.кв болох бөгөөд Монголын томоохон усан сан болно. Хар-Ус нуурын арлууд 3 аймаг, 10 сумын малчдын өвөлжөөний нутаг болдог.

Хар-Ус нуурын БЦГ-ын тогтоцыг судлаачид, жуулчид гайхамшигтай хэмээн үнэлдэг. Цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс нь байгалийн урлан мэт оршдог. Гэвч тус нуурын эргэн тойронд хүн ам, малын тооны улмаас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч эхэлсэн. Нуурын эрэг хөвөөгөөр зусдаг айлууд зэгс хулсыг нь хайр найргүй устгаснаас болж Ховд, Буянт голын бургас бут сөөг багасан, нуурыг тэжээдэг олон салаа гол хатаж ширгэжээ.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах