Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км зайд Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замаас 4 км зайд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 370 х 380м өргөн, гүн нь 50-60м, суурийн диаметр хааш хаашаа 1 х 1км, гайхамшигтай тэгш хэмтэй юм. Тогоондоо 20м орчим голчтой, 1.5м гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.
Уран уулаас урагш 12 км зайд Тулга, Тогоо, Жалавч уулууд оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед Хожуу плейстоцен буюу одоогоос 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Хоргын тогооноос харьцангуй хөгшин гэдэг нь галт уулын тогоо нь үржил шимт хөрс шороогоор хучигдаж, өвс ургамал, мод бут ургаснаар нь шууд тодорхойлж болно. Уран тогоо уулаас урагш 80 км зайд Могод суманд Хулжийн халуун рашаан байрлаж байгаа нь энэ бүс нутгийн дор халуун магмын суурь холгүй байгаа гэдгийг илэрхийлнэ.
Тулга уулын тогоо нь зүүн хойш, урагш, баруун хойш сэтрэн элэгдэж эвдрээд гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч уул байх бөгөөд өрхний амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Жалавч уул д.т.д 1560 метр. Эдгээр уулсыг 1965 онд улс хамгаалалтанд авч “Байгалийн дурсгалт газар” болгожээ.
Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.
Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ам амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтэн улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна. Тогоо уулын хавь нутагт булш, хиргисүүр нэлээд бий.
Эх сурвалж: Монгол орны лавлах