Хангал нуур БДГ

Хангал нуур нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Хан Хэнтийн нурууны баруун урагш намссан хэсэгт, Хурхын гол ба түүний цутгал Жаргалант гол хоёрын хооронд оршдог мөстлөгийн гаралтай нуур юм. Хэнтийн нурууны баруун өмнөд хэсгийн налуувтар хажуу нь делюви, пролювийн сэвсгэр хурдсаар илүүтэй бүрхэгдсэн.

Хангал нуур тектоник хөдөлгөөнөөс үүссэн хонхорт тогтож, хадтай, модтой уулсаар хүрээлэгдэн д.т.д 1326м өндөрт оршдог.  Хангал нуурын урт нь 2км, өргөн нь 500-1200м, талбай нь 1.5 км.кв. Усны тунгалагшилт 1.6м хүртэл, хамгийн гүн нь хойд хэсэгт 2.3 м хүрнэ. Нуурын өмнөд хэсэгт усны захаас 10-15м зайтай 1.5м орчим өндөр далан байдаг. Урьд өмнө далангийн өндөр 100м хүрдэг байсан боловч усны урсгалд идэгдсээр намсаж, улмаар сэтэрч жижиг ховил үүссэн байна. Энэ ховилоор жижиг горхи урсаж Жаргалантын голд цутгадаг учраас Хангал нуур нь урсгал нуур болно.

Хангал нуурын бүсэд ойт хээрийн бүсийн ялзмаг багатай бараан хөрс зонхилж, механик бүрдлээр элсэнцэр хөрс тархсан байдаг. Нуурын эргэн тойронд өвслөг ургамал шигүү ургаж төгөл үүсч тогтворжсон, ойн шигүүсэл ерөнхийдөө сийрэг юм. Ойн сөөг ургамлаас бургас, далан хальс, нохой хошуу, харин өвслөг ургамлын зүйлээс сибирь шимтэглэй, мягмансанж, холтсон цэцэг, торгон шарилж, гүзээлзгэнэ зэрэг ургамал голлон ургадаг.

Хангал нуурын байгалийн үзэсгэлэнт тогтоц, буган хөшөөдийн тархалтын зүүн хязгаар хил болсон Дунд Жаргалантын буган хөшөө зэрэг түүхийн дурсгалыг хамгаалах зорилгоор УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор “байгалийн дурсгалт газар” ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авсан.

Хангал нуурын байгалийн дурсгалт газарт амьдардаг ховор зэрлэг ан амьтдыг төлөөлүүлэн зүүн талд нь буга согоо хоёрын баримал, баруун талд нь хандгай зэрэг амьтдын дүрс бүхий хөшөө бий.