Орхоны хөндийн БЦГ

Орхоны хөндий нь археологийн болон түүх соёлын олдвороор нэн баялаг бөгөөд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Төвхөн хийд, Эрдэнэзуу хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд оршиж байдаг. Ийнхүү олон зуун жилийн турш Азийн соёлын ихээхэн хэсгийн цөм болсон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилд их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр Орхоны хөндийд буй Эрдэнэзуу хийд, Хархорум хотын туурь, Төвхөн хийд зэргийг 1996 онд дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай хамгаалалтанд орсон билээ.

Орхоны хөндийг 2006 онд өндөр уулын ойт хээр, голын хөндийн татмын нуга түүний экосистемээр “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Түүх, соёлын дурсгалт зүйлсээрээ Дэлхийн соёлын өвийн хамгаалалтанд орсон. Орхоны хөндийн БЦГ-т Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумууд, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумын нутгийг хамран оршдог. Нийт 364358 га нутгийн 11500 га нь Хүйсийн найман нуурын дурсгалт газар эзэлдэг.

Хамгаалалтын захиргаа: Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн байгаль орчныг онгон төрхөөр нь хамгаалах, тус бүс нутагт эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах, газарзүйн онцлогт нь тохируулан шинэ дэд бүтэцийг хөгжүүлэх зорилгоор Байгаль орчны сайдын тушаалаар 2006 онд хамгаалалтын захиргааг байгуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байршуулжээ.  Энэхүү хамгаалалтын захиргаа нь Орхоны хөндий орчмын нутаг, Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна.

Газарзүйн тогтоц: Орхоны хөндийн БЦГ нь Монгол орны физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хангайн уулт их муж, Хангайн өндөр уулын муж, Дорнод Хангайн дэд мужид хамаарна. Гадаргын  хувьд Орхон Сэлэнгийн сав газрын бэсрэг уулс, Орхон голын өргөн хөндий гэсэн хоёр хэсгээс тогтоно. Нутгийн гадаргын зонхилох хэсгийг бэсрэг уулс, намхавтар гүвээ жижиг толгодын зэрэгцээ Орхон гол, түүний цутгал жижиг голууд, уулс хоорондын ам, өргөн нарийн хоолой хөндий, тэгш талууд эзэлнэ. Уулсын хувьд 2377м өндөр Хутаг уул, 2312м өндөр Өндөр овоот, 2227м өндөр Шивээт улаан, 1863м өндөр Их бэрх, 1646м өндөр Их Арцат уулс оршдог. Орхон голын сав дагуу Хангайн нурууны зүүн урд үзүүрийн өндөр уулын тайгархаг ой, уулын ойт хээр, голын хөндийн нуга, хуурай хээр гэсэн байгалийн олон янзын төрх байдал хосолсон байдаг.

Геологийн тогтоц: Хангайн нурууны уул нурууд нь эх төрмөлийн эринд явагдсан герциний хөдөлгөөнөөр анх өргөгдсөн бөгөөд уулс нь элэгдэлд өртөж уулсын орой нь тэгш, хавтгай зоо хэлбэрийн, эсвэл бөмбөгөрдүү хэлбэрийн орой хяртай, ар хажуугаараа ой модтой, хажуунууд нь ихэвчлэн бага налуутай байдаг. Хангайн нуруу нь гуравдагч галавын сүүлч, дөрөвдөгч галавын эхээр явагдсан Альпийн уул үүсэх хөдөлгөөнөөр сэргэж хэлбэршсэн тул Монгол орны баруун болон хойд зүгийн нутагт нэн хүчтэй нөлөө үзүүлснээр Алтай, Хангай, Хэнтийн нуруу одооныхоо хэлбэр дүрсийг олж авсан. Хангайн мужийн хотгор гүдгэр тогтоход тектоник хөдөлгөөн нэн үүрэг рольтой байсан бол түүнийг өөрчлөн өнөөгийн төрх байдлыг олоход  эртний мөстлөг, хүйтний өгөршил, усны элэгдэл зэрэг гадаад хүчин зүйлс ихээхэн нөлөөлсөн байна. Хангайн нуруунд дээд, дунд кембри, доод, дунд девон, дээд чулуун нүүрс перми, дээд триас юрийн галавт үүссэн боржин чулуу зонхилох ба гранодиорит, граносиенитадамеллит, плагиогранит мэтийн боржингийн төрлийн магмын чулуулаг элбэг тархсан. Мөн хувирмал занар, элсэн чулуу, хүрмэн чулуу зэрэг чулуулаг элбэг тохиолдоно. Хангайн нурууны геологийн бүтцэд боржин чулуу ихээхэн суурь эзлэхийн зэрэгцээ хувирмал занар, элсэн чулуу, хүрмэн чулуу зэрэг чулуулаг элбэг тохиолдоно.

Хөрсөн бүрхэвч: Орхоны хөндийн БЦГ нь хөрсний хувьд Хангайн мужид хамрагддаг. Энэ нутагт нэлэнхүйдээ, мөн уулын бэл хормойгоор хар хүрэн, хүрэн хөрс голлон тархсан. Хангайн нурууны хөрсний үүсэл хөгжил, тогтоц, шинж чанар, үржил шимээрээ жигд бус, байгаль, уур амьсгал, хөрс, газарзүйн нөхцөл нь нэг талаас ойт хээр, хээр, нөгөө талаас уулт тайга, уулт нуга, уулт хээр гэх мэт онцлог шинжтэй.

Хангайн нурууны бэсрэг уулс, ухаа гүвээ, цав толгод, уулс хоорондох хөндийгөөрөө ойт хээр ба хээрийн бүсэд өргөн тархалттай уулын, эсвэл тал хээрийн хар хүрэн, хүрэн хөрс зонхилдог.  Том, жижиг голын татмаар нуга, нуга-намаг, аллювийн нугын хөрс зонхилон өндөр уул, нуруудын тагийн хэсгээр тайгын цэвдэгт ба ширэгт, хүлэрхэг хөрсүүд эх чулуулгийн илэрцтэй алаглан тогтсон. Уулын дээд ба дунд хэсгээр ялангуяа ар талын ойгоор бүрхэгдсэн нутагт ойн саарал, бараан өнгийн хөрс зонхилно. Хангайн нурууны уулархаг хэсгийн налуугийн дунд ба хормойн хэсэг, мөн хуурай хөндийнүүдээр тал хээрийн хүрэн хөрс голчлон тархсан.

Ойн сан: Бүс нутгийн уулархаг хэсэг нь ой модоор бүрхэгдсэн, харин талархаг хэсгийг хуурай хээр эзэлдэг. Уулсын оргилууд, Төвхөн, Өндөр Овоот, Өндөр Сант, Баянзүрх, Нарт, Чавганц уулсын ар хажуу ой модтой. Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Хотонт сумдын нийт ойн талбай нь 151933 га бөгөөд үүнээс 74378 га талбайг Орхоны хөндийн БЦГ-т хамаардаг. Ойн санд шинэс 89.4%, хуш 10.6%-ийг эзэлдэг. Хус, сөөг болон бусад моддын тархалт маш бага хэмжээтэй байдаг.

Ургамалжилт: Ургамалжилтаараа жинхэнэ хээр, Сибирийн тайгын бүс хоёрын завсрын бүсэд хамаарна. Орхон голын эрэг дагуу, хоёр хажуугийн хад асгатай огцом хажуу их бөгөөд тэнд сөөг, сөөгөнцөр ургамал ургадаг. Одоогоор 65 овгийн 417 зүйл ургамал орж бүртгэгдээд байна. Үүнээс Монгол орны хэмжээнд нэн ховор 28 зүйл ургамал бий. БЦГ-ын нутаг дэвсгэрт өвс ургамал сайтай хээр, чийглэг нуга, мөн төрөл бүрийн навчит болон шилмүүст ойн голын шугуйтай. Уулын тайгын, уулын тайгархаг, уулын хээрийн ойн хэв шинжүүд тархсан.

Орхоны хөндийн БЦГ-т нийт 32 овгийн, 62 төрлийн 74 зүйлийн ургамал бүртгэгдсэн. Улаан номонд орсон 11 ургамал байгаа бөгөөд нэн ховор 1 (Lilium martagon) зүйл ургамал, ховор 10 (Aconitum turczaninovil, Allium altaicum, Allium anisopodium, Astragalus mongholicus, Lilium pumilum, Paeonia anomala, Pinus sibirica, Sedum aizoon, Stellaria dichotoma, Trollius asiaticus) зүйл ургамал байна. Улаан дансанд бүртгэгдсэн 3 (Allium altaicum, Lilium martagon, Paeonia anomala) зүйл ургамал, subendemic 2 (Allium altaicum, Astragalus mongholicus) зүйл байна. Мөн Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмийн 34 зүйл ургамал бүртгэгдсэн байна.

Хөхтөн амьтан: Хангайн нуруу, Орхон голын сав дагуу өндөр уулын тайгархаг ой, уулын ойт хээр, голын хөндий татмын нуга, хуурай хээр гэсэн байгалийн олон янз төрх байдал хосолсон нутагт 6 баг, 13 овог, 33 төрөлд хамаарах 48 зүйлийн хөхтөн амьтан тархсан. Шилүүс, ойн хүрэн, улаан оготно, азийн хулгана, хадны барагшин, тагийн огдой, солонго, үен, шар үнэг, хярс зэрэг хөхтөнөөс гадна Монгол орны ховор амьтны жагсаалтанд орсон дагуурын зараа, шилүүс, зэрлэг гахай, халиун буга, баданга хүдэр зэрэг амьтад, “Зэрлэг ургамал, амьтны ховордсон зүйлийн улс хоорондын худалдааны тухай конвенц”-ийн хавсралтанд орсон саарал чоно, мануул, баданга хүдэр, “Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенц”-ийн II хавсралтанд орсон сахалт багваахай, ойн багваахай, уссаг багваахай, жижиг соотгой, буурал сармаахай, умрын сарсаахай, гар далавчтан зэрэг 13 зүйлийн хөхтөн амьдардаг.

Шувууны зүйл: Орхоны хөндийн БЦГ нь дэлхийд ховор, ховордож буй суурин болон нүүдлийн шувуудын өлгий нутаг болох төдийгүй шувуудын нүүдлийн гол замд оршдог. Орхоны хөндий орчимд олон улсын хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд ховордож буй олон зүйл шувууд өндөглөж зусдаг. БЦГ-т 16 багийн 61 овог, 99 төрөлд хамаарах 179 зүйл шувууд тэмдэглэгдсэн.

Загасны зүйл: Орхон голын савд 11 овгийн 22 зүйл загас бүртгэгдсэн. Орхоны хөндий орчмын загас бүхий нуур, голууд нь Хойд мөсөн далайн болон Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаардаг. Орхоны хөндийн БЦГ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд загасны нөөцийн судалгаа хийгдээгүй.