XIII – XIY зуунд хамаарах олдвор ОЛОН бий.

Чингис хааны үе, XII, XIV зууны үед хамаарах дурсгалууд Иран, Турк зэргээс олдсоор байна. Туркийн нутгаас хатмал шарил олдсон, мөн монголчуудын хүчирхэг үеийн түүхийг өгүүлсэн “Судрын чуулган” эх хувиараа Иранд бий. Ижил мөрний сав газар үерийн усаар тэлж, агших үед эртний сэлэм, эмээлүүд олддог. Өмнөд Монголын нутагт Юань гүрний Байду гэж том хот байсан. Түүний ойр орчмоос бунхан, луун хээтэй хүн чулуу, ноёд язгууртны дурсгалууд олддог ч Монголын их хаадыг монгол нутагт оршуулдаг байсан.

Хөвсгөлийн Бүрэнтогтох сумын нутагт Мөнх хааны сүм гэх тууринд Мөнх хааны бэрд хамаарах хөшөө бий. Өвөрхангайн Богд суманд Хүнхрээгийн орд гэж том дурсгал бий. Онгийн голын сав газар дагуу Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох дүнзийг ухаж хийсэн, гурван бүслүүртэй авснууд олсон. Гурван бүслүүрийн дундах нь мөнгөөр хийсэн байдаг нь язгууртнуудад зориулсан булш гэдгийг илэрхийлдэг. Уулбаян хэмээх газраас Юань гүрэн, Монголын эзэнт гүрний үед холбогдох хэдэн үе давхарлаж оршуулсан оршуулгуудыг олсон. Монголчууд газрыг эхийн хэвлий гэж үздэг, уулын орой дээр ихэс дээдсээ оршуулдаг уламжлал XX зууны эхэн хүртэл уламжилсан.

Хөвсгөлийн Хорьдол сарьдагийн уулнаас хулгайч нарт тоногдчихсон томоохон хэмжээний дурсгал олсон. Үндэсний музей, ШУА-ын Археологийн хүрээлэн, түүх угсаатны хүрээлэнгийн хамтарсан баг судалж үзэхэд булшнуудыг толгой дараалан тоночихсон байсан. Хэрвээ тэндээс язгууртны бүтэн булш олдсон бол олон таамаглал, төсөөллийг батлах байсан. Алт, мөнгөн чимэглэлүүд, шар тостой ваар, маш уран нарийн хийцтэй дээлний тасархай олдсон. Судалгаанд маш хэрэгтэй, бүхэл бүтэн түүх өгүүлэх, олон түмэнд дэлгэж үзүүлэх ёстой чухал зүйлсийг гаргаж хаяад энд тэндгүй хөглөрүүлчихсэн, өвөг дээдсийн ариун яс чандрыг гадуур нь цацаад асгачихсан байсныг харахад үнэхээр харамсалтай байсан. Алт, эрдэнэсийг нь хулгайлж авсан байсан. Хүннүгийн үеэс эцэг, өвгөдийнхөө бунханыг эвдүүлж тонуулснаас үүдэн хожмын бүх хаадын бунханыг маш нууцалж оршуулан хориг тогтоож, сахиул хамгаалалт гаргадаг байсан. Чингис хааныг Монголын хөрс шороонд Хэнтий ууланд оршуулсан нь тодорхой, түүнийг үеийн үед хамгаалах учиртай.

XIII зууны үед хамаарах Аварга ордны туурь, Хархорум хот, Тахилын усаны суурин... гэх мэт эртний хот суурингууд бий. Хот дотроо төмөр ашиглаж зэр зэвсэг хийдэг, газар хагалж газар тариалан эрхэлж байсныг нотлох археологийн олдворууд олон. XIV зууны эхэн үеийн хаадын алт мөнгөн чимэгтэй, маш уран нарийн хийцтэй эмээл, хазаар, тусгай чимэглэлтэй нум сум, болор бүс, алтадсан эмээлийн бүүрэг, алтадсан торго, алтан утсаар хээ чимэглэсэн торго хүртэл олсон. Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойгоос алтан хээ чимэглэлтэй сум олсон. Цахиурт овоогоос олдсон торго бол  утас бүрийг нь алтанд дүрж нэхсэн байсныг Японы лабораторид тогтоосон. Торгон эдлэлийн хээ чимэглэлд шонхор шувууны дүрслэл онцгой байдаг. Үйсээр хийсэн язгууртан хүний нум сумны ховд олдсон бөгөөд түүний гадна талд ясан дээр луу, туулай, хулгана зэрэг амьтад, сүмбэр уул, сүн далайг сийлж чимэглэсэн байсан.

Эмээл гэхэд хэд хэдэн төрлийн олдвор бий. XIII үеийн эмээл бол маш өргөн уужим суудалтай, аян дайнд удаан явахад тохиромжтой, морины нуруунд ачаалал жигдхэн өгөхөөр хийгдсэн. Урд талын бүүрэг нь илүү уужим байдаг нь цэрэг дайны үед хэрэглэх олон ганзага, сугсарга авч явахад зориулагдсан. Цагаан голын хаданд хүрэл зэвсгийн үед хамаарах эмээлийн дүрс бий. Үүнээс үзэхэд эмээл гэдэг ойлголт монгол нутагт маш эрт үеэс байсныг илтгэнэ. Үхэр маланд тохдог байсан зүйл адуунд модон эмээл хийх эхлэл болсон гэж үздэг.

Хазаарын олдворууд бий. Хазааранд нэг залгаас хийгээд дунд нь товруу буюу цагираг хийгээд тэрийг морины тагнайд хүргэж морийг зогсоодог. Хоёр залгаас бүхий төмөр тагнайд хүрэхэд маш эмзэг учир морь амархан залагддаг гэж үздэг. Монголын цэрэг дайснаас гурван өдөр зугтаж байгаад гэнэт алга болчихдог байсан нь морио хэвтүүлээд нуугдчихдаг, тэгээд хажууд нь ирмэгц гэнэт довтолдог байсан тухай тэмдэглэлүүд бий. Морьдыг яаж тийм амархан хэвтүүлж байсан бэ гэхээр хазаарын залгаастай холбоотой.

Дөрөөний олдвор эхлээд Хүннү булшнаас гарсан ч бүтэн дөрөө олдоогүй. Дараа нь доктор Н.Хүрэлсүх Ховд аймгийн Дуут сумын нутагт 1500 жилийн өмнөх Жужаны үеийн оршуулганаас модон дөрөө олсон. Түрэгийн үеийн булшнаас ихэвчлэн хавирган буюу нарийн төмөр дөрөө олддог. Дөрөө нь моринд хурдан мордох, дөрөөн дээрээ босч харвах, жадлах, морио сэлгэх зэрэгт чухал үүрэгтэй байсан.

Нум сум бол Монголын эзэнт гүрний гайхамшигтай зэвсэг юм. Цэрэг бүр хоёр нумтай, хэдэн зуун сумтай явдаг. Хоёр талдаа 30, 30 нийт 60 сум ганзагална. Мөн сум ачсан олон морьд хөтөлж, дайн тулаанд сумыг хайр гамгүй ашигладаг байсан. Мөн ангын нохойгоо дагуулж, шонхор шувуугаа авч явдаг нь байлдааны хэрэгсэл болдог. Дэлхийн I, II дайны технологиуд бүгд Чингис хааны дайн байлдааны тактикт тулгуурласан байдаг. Оросууд катюша зэвсгээрээ суман мөндөр буулгачихаад дайрч ордог байсан.

Ойрын зайд морин дээрээс харвадаг нумыг “алингар” гэдэг бөгөөд доод тал нь моринд тээглэхгүй богино, дээд тал нь урт байдаг. Сумны хувьд олон янз байсан. Хуяг дуулга нэвт харвах зориулалттай шөвгөн зэв, майхны олсыг тас харвахад саран зэв ашигладаг. Хол харвадаг зэвний хоёр тал нь нарийн, дунд тал нь бүдүүн могой хэлбэртэй, харвахад сумны хоёр тал бага зэрэг дайвалздаг. Дуут сум нь 2-3 төрөл бөгөөд гурван талдаа шүгэлтэй, байндаа тусах хүртлээ маш чанга дуу гаргадаг. Шөвгөн зэвэнд мөөгөөр хор хийж түрхдэг байсан. Түүнээс үүдэлтэйгээр сум хийдэг саваа “хоромсог” гэж нэрлэсэн гэх нь бий. Монголчууд халимны сахлыг ашиглаж нум хийсэн. Ямар ч бороотой үед төвөггүй харваж болдог нум бөгөөд усан бороон дунд дайснууд нум сумаа ашиглаж чадахгүй байхад монголчууд түүртэх зүйлгүй харваж ордог байсан. Ийнхүү Монголын эзэнт гүрний байлдааны тактик, эдлэл хэрэглэлийн сэдэв нэн сонирхолтой, гайхалтай уран нарийн ухаан зарсан, тоон тооцоололтой байсан.