Улиас мод

Өргөн сагсгар титэмтэй, 18-25 метр өндөр ургадаг, хөхөвтөр саарал ногоон холтостой, навчит мод. Элсэрхэг, сайргархаг, үржил шимтэй хөрсөнд ургадаг. Навч нь өндгөрхүү, үзүүр хэсэгтэй нарийсаж шовхорсон хэлбэртэй, сайхан үнэртэй. Нахиа нь шар өнгийн наалдамхай зүйлээр бүрхэгдсэн байдаг. Саланги бэлэгт ургамал учраас эр эм улиас гэж байдаг. Эр цэцэг нь нягт олон тооны дохиураас тогтсон, үр нь үсэрхэг, 6 сарын сүүлчээр боловсордог. Эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал унагаж орчныг бохирдуулдаг, зарим хүнд ургамлын харшил өгдөг учраас хотын ногоон бүсэнд тохиромжгүй байдаг. Харин эр улиасыг мөчрөөр үржүүлж суулгавал илүү тохиромжтой. Богино насалдаг боловч хурдан ургаж орчин тойрноо ногооруулдаг. Монгол оронд цэвэр улиасан ой Тэрэлжийн голын эх, Ховд голын сав, Түргэний голын хөндийд ургадаг. Түлш болгон хэрэглэхээс гадна завь, гэр ахуйн эдлэл хийж, нахиа, навч, мөчир модлогийг нь ардын эмнэлэгт ашигладаг. Уян хатан, давирхайгүй, амтгүй учир хувин сав, тавиур, авдар ширээний тавцан хийнэ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах