Эрээн хүрнэ (Vormela peregusna Guldenstadt, 1770)

Баг. Мах идэштэн - Carnivora
Овог.
Суусарынхан – Mustelidae

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг”, олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Бие 35 см, сүүл 20 см урт, жин 0.5 кг хүрнэ. Толгой жижиг, хоншоор богиновтор, мохоодуу. Чих том, угаараа өргөн, дэлбэгэрдүү дугуй. Мөчид богинохон. Сүүл урт сагсгар. Зоо нуруу, биеийн хажуу халиун бор дэвсгэр дээр элдэв хэлбэрийн цайвар толбуудтай. Хүзүү халтар бараан. Хэвэл бараан. Хоолойноос завж, нүдийг дайрсан өргөн бараан зурвастай. Чахалзуураас нүд, чихний завсраар шургасан тууш, тод цагаан зурвас бий. Уруул, эрүү чихний урд тал цагаан. Ерөнхий зүс эрээн.

Тархац, байршил нутаг: Зүүн өмнөд Кавказ, Казахстан, Дундад дорнод Ази, Баруун өмнө говь, баруун өмнө Монгол, хойд Хятадын хээрийг хамарсан өргөн тархацтай. Монголд Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Алтайн өвөр говиуд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговийн өмнөд хэсгээр тархжээ. Заг, хармаг, сухай бүхий дов сондуулт хотгор, харгана, хялганат элсэрхэг хээр, заримдаа уулын бэлийн хадтай толгод, сайр, сархиа, задгай ус, баян бүрдийн ойролцоо элдэв мэрэгч, ялангуяа чичүүл, огдойн үлий элбэгтэй газар идээшин амьдарна.

Амьдралын онцлог: Монголд судлаагүй. Голдуу өглөө үдэш, заримдаа өдөр гүйж, элдэв мэрэгч, чичүүл, огдойгоор идэшлэнэ. Өмнөговийн Зүүн сайхан уулын өвөр бэлээс IV сард барьсан бодгаль хул чичүүл, Увсын Тэс голын адгаас XI сард барьсан бодгаль үхэр огдой идсэн байв. Өмнөговийн Баяндалай сумын нутагт V сард элсэн довцогийн нүхэн үүрэнд 4 сөөдгий тохиолджээ.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгой, тархац мэрэгчдийн олон цөөнөөс шалтгаалан тогтворгүй. Тусгайлан агнадаггүй ч анчдын зүүсэн хавханд орж баригддаг. Хулгайгаар агнаснаас хааяагүй ховордож байна. Идэш тэжээлээр өмхий хүрнэ, үнэг, хярс, цагаан үентэй адилхан. Уул уурхайн ашиглалт, бэлчээрийн талхагдалт, цөлжилт, ган зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан ном (1987, 1997), Монголын хөхтөн амьтны улаан дансанд оруулж, тархац нутгийн 19% нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах арга боловсруулж, хэрэгжүүлэх, удмын санг хамгаалах.


Vormela peregusna
Guldenstadt, 1770
Carnivora

Mustelidae

Marbled Polecat

Status: Rare species, globally, according to the IUCN Red List Categories and Criteria the species listed as-Least Concern; Regional Evaluation-Data Deficient.

Distribution and range: South eastern Europe, the Middle East, Caucasus, Kazakhstan  Central ans Eastern Asia. In Mongolia: the Great Lakes Depression, Valley of the Lakes, Southern Dundgovi.

Habitat: desert steppe and occasionally semi deserts and steppe habitats with saxaul, nitrata bushes, rocky hillsides, screes near open water sources and oases rich in small rodents for prey.

Population and threats: Inadequate information on distribution, population size and trends, or the impact of threats. Threats: occasional accidental mortality from being caught in traps set for other species; mining activities, pastureland degradation, desertification, droughts.

Conservation efforts: Included in the Mongolian Red Book (1987, 1997), Mongolian Red List (2006); About 19% of the species range in Mongolia occurs within the NSPAN. Included in the Annex I, Mongolian Government resolution #7 "Approval of the List of Endangered Animals" (July 2012)

Further Action: Study population and range based on biological research, develop and implement conservation measures gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Гептнер нар, 1967, 3. Авирмэд, 1972, 4. Дуламцэрэн, 1970, 5. Шагдарсүрэн нар, 1987, 6. Chotolchu et all, 1989, 7. Шийрэвдамба нар, 1997, 8. Дуламцэрэн нар 1999, 9. Dulamtseren et all, 2006, Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013