Нохой

Монголчууд нохойг ан авд өргөн ашиглаж, нохойгоо хоточ, хоньч, анч гэх мэтээр нэрлэдэг байжээ. Эдүгээ манай анчдын хувьд ан авд нохойг ашиглах нь бараг мартагдсан төдийгүй зарим аймаг, сумдад маш цөөн тоогоор байгаа тайган үүлдрийн нохойг эс тооцвол ан авын зорилгоор сурган ашиглаж буй явдал бараг байхгүй болжээ.

Эрт үед анч нохойг шинжих ёс байжээ. Монголчуудын анч нохой нь хошуу урттай, бие зэгзгэр, хөл бэлхүүс нарийн, борви эгц, тагнайн хээ олон байдаг ажээ. Анч нохойтой болох хүсэлтэй хүн дээрхи биеийн галбирыг анхаарч, тагнайн хээг тоолон 15-аас дээш тагнайн хээтэй гөлгийг сонгон авдаг бөгөөд тагнайн хээ 19 хүрвэл зүйрлэшгүй хурдан нохой болдог ажээ. 

Монголчууд эртнээс нохойгоо зодож цохихыг хориглон, хороож устгахыг “муу ёр” гэж үзэн цээрлэж нохой алсан хүнийг “монголоо алдсан хүн” хэмээн жигшин зэвүүцдэг байжээ. “Монгол Ойрдын цааз бичиг”, “Халх журам” зэрэг эртний хууль цаазын бичигт нохой алахыг хориглосон байдаг. Нохойгоо барс шиг хүчирхэг, арслан мэт сүрлэг, хангарьд шиг хурдан, луу адил догшин байтугай хэмээн бэлгэшээж хөрөнгө малыг хамгаалагч, буяныг түшдэг ивээлт амьтан гэж үзэн өрх гэрийн ам бүлээр тооцдог байжээ.

Монголчууд нохойг гөлөгнөөс нь эхлэн шинжин таньж тусгай ёслол үйлдэн тэжээж өсгөдөг байжээ. Тухайлбал, өөрийн сонгосон гөлөгний эзэнд хадаг барьж, эх жингэрт нь шар будаа чанаж өгч цадтал хооллоод гөлгөндөө тэмдэг зүүн орхидог ёс түгээмэл байжээ. Сайн нохойн шинж нь холч бүдүүн дуутай, толгой том, хүзүү цээж хүдэр зузаан, сэрвээ өндөр, сүүл хонхорцог өтгөн, хөл тавхай том, зориг цөс их, хүчирхэг байдаг. Ийм болгоход тэжээн тэнхрүүлсэн байдал голлох боловч бас нохойн өөрийнх олон шинж тэмдэг нөлөөтэй гэж үздэг. Жишээлбэл, дөрвөн нүдтэй, улаан халтар зүсмийн нохой нь нар сар хиртэхэд ээлтэй, шөнө элдэв муу юм ирэхэд үзэж хөл хорьдог.

Зүрх цагаан, хар зүсмийн нохой нь зориг хүчтэйн дээр Махгал бурхны хөлөг тул тэжээх дуртай. Тас хар зүстэй улаан нүдтэй нохой зоригтой, хүч чадал ихтэй байдаг. Дөрвөн хөлний тавхайны үзүүр төдий нь цагаан, хар халтар нохой нь ембүү атгасан шинжтэй бөгөөд эзэндээ хишиг буян дууддаг хэмээнэ. Улаан хумстай нохой хишиг буяныг тогтоодог гэж үздэг. Сайн зүснээс гадна муу зүс гэж байдаг. Дөрвөн хөл шийр цагаан, ялангуяа урд хоёр хөлийн цагаан нь лав бол эзэндээ ханцуй шамласан мэт муу бүхнийг дуудна. Эрүү нь цагаан нохойг буян хишиг нь эрүүгээ даган савирсан гэнэ. Сүүлний үзүүр цагаан нохойг чөтгөр далласан хулгайч шинжтэй хэмээнэ. Цагаан шар зүсмийн нохойг малчин айл тэжээхээс цэрвэдэг байсан нь чонын өнгөтэй нохойтой хамт байсан мал чоныг нохой хэмээн андуурч улмаар түүний идэш болдог хэмээн цэрвэдэг байжээ.

Тэжээх нохойгоо шинжиж үзсэний дараа нохойгоо өдрийн сайныг сонгон байж гэртээ авчирна. Гөлгөө үүдээрээ оруулж сүү долоолгоод, дараа нь хооллож арслан шинжтэй сүрлэг том нохой болоорой гэж ерөөгөөд чихний уг, сүүлний үзүүр хоёрт шар тос түрхдэг.

Нохойдоо учир бэлгэдэлтэй сайхан нэр өгдөг. Ингэхдээ хүч зориг ихтэй араатан жигүүртний нэр, зүс өнгө төрх, зан байдлыг бэлэгшээсэн нэр өгдөг байсан бөгөөд овог угсаа, хүн, гариг эрхсийн нэр өгөхийг цээрлэдэг байжээ. Элдэв галзуу зэрэг өвчин тусахаас сэргийлж хойлог; хурдан гавшгай, хүч чадлыг бэлгэдэн харцага, шонхор, арслан баавгай; галбир төрх, өнгө зүсийг нь харгалзан цагаадай, халтар, бор, паанай гэх зэргээр нэрлэдэг байжээ.

Монголчууд нохойдоо түүхий мах өгдөггүй, заавал болгож өгдөг байсан нь цусны амтанд дасгаж, зэрлэгшиж, золбиншихоос нь сэргийлсэн утгатай юм. Нохойдоо тураг мах зэрэг амтлаг хоол өгөөд байдаггүй ч найр хурим, цагаан сар зэрэг баяр ёслолын үед “нохойн хувь” гэж идээний дээдийг оролцуулан өгдөг нь өрх гэрийн нэгэн гишүүн гэж үздэг уламжлалтай холбоотой. Нохойн идүүрийг “хишгийн хүрээ” гэж үзэн дээгүүр нь харайхыг цээрлэдэг.

Нохойтой холбоотой зарим ёс заншил байдаг. Тухайлбал, хүүхэд унасан шүдээ өөх буюу маханд боож “миний муу шүдийг авч сайн шүднээсээ өгөөрэй” хэмээн өгдөг. Энэ нь нохой мэт бат бөх хурц сайхан шүдтэй болохыг бэлгэдсэн хэрэг юм. Нохой хөрвөөвөл олз орохын дохио, хоол идэж байгаад хахвал баяжихын дохио, айлын нохой өөрөө урваж ирвэл өөдлөн дэвжихийн дохио хэмээн ихэд бэлгэшээдэг. Харин айлд урвасан нохойгоо буцааж авдаггүй.


Монголчууд нохойгоо үхэхэд нь зөнд нь орхидоггүй бөгөөд газрыг нь тойруулан зурж, цогцсыг нь тэндээс холдуулан толгойг нь баруун зүг хандуулж энгэр газар тавих бөгөөд сүүлийг нь таслан дэрлүүлж, аманд нь шар тос хийгээд “хойд насандаа хүн болж төрөөрэй” гэж ерөөн хээр орхидог заншилтай.


Нохойны үүсэл гарал: Нохойны үүсэл гарлын талаар хэд хэдэн онол байдаг. Зарим судлаачдын үзэж байгаагаар бол чоно, цөөвөр чоноос нохой үүссэн гэдэг бол зарим нь нохойны өвөг болох араатан амьтан аль хэдийн устаж үгүй болсон гэж үздэг ажээ. Нэрт эрдэмтэн Ч.Дарвины үзэж байснаар бол нохойн өвөг нь чоно, цөөвөр чоно байсан гэдэг. Европоос 4-5 мянган жилийн тэртээ гэрийн тэжээвэр болгосон нохойны үлдэгдэл олджээ. Мөн Египетээс МЭӨ 34-21-р зууны үед дүрслэгдсэн нохойн дүрс олдсон бөгөөд Доогийн Борз болон Такса үүлдрийн нохойтой адил хэлбэртэй байсан байна.

Хүй нэгдлийн үед нохойг томоохон ан амьтанг хөөх, бариулахад ашигладаг байжээ. Хүн төрөлхтний нийгэм болон байгаль орчин ан амьтдын тоо толгой цөөрч эхлэх үеэс шувууг агнах явдал ихсэж түүнтэй холбоотойгоор шувууг агнахад ашиглах тийм чанартай нохойн хэрэгцээ гарч ирсэн байна. Шинэ нөхцөл байдалд тохирсон нохойг сайжруулан гаргаснаар ангын шинэ үүлдрийн Лайка, Спаниель, Легави зэрэг нохдыг бий болгосон байна. Улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон ан ав хийхийн зэрэгцээ тухайн үндэстнүүдийн амьдралын хэв маяг, зан заншил, ахуйд өргөн хэрэглэгдэж байсан нохойн үүлдэр угсааг сайжруулан төрөл бүрийн чиглэлээр өргөн хэрэглэж заншжээ.

Орчин үед хүмүүс 400 гаруй үүлдрийн нохойг тэжээж ашиглаж байдаг ба тэдгээрийг албаны, ангын, хотны, спорт сонирхогчийн, чимэглэлийн гэх мэтээр ангилна. Мөн дэлхийн улс орнуудын ангын практикт 30 гаруй үүлдрийн анч нохдыг ашигладаг ба тэдгээрийг дотор нь хэд, хэдэн төрөлд хуваадаг байна. Нохойг үүлдэр, бие физиологийн онцлог, чадварыг нь ашиглан сургаж төрөл бүрийн ажил үүргийг гүйцэтгүүлдэг.

Борз үүлдрйин нохой: Манайхны дунд Борз үүлдрийн нохой нь тайган нохой нэрээр алдаршсан. Эл нохой нь Египетийн пирамид болон эртний Ассирийн туурийн товгор зурагт дүрслэгдсэн байдаг ажээ. Дундад Азид болон эртний Орос оронд энэхүү нохойг өргөн ашигладаг байсан баримт нэлээд байдаг ажээ. Энэ үүлдрийн гол онцлог нь маш хурдтай давхиж анг гүйцэх, барих чадвар өндөр юм. Уг нохой нь урт нарийн хоншоортой, өндөр зэгзгэр биетэй, урт шөрмөслөг хөлтэй маш хурдтай давхидаг амьтан юм. Зэрлэг ан амьтдын дунд түүнд гүйцэгддэггүй ямар ч амьтан байдаггүй гэнэ.

Гочя буюу мөрч нохой: Энэ үүлдрийн нохойны гол онцлог нь амьтны мөрийг олж илрүүлэн анчны бууны хараанд орох хүртэл мөрддөг онцлогтой. Уг нохой нь үнэрлэх, харах, сонсох чадвар илүүгээс гадна араатан амьтнаас үл айх, ангын мөрөөр цөхрөлтгүй хөөх, хурдан шаламгай, хүнтэй эвсэг зөөлөн харьцдаг олон давуу талтай ажээ. Мөрч үүлдрийн нохойны ерөнхий шинж нь сэрвээний өндөр 58-68см, нурууны урт 102-105см байдаг байна.

Легавая буюу гэтэч нохой: Энэ үүлдрийн нохдын онцлог нь ангын шувууг олж мэдрээд гэтэн, мярааж хөдөлгөөнгүй болж ан байгаа газар руу нүд цавчилгүй зогсдог төрөлхийн чадвартай. Энэ төрлийн нохдоос дэлхийн хэмжээнд өргөн тархсан нь Пойнтер, Английн Сеттер, Немцийн хар үст мөрч Курцхаар, Немцийн ширүүн үст мөрч Пратхаар гэх мэт ноход багтдаг байна.

Лайка нохой: Энэ үүлдрийн нохдын гол онцлог нь хурц хараа, үнэрч болон сонсох өндөр чадвараараа жижиг үслэг, ан амьтад болон агнуурын шувуудыг олж илрүүлэн анчныг иртэл хоргоож байдаг чадвартай ажээ. Уг нохойны төрөлд Орос Европын Лайка, Карел Финнийн Лайка, Баруун Сибирийн Лайка, Дорнод Сибирийн Лайка ордог.

Норная буюу ичээ, нүхний нохой: Энэ үүлдрийн нохдын онцлог нь ан амьтанг ичээ болон үүрэнд нь байхад хөөж гарган өддөг. Мөн намнасан, шархдуулсан ан амьтанг хайж олдог давуу талтай ажээ.