Шүрэн цох

Хатуу далавчтан шавьж. Дэлхий дээр шүрэн цохын 5000 гаруй зүйл байдгаас 53 зүйл нь Монголд бүртгэгдсэн. Шүрэн цохын биеийн хэмжээ 1-10мм, ихэвчлэн шар, улбар шар, гал улаан өнгөн дээр хар толбонуудтай, зууван зураас бүхий хатуу хагас бөмбөлөг хайрсан далавчтай. Толгой, хөл, тэмтрүүл нь хар өнгөтэй. Бас хар, саарал, бор өнгөтэй шүрэн цохнууд байдаг ч тэдгээрийг мэргэжлийн шавьж судлаач нар л таних боломжтой.

 

 

Шүрэн цохын ихэнхи зүйл нь бүүрэг, ургамлын бөөс, хувалз, ургамлын шимэгч шавьжнуудыг иддэг “махчин”. Харин цөөн тооны хөнөөлтэй шүрэн цох бий. Мексикийн буурцагны цох ХАА-д их хохирол учруулдаг аж.

Цохны хурц өнгө нь өөрийгөө бусад махчингаас хамгаалах зохилдлого. Бас шүрэн цохнууд хортой гэнэ. Жижиг биетэй шавьж идэшт гүрвэл, шувуудыг хордуулчихдаг хэмжээний хортой. Бие гүйцсэн шүрэн цохны хөлөнд шавьжны цус мэдрэгч бий болдог ажээ.

Ихэнхи шүрэн цохууд хавар, эсвэл намар үржилд орж хэдхэн ширхэгээс хэдэн зуун ширхэг хүртэл өндөг гаргана. Нэг долоо хоногийн дараа өндөгнүүдээс авгалдай гарч 10-15 хоног болоод хүүхэлдэй шатанд шилжинэ. Шүрэн цохын амьдрал маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног үргэлжилдэг. Ихэнхи шүрэн цохын амьдрал нэг жилийн дотор дуусгавар болдог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг.

XX зуунаас эхлэн Европын орнуудад шүрэн цохыг тариалангийн талбайн хортон шавьж устгуулах болон цэцэрлэгийн хортон шавьжуудыг устгах зорилгоор зориуд үржүүлдэг болсон.

Монголчууд шүрэн цохыг алтан цох, жох хорхой, өмбий зөөхий, нүүдгээ, өөлэй гэх мэтээр нэрлэдэг гэнэ. Дэлхийн өөр улс орнуудад шүрэн цохыг “аз дууддаг амьтан” учир алж болохгүй, тайван орхи гэцгээдэг юм байна. Голландад шүрэн цох нь “огцом уур омгийг дарагч” бэлгэдэлтэй гэнэ. Харин Финляндад “Швед гаралтай иргэдийн нам”-ын бэлгэдэл нь болдог ажээ. Оросууд шүрэн цохыг “бурханы хамааралтай амьтан” гээд алахыг цээрлэдэг.