Ураншувуу (Бургасны ураншувуу)

Lat: Remiz pendulinus (Linnaeus, 1758)

Mon: Бургасны ураншувуу, Уран шувуу

Rus: Обыкновенный ремез

Eng: Penduline Tit

Jap: Tsurisu-gara (ツリスガラ)

Сүүлийн жилүүдэд ховордсоор байгаа. Шалтгаан нь бургасан шугуйг хүмүүс их хэмжээгээр огтолж, сүйтгэж буйтай холбоотой юм. Уран шувууг 1995 оноос агнахыг хуулиар хориглож, байршил нутгийг нь улсын тусгай хамгаалалтанд хэсэгчлэн авсан. Түүнчлэн зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 2 дугаар хавсралтад оруулжээ.   Голын эргийн гүн цүнхээлд унжсан бургасанд хүн үйлдвэрлэсэн болов уу гэмээр жижигхэн нэхмэл “богц” шиг шувууны үүр байдаг. Бөх бат бас ур чадвар шаардсан ийм үүрийг бургасны уран шувуу барьдаг. Түүний хурц шовх, нарийн хошуу нь бусад төрлийн ямар ч амьтны засаж чадахгүй үүр барихад гол үүрэг гүйцэтгэдэг ажээ. Бургасны уран шувуу нь Монголын “Улаан ном”-д орсон ховор зүйл юм. Түүний дух хацар, шанаа нь хар, далавч, сүүлний өд нь бараан хүрэн өнгөтэй байдаг. Хүзүү, цээж нь цагаан саарал бол хэвлий нь цайвар хул, сугаараа улаан бор толботой байдаг. Харин бие нь 105-115мм, далавч нь 58 мм урт бөгөөд 9-11 гр жин татдаг бяцхан амьтан юм.