Шоргоолж

Монгол оронд ойн шаргал шоргоолж, модоч шоргоолж, талын хар шоргоолж, хөрсний махан шоргоолж түгээмэл байдаг. Бусад шавьжнаас ялгарах онцлог бол их биеийн хэвлийн хэсгийг холбосон тусгай хэсэг юм. Шоргоолж нийлмэл нүдтэй бөгөөд толгой дээрхи хоёр тэмтрүүлээрээ юмыг мэдэрнэ. Эрүүний булчин нь хүчтэй хөгжсөн, биеийн жингээсээ 4-5 дахин хүнд юмыг тоохгүй өргөөд явдаг. Шоргоолж хэд хэдэн төрлийн хэл авиа, дохиогоор өөр хоорондоо харилцаж ойлголцдог. Толгой, хөл, сахалын хөдөлгөөн шүргэлцлээр хэлэлцэж ярилцдаг байна. Мөн өөрийн явж буй зам дагуу хөлийнхөө улнаас ялгаруулах шүүрлээр тэмдэг тавьдаг учраас огт төөрдөггүй байна. Хэдийгээр шоргоолж өчүүхэн жижиг боловч ямар  ч бэрхшээлийг туулах чадвартай, өөрөөсөө том амьтныг авлах чадвартай, түүнийг зуугаад ердийнхөөсөө ч илүү хурдтай гүйж чадна.


Шоргоолж үүрээ хөрсөнд нүх ухан бэлтгэдэг бол ойн шоргоолж мод бут, сөөгний мөчир, нахиа шилмүүсээр үерт урсахгүй газрыг сонгон үүрээ засдаг. Шоргоолж үүрэндээ өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Ажилчин шоргоолж нэг үүрэнд хэдэн зуугаараа байж хоол тэжээл бэлтгэж, гэр бүлийн бусад гишүүдээ ч давхар хооллох үүрэгтэй. Ид залуу ажилч шоргоолж нь үр төл ба эх шоргоолжийг асарч, хөгшин шоргоолжнууд нь хоол тэжээл хуваах, хог хаягдлыг цэвэрлэх, үүрээ засах өргөтгөх үүрэгтэй. Хоол тэжээл бэлтгэх үүрэгтэйнүүд нь ан авд явж махан хүнс бэлтгэх хэсэг, амтат тэжээл бэлтгэх үүрэгтэй хэсэг гэж хуваагдана.


Эх шоргоолжийг жижиг шавьж, үет хөлтнөөр тэжээдэг. Эх шоргоолж үүрнээсээ гаралгүй жил болно. Харин жилд нэг удаа, салхигүй өдөр бүх үүрний эр эм шоргоолж нэг цаг мөчид далавчлан нисэж үүрнээсээ гарах бөгөөд үүнийг хуримын нислэг хэмээнэ. Энэ нь шоргоолжны ороо хөөцөлдөөний үе ажээ. Үржилд орсны дараа бүх эр шоргоолж үхэж, хээлтсэн эм шоргоолж газарт бууж далавчаа шүдээрээ таслаад шинэ бүл үүсгэн нуугдмал орчинд буюу ойролцоох үүрэнд орно. Нэг үүрэнд хэд хэдэн эм шоргоолж байрших нь бий. Ажилчин шоргоолж ганцхан жил амьдардаг байхад эх шоргоолж 18 жил амьдрах чадвартай байдаг. Нэг бүл шоргоолж 10 гаруй жил оршин тогтнодог.


Ойн шоргоолж ургамлын бөөсний ялгадсаар хооллодог төдийгүй түүнийг асарч хамгаалан үржүүлдэг онцлогтой. Энэ нь хоол тэжээлээ амар хялбар аргаар нөөцлөхийн тулд юм. Ургамлын бөөс нь чихэрлэг ургамлын шүүсийг шимж иддэг учраас түүний ялгадас нь яг л элсэн чихэр шиг ажээ. Шоргоолж элсэн чихэрт нугасгүй дуртайг хэн бүхэн мэдэх билээ. Түүний үүрийг сэндийлэх зэргээр уурыг нь хүргэвэл цочирдсон шоргоолж хойд хоёр хөл дээрээ оцойн сууж хэвлийгээ урагш тахийлган муухай үнэртэй шингэн хүчил ялгаруулдаг байна. Үүнийг шоргоолжны хүчил гэх бөгөөд энэ аргаараа дайсан амьтадыг дайжуулдаг байна. Шоргоолжны энэхүү хүчлийг цуглуулж авъя гэвэл түүний үүрэн дээр нойтон алчуур тавьчихвал уурласан шоргоолжнууд тэр алчуур луу хамаг хүчлээ цацан буудаж эхэлдэг. Тэр хүчлийг латинаар “альдегид” гэх бөгөөд энэ нь “устөрөгчөө алдсан спирт” гэсэн утгатай. Тэгэхээр энэ нь спиртийн төрлийн бодис юм. Шоргоолжны хүчил нь усанд сайн уусах ба микроб устгах, халдваргүйжүүлэх чанартай.


Шоргоолжны хүчлийн 40 хувийн уусмалыг формалин гэх бөгөөд түүнийг ариутгагч бодисны үүрэгтэйгээр  хөдөө аж ахуйд хэрэглэдэг. Шоргоолж ихтэй ойд хортон шавьж үрждэггүй учраас ашигтай шавьж юм. Шоргоолжийг зориуд өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн хортон шавьжийг устгуулдаг туршлага дэлхийн олон оронд нэвтэрчээ. Шоргоолж газрын хөрсийг сийрэгжүүлж ялзмагийг хольж хөрсний үржил шимийг сайжруулдаг.


Шоргоолж шавьжнууд дотор маш ухаалаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Зарим шоргоолж учир битүүлэг шалтгаанаар гэр бүлээ орхин үүрд алга болдог. Ямар нэгэн халдвар авч өвчилсөн шоргоолж үхэхээсээ хэдэн цаг, хэд хоногийн өмнө ахан дүүсээ орхин гэрээсээ аль болох хол орчинд өөрийгөө тусгаарладаг байна. Өөрөөр хэлбэл, үхэх болсноо мэдэрсэн шоргоолж ийнхүү үүрээ орхин явдаг ажээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах