Шар шувуу (Эгэл шаршувуу)

Lat: Bubo bubo (Linnaeus, 1758)

Mon: Эгэл шаршувуу, Шар шувуу 

Rus: Филин

Eng: Eurasian Eagle Owl  

Jap: Washi-mimizuku(ワシミミズク)

Эгэл шар шувууны махыг зарим өвчинд сайн гэх, зарим нь өдийг нь малгайдаа хатгах зэргээс болж түүний тоо толгойг цөөрөхөд хүргэжээ. Хурдан морины сүүлэнд сүлжин уралдааны замд гаргах, машиныхаа шилэн дээр тогтоосон байх зэрэг нь цаанаа нэг утга учиртай гэнэ. Шар шувууны өдөн дээрх зураас нь лалын шашны коран судрын бичигтэй адил харагддагаас ислам шашинтнууд энэ шувууны өдөөр гоёдог аж.

Энэ шувуу орчин үеийн уульт­ны овогт багтах бөгөөд энэ овогт 23-28 төрөл бий. Өмнөд туйл, зарим далайн арлуудыг эс тооцвол энэ шувуу дэлхий даяар өргөн тархжээ. Жижиг нь 50 грамм байхад том нь 4-4,5 кг хүрнэ. Эр, эм шувууд нь өнгөөрөө хоорондоо ижил төстэй боловч эм нь эрээсээ биерхэг.

Шар шувуутны нийтлэг ерөнхий төрх нь тэдгээрийн хавтгай нүүр, том нүд, шөнийн харанхуйд чимээ гаргалгүй нисэхэд зохилдсон зөөлөн өд, ижил бус сонсголын сувагтайд оршино. Нүүрний өд нь харин ширүүн хатуу байдаг. Зарим зүйл нь толгой дээрээ чих шиг босдог өдтэй. Ангаахай нь өндөгнөөс гарахдаа дун цагаан ноолуураар хучигдсан байдаг. Тас харанхуй шөнө байх тусмаа шар шувуу төдий чинээ сайн хардаг. Нүд нь том бөгөөд гэрэлтэйд юм хардаггүй учир хүүхэн хараа нь ухархайдаа хөдөлгөөнгүй байрладаг. Харин хүзүүнийхээ тусламжтайгаар толгойгоо 360 градус эргүүлж чаддаг. Хавтгай нүүртэй учир хоёр нүдээрээ 60-70 градус өнцгийг харж чаддаг байна.

Сонсгол нь дэндүү сайн хөгжсөн байдаг учраас шөнө дөлөөр өвсөн дотор түчигнэлдэх оготно, зурам тэргүүтэй мэрэгч амьтдыг төвөггүйхэн барьдаг. Хушуу нь хүчирхэг, эрс махир, зузаан, хурц ирмэгтэй учир барьсан амьтныхаа арьс, махыг амархан тас татаж жижиглэнэ. Дөрвөн хуруутай хүчирхэг савар нь урт, хурц хумстай. Ороо эхлэх үедээ дуугарах нь ихэснэ. Зүйл бүр өөр өөрийн дуу гарган хосоо харилцан олох, эзэмшил нутаг, үүр буй газраа бусдад мэдэгдэж дайснаас сэргийлнэ.

Ой модтой газрын шар шувуу ихэвчлэн модны хонгилд, задгай газар амьдардаг нь газар дээр, ууланд бол хадны ангалд үүрлэнэ. Нийлсэн үржлийн хос насан туршид хамт байна. Хаврын эхэн сараас үүр засаж өндөглөнө. Харин шавьжаар давамгайлан хоологчдын үржил зуны дэлгэр цагт явагдана. Өндөг нь цагаан, дугариг хэлбэртэй. Нэг зун 1-10 өндөг гаргаж, эм нь сар орчим өндгөө дарна. Энэ хооронд эр нь хоол авчирч тэжээнэ. Ангаахайнууд үүрэндээ 2-6 долоо хоног тэжээлгэн бойжоод нисэх чадвартай болдог ба үүр орчиндоо 1-2 сарын туршид эргэлдэж байгаад өөрийн амьдралаа хөөдөг. Уультны багаас манай улсад 12 зүйл өргөн тархсан. Эгэл шар шувууны эрийнх нь далавчны дэлгэц 167-168см хүрнэ. Өмнөд Сибирь болон Улаанбаатар орчмоор тойрон амьдарна.

Эгэл шар шувуунууд царцаа, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчид, шувуу, элдэв мэрэгчид, зараа, гөрөөсний янзага, хярс, үнэгний гавар, элдэв мэрэгчид зэрэг өөрөөсөө бага биетэй зүйл бүрийн амьтдыг шөнийн харан­хуйд отож чимээгээр нь баримжаалан барьдаг байна. Нэг үүрэндээ тогтмол олон жил амьдарна. Үүрний орчимд барьж идсэн амьтдынх нь яс овоорсон байдаг. Хөнөөлт мэрэгчдийг устгадагаараа ач холбогдолтой.

Өвлийн эхэн сард цас орсны дараа тэд уулнаас бууж, тэжээл элбэг, нөмөр хонгил ихтэй газар хүнээс төдийлөн айлгүй үүрлэх нь бий. Суурин газар орж ирсэн эгэл шар шувуу гэгээтэй өдрийг байшингийн дээв­рийн хонгил зэрэг газар өнгөрөөгөөд үдшийн бүрэнхий, шөнийн цагаар ангуучилна. Хот сууринд амьдрагч шар шувуу хон хэрээ, хар хэрээ, тагтаа, улаан хошуут жунгаа, хээрийн ба оронгийн бор шувуу зэргээр хооллоно.

Эгэл шар шувуунаас бусад уультан нь шавьж мэрэгчдээр хооллодог. Манайд энэ шуувуу цөөрөх хандлагатай байгаа аж. Монголчууд ууль, шар шувуу байшингийн дээвэр, майханы нуруун дээр суухыг, шөнийн цагт дуугарахыг муу зүйл учрахын дохио хэмээн дургүйцэх нь бий. Харин казах үндэстэн түүнийг аллах бурханы элч, ислам шашинтны сургааль, мэргэн үг агуулагч хэмээн биширч өд сөд, толгой, сарвууг шүтээн болгон тахидаг байна.