Хур (Хар хур)


Lat: Lyrurus tetrix (Linnaeus, 1758)

Mon: Хар хур, Хур

Rus: Тетерев, косач

Eng: Black Grouse 

Ойн шувуу бөгөөд гол төлөв ойт хээрийн бүсэд ойн зах хормой, сийрэг цоорхой, хуш, хус, шинэсэн ойн зах, голын дагуух бургас шугуй бүхий газар амьдардаг. Энэ шувуу харьцангуй элбэг тааралддаг ч, гүн тайга, өндөр ууланд бараг нутагладаггүй. Биеийн урт нь 49-58 см, жин нь 0.9-1.6 кг. Ороо, хөөцөө буюу үржлийн үе нь сойрынхтой адил бөгөөд газар үүрээ засч, 5-р сарын сүүлчээр дунджаар 4-8 өндөг гаргана. Дэгдээхэйгээ бойжуулан 9-р сараас эхлэн бөөнөөрөө сүрэглэж амьдрах бөгөөд ургамлын үр жимс, бургас, хус модны гөлөг, навч нахиа, шилмүүсээр ихэвчлэн хооллоно. Тариан талбайд олноороо цугларч будаа тарианы хог хаягдлаар хооллох дуртай. Цас зудтай өвлийн хүйтэнд хур шувууд хоол хүнсний дутагдлын улмаас тариан талбайд 100 хүртэл сүрэглэн орж ирэх бөгөөд энэ үед машин, хүнээс тэр болгон үргэж нисдэггүй, нэг дор хэдэн арваараа буудуулах ч тохиолдол байдаг.