Хивсний үйлдвэр

1969 – 1971 онд БНАГУ-ын эдийн засаг, техник, технологийн тусламжтайгаар Улаанбаатар хотын Хивсний үйлдвэрийг барьж, машин тоног төхөөрөмжийн 90%-ийг БНАГУ-ын Текстима үйлдвэрээс хангажээ. 1972 оны 5-р сард байнгын ашиглалтад оруулах үед үйлдвэрийн ажилчдын 80% эмэгтэйчүүд байсан бөгөөд дундаж нас нь 23 байжээ. Үйлдэрийн анхны дарга Лхамсүрэнжав байсан бөгөөд 1971 онд ажилчдын 10 байр, 1972 онд 20 байр, улмаар ясли цэцэрлэг, амралт сувилал, эмнэлгийн салбаруудыг нээсэн нь ажилчид тогтвортой суурьшилтай ажиллахад их нөлөө үзүүлсэн байна. Үйлдвэрийн хүрээнд 100% ноосны Улаанбаатар, Алтанбулаг, 70% ноосны Алтай, гар хивсний Солонго зэрэг салбар үйлдвэрүүд ажиллаж байв. Тус үйлдвэрээс анхны Хөдөлмөрийн баатар Б.Гүнжийлхам төрөн гарсан бөгөөд тус үйлдвэрийн ууган ажилчны нэг ажээ. 1980-аад онд Монгол улс Улаанбаатар, Эрдэнэт, Чойбалсан хотод гурван хивсний үйлдвэртэй, бүтээгдэхүүнээ  социалист орнуудад экспортлодог байв.