Айдасын даваа

Төв аймаг орох замд нисэхийн өмнөх аманд байдаг овоо тахилгатай даваа бөгөөд Бээжин ороход давдаг, Бээжингээс Хүрээнд ирэхэд дайрч давж ирдэг гол даваа байжээ. Энэ даваагаар аянчин жинчин төрийн өндөр хэргэм цолтой түшмэдүүдийг угтдаг ба үддэг байжээ. Түшмэлүүд ирж буцахдаа бууж тоос шороогоо гөвж, овоо тойрч хүслээ шивнээд даатгаж хүндэтгэн өнгөрдөг даваа. Манж Чин улсын түшмэдүүд ихэмсэг дээрэнгүй, олон бараа бологч дагуулан уур омогтой ирдэг байжээ.  Угтаж буй Хүрээний түшмэдүүд зэрэг дэв доогуур бол улам их авир гарган ихэрхдэг байжээ. Занг мэддэг болсон Хүрээний түшмэлүүд ихэд айсан дүр эсгэж хүндэтгэл үзүүлж угтдаг ч өөр хоорондоо “өнөө айдас хүйдэсүүд чинь ирлээ” хэмээн шоолж угтдаг байснаас үүдэлтэйгээр Айдасын даваа болсон гэдэг.

Харин Газар усны нэр судлаач О.Сүхбаатар энэхүү үгийг хэл шинжлэлийн үүднээс нь тайлбарласан байна. Түүний судалгаагаар энэхүү нэр нь айдас хүйдэстэй огт холбоогүй бөгөөд үгзүйн хувирлаар өнөөгийн хэлбэрээ олсон үг ажээ. Уг нэр нь анх Байцын даваа гэдэг байснаа улмаар он цаг дамжин хэлэгдэхдээ Байдасын даваа болж, сүүлдээ хэлзүйн явцад Б үсэг нь гээгдэн Айдасын даваа гэгдэх болжээ. Уул усны нэр нь хэлбэр хэмжээ, ямар нэгэн түүхэн үйл явдлаар нэрлэгдэх нь олонтаа боловч хэлзүйн хувьслаар өөрчлөгдөн анхны нэрээсээ холдох тохиолдол цөөнгүй байдаг байна.

Сонсголон толгой: Яаралтай хэл дуулгах мэдээ өгөхөд зориулсан Морин буухиа элч довтолгон өртөөлөн мэдээ өгдөг байжээ. Айдасын даваан дээр хэдэн түшмэл, хэдэн дагуултай, ямар хөсөг унаатай ирж байгааг өртөөлөн хэлж дамжуулахад Сонсголон толгой дээрх элч Сонсголонгийн гарам дээрх буухиад хэлэх маягаар дамжуулж байснаас одоо хүртэл Туул голын гүүр байгаа газрыг Сонсголонгийн гарам, дээл талын толгойг Сонсголон толгой гэдэг байжээ. Ингэж шуурхай мэдээ авснаар хүндэт зочдоо угтах хийгээд зоог шүүс барих ёсыг чандлан хийж чаддаг байсан гэдэг.