Төрийн хүндэтгэлийн өргөө

Төрийн хүндэтгэлийн өргөө нь Төрийн ордны өргөтгөл болох Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын тавдугаар давхарт байрладаг байна. Энд Монгол Улсын төрийн тэргүүн хамгийн хүндтэй зочноо, тухайлбал гадаадын төр, засгийн тэргүүн, эзэн хаан, үе залгамжлах хунтайж нарыг хүлээж авдаг ба төрийн шагналаа гардуулдаг. Цагаан сараар төр засгийн тэргүүн нар золгодог ажээ. Энэ өргөөг Монгол Улсын гал голомт, энх амгалангийн билэгдэл, тусгаар тогтнолын илэрхийлэл, монгол угсаатан, монгол гаралтны тэмүүлэл, Монголын зан заншил, уламжлал, соёл, урлагийн хэм хэмжээнд илтгэн үзүүлсэн зүйл гэж үздэг. Монгол урчуудын ухаан, чадал зааж бий болгосон өргөөг 17- р жарны шороон хулгана жилийн өвлийн адаг сарын 30- ны билэгт сайн өдөр бүтээж дуусгаад Төрийн ордонд асаан залсан байна. Энэ нөр их ажлыг урлагийн зүтгэлтэн, сийлбэрч Д.Төртогтох удирдан хийжээ. Дээдэс тэнгэр, үүлэн хорвоогийн тавиланг энэ өргөөний орчинд дүрслэхийг зорьжээ. Тэг дугуй буурь, хошуу дөрвөлжин өрх, халуун хошуут аргаль хонины дүрслэл бүхий халзыг дөрвөн зүг, найман зовхист оосор бүслүүр, эд тэргүүтний хамт өнгө зүс, эд билэг хослуулан бүтээсэн нь өргөөний гадна байдлаас харагдана.

Төрийн  хүндэтгэлийн  өргөөний өмнө этгээдээс дөхөж очвоос үүд нь гурван давхар бөгөөд тэдгээр нь эртнээс уламжлалт ёсны дагуу ээлж дараалан нээгдэнэ. Хамгийн гадна талынх нь цагаан ширдэгэн үүд. Түүний түмэн насан хээн  дэвсгэр дээр эвхмэл үсгээр “Түмэн амгалан” хэмээн ширсэн байгаа. Түүнийг нээхэд хүрэн зандан хаалга үзэгдэнэ. Төрийн соёмбот, эрдэнийн чулуун шигтгээт хоёр хавтас бүхий энэ хаалгыг эрдэнийн 1380 төрлийн чулуу, зааны соёо зэргээс бүтсэн зургаан тольт чүнчигноров чимэглэлт ган сийлбэрээр чимжээ. Хаалганы түлхүүрийн улаан зандан модон дээр “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” гэж уйгаржин монгол бичгээр цалин цагаан мөнгөөр урласан байна. Гурав дахь нь Төр түвшин, Түмэн амгалан хэмээн хүндэтгэл үзүүлсэн торгон хатгамалан үүд. Түүний гадна тал тэнгэрийн өнгөтэй. Дотор талд нь “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай Хааны зарлиг их булхай эргэн дор хүрвээс аюутугай, биширтүгэй” хэмээсэн Чингисийн зарлигийг зээгт наамлын аргаар бүтээжээ. Ийнхүү гурван үүдийг дэс дараалан, ёс төртэй нээж, өргөөнд морилохуй багана үгүй, мөнх тэнгэрт тогтсон их найман ханат гэрийн доторх байдал нүдний өмнө харагдана.

Юуны урд өргөөний хоймор хараа булаана. Их эзэн Чингис хааныг бурханчилан бүтээсэн зураг хоймрыг эзэлнэ. Үүнийг “бурханч” хэмээн олонд алдаршсан урлагийн гавьяат зүтгэлтэн, лам Пүрэвбат бүтээжээ. Хөргийн баруун талд “Монголын нууц товчоо” хэмээх бидний сайтар мэдэх шастир, төрийн хар нум байна. Хөргөөс зүүн тийш Үндсэн хуулиудын хосгүй эх хувийг төрийн хан хуурын хамт залжээ. Энэ талд бас Монгол Улсын Төрийн далбааг байрлуулсан байна.

Хоймороос нааш голомтын зүүн дээд талд Монгол Улсын Төрийн тэргүүний алтан соёмбот сэнтий байна. Нөгөө талд нь хүндэт зочны суудал, тэр хоёрын дунд ногоон хаш ширээ тавьжээ. Эдгээрийн дор мөнх бадрахын билэгдэл түмэн наст хээг урласан цагаан эсгий ширдэг дэвсжээ. Өргөөний голд нарийн утга учир бүхий хээ угалзаар чимэглэсэн тэг дөрвөлжин суурин дээр Төрийн ган тулгыг тавьжээ. Энэ тулга өмнөх төрийн үеийн эд бөгөөд нэрт уран дархан Д.Энхдаваа оюутан ахуйдаа урласан гэнэ. Өргөөний ханын наагуур татсан торгон хөшиг дээр Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг хуучин бичгээр хатгамаллаж, доод талаар нь ан амьтан, араатан жигүүртний дүрсийг мөн утсаар мэтгэж урласан нь ертөнцийн өнгө аясыг дээдэлдэг монгол төрийн билэгдэл ажээ. Хөшиг нийтдээ 29 м шахам урт, 180 см өргөн ажээ. Харааг дээш өргөвөөс эрдэнийн чимэгт 108 унь, хорол тооно нүднээ тусна. Тооныг алт, мөнгө, чүнчигноров, оюу, номин чулуугаар чимэглэж, дөрвөн зүгт нь төрийн алтан соёмбыг алтаар цутгаж байрлуулсан байна. Унь болгон дээр “Монгол” хэмээн эвхмэл үсгээр бичиж, оюу, хаш, алт, мөнгө болон бусад эрдэнээр чимжээ.