Төрийн ордны Чингис хааны хөшөөт цогцолбор

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд орон даяар төр ёсны их баяр ёслол болгон тэмдэглэх ажлын хүрээнд “Чингис хааны дурсгалын хөшөө болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” байгуулагдсан юм. 2005 оны 9 дүгээр сард Ерөнхий сайд Ц.Элбэгдорж эртний заншлын дагуу шав тавих ёслолыг үйлджээ. Тус өргөөг барих газарт 88 төрлийн эд зүйлсийг бумбанд хийж лусын эзэнд өргөл болгож оршоожээ. Энэхүү 88 эд зүйлийн дотор Дэлүүн болдог, Хажуу булаг, Онон гол, Гурван нуур, Бүрги эрэг, Бурхан халдун уул, Хэрлэн гол, Хар зүрхний Хөх нуур, Онон мөрний Цагаан нуур, Хөдөө арал,  Орхон гол, Хөвсгөл нуур, Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуур, Чингис уул, Хатан Туул зэрэг Чингис хааны хүүхэд ахуйгаас насан эцэс хүртэлх түүхэнд холбогдох бүх дурсгалт газрын хөрс шороо, ус нуур булгийн дээжүүд, Их Аураг орд ба Хархорум хот, Дэлгэр мөрний хөвөөн дэх Мөнх хааны ордны тууринаас олдсон дурсгалт зүйлс орсон байна. Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын эхний хэсэг 2006 оны 7 дугаар сард нээлтээ хийжээ.

Энэ цогцолборын зураг төслийн архитектор М.Цэлмэг, уран барималч Я.Болд нар зохиожээ. Өргөөний өмнө талд Эзэн богд Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай сэцэн хааны хөшөөнүүд, зүүн өмнө талд Их Монгол Улсын зүүн түмний захирагч Го ван Мухулай, баруун талд нь баруун түмний захирагч, хүлэг баатар Боорчи нарын морьт хөшөөг байрлуулсан байдаг. Баганат цогцолборын баруун хэсэгт  “Монголын төр улсууд”, зүүн хэсэгт “Их Монгол Улс - Эзэнт гүрэн” хэмээх шилэн зураг бүтээсэн байна. Шилэн зургийн зохиогч нь зураач Н.Амгаланбаяр бөгөөд Д.Гантулга захиралтай “Шилэн хийц” ХХК гүйцэтгэжээ. Шилэн урлалын орчин үеийн технологиор бүтээгдсэн эдгээр зураг тус бүр нь 18.2 х 7.2 метр хэмжээтэй. Мөн тус цогцолборт Монгол Улсын төрийн 2000 гаруй жилийн түүхэн хөгжлийг харуулсан "Төрийн түүхийн музей" байгуулагдсан ба үзмэрийг шинээр байгуулагдаж буй “Чингис хааны өв соёл музей”-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Эзэн Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборт Цагаан сарын шинийн нэгний золголт, Үндэсний их баяр наадмын хүлээн авалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, гадаад орнуудын төр засгийн тэргүүний уулзалт, итгэмжлэх жуух бичиг хүлээн авах  гардуулах ёслол болон төрийн шагнал, одон, медаль гардуулах ёслол зэрэг төрийн бүхий л өндөр хүндэтгэлт ёслолын арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.

Жич: Улаанбаатар хотод Чингис хааны хэд хэдэн хөшөө байдаг. Тухайлбал. Их засаг сургуулийн өмнөх талбайд Д.Наранжавын зураг төслөөр 1996 онд бүтээсэн Чингис хааны цээж баримал, Буян-Ухаа дахь олон улсын нисэх буудал орох замд Чингис хааны морьтой хүрэл хөшөө, мөн Баянгол зочид буудлын хашаанд Чингис хааны морьтой хөшөө байдаг.