Монгол ард эскадрилын хөшөө

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх “гурван онгоцтой хөшөө” бол 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулагджээ. Эх орны дайны хүнд үе болох 1943 онд Монголын ард түмний хуримтлуулсан хөрөнгөөр Зөвлөлтийн Улаан армид нисэх онгоцны “Монгол ард” эскадрил буюу “Ла-5” загварын байлдааны 12 онгоц бэлэглэсэн түүхтэй. Энэ хөшөө буй газрыг Хүрээний консулын дэнж гэдэг байсан бөгөөд анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох Ю-13-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.

Монгол-Зөвлөлтийн найрамдалт харилцааны нотолгоо болсон “Монгол ард” эскадрилийн хөшөөг сэргээн засварлажээ. Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэж байдаг цэлмэг тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг сэргээхэд 42 сая төгрөг орсон байна. Уг хөшөөг дэлхийн II дайны үед Зөвлөлтийн улаан армид зориулан Монголын ард түмний тусламжаар байгуулжээ. Хөшөө боссон цагаас хойш 25 жилийн нүүр үзэж байгаа ч бүрэн хэмжээний засвар хийж байгаагүй юм байна. Энэхүү засварын ажлын хүрээнд 2188 ам метр талбайг зүлэгжүүлэн мод бут тарьж, том жижиг 15 гэрэл суурилуулан хөөрч буй онгоцны утааг дүрслэн нэмэлт гэрэлтүүлэг хийсэн байна. Мөн хөшөөг тойруулан Монгол Оросын болон нийслэл дүүргийн далбааг байрлуулсан байна.