Монгол гэрийн бүрдэл хэсгүүд

Одоогийн монгол гэрийг гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэж хоёр ангилдаг бол монгол гэрийг дотор нь халх, баяд, дөрвөд, буриад гэж хуваана. Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн гол хэсгээс бүрдэнэ. Яс мод гэдэг нь хана, унь, хаалга, тооно,  бүрээс гэдэг нь өрх, дээвэр, туурга, үүд юм. Мөн хошлон, бүслүүр, даруулга гэж байх бөгөөд яс мод, бүрээс зэрэг нь цөм өөр хоорондоо тодорхой харьцаа тогтолцоотой байдаг. Монгол гэрт зундаа сэрүүн агаарын солилцоо сайн явагддаг, өвөл дулаан хадгалах чадвартай, хурааж барихад хялбар байдаг. Томох, ширэх, оёх, сийлэх, зурах, будах зэрэг гар урлалын цогц бүтээмж юм.

Багана: Гэр барих, буулгах үед баганын тусламжтайгаар тооноо дээш өргөж буулгадаг. Тооно тэгш байх нь байгалийн шуурганаас болж гэр хазайх, унахаас урьдчилан хамгаалж байгаа юм. Баганын өндрөөр гэрийн өндөр тодорхойлогдоно. Баганын өндөр хаалганаас 1.5 дахин өндөр байдаг бол шалны голч тоононы голчоос 4 дахин том. Баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог хэмээн үздэг учраас багана түших, тэврэх, барих, ялангуяа алдлахыг цээрлэдэг. Гэрийн багана нь гэрийн зовлонг үүрч явдаг гэж үздэг учраас хүүхдийг баганаас зовлонг авна гэж үздэг. Баганыг монголчууд ертөнцийн босоо тэнхлэг, хүний хөл тулгуур эрхтнээр төсөөлдөг байна. Мөн хоёр багана бол эхнэр нөхрийг төлөөлдөг болохоор хоорондуур нь гарах, дундуур нь юм өгч авахыг цээрлэдэг.

Өрх: Тоононы хэмжээгээр эсгий авч дөрвөлжин эсгээд, захыг тойруулан зээглэнэ. Тоонон дээгүүр өрхийг бүтээж нар салхи, цас бороо, шороо, хурц гэрэл гэгээнээс хамгаалах, мөн гэрт тусах нарны гэрэл гэгээг тохируулдаг. Дөрвөлжин өрх, хошуут өрх, гурвалжин өрх гэж гурван янзаар дэлгэрсэн байна. Өрхний байдлыг хараад тухайн айлын байдлыг ойлгож болно. Шөнөдөө өрхөө урагш нь татаж бүтээж хоноод маргааш өглөө нь гэрийн эзэгтэй өрхөө хойш нь татдаг. Хэрвээ маргааш өглөө өрх нь бүтээлгээстэй байвал тухайн айл босоогүй байна гэсэн үг. Мөн өдөржин өрх нь бүтээлгээстэй байвал тэр айлынхан эзгүй хол явсан, эсвэл ямар нэгэн муу юм тохиож тэр айлд хүн нас барсан байна гэж ойлгогдоно. Өрхийг тоононы малгай байдлаар төсөөлдөг учраас дээгүүр нь алхах, дээр нь суух, гишгэх, газарт хамаагүй хаяхыг цээрлэдэг. Тухайн айлын хийморь лундаа унана хэмээн үздэг.

Тооно: Монгол гэрт гэрэл гэгээ оруулах, утаа уурыг гаргах, унь тогтоох голдоо хөндлөн гулд чагт тэмдэгтэй дугуй цагираг хүрээг тооно гэнэ. Тооно нь гэрийн орон зайг ихэсгэх, багасгах, гэрт гэрэл гэгээ орох, гэрийн бүтэцийг бий болгоход их үүрэгтэй. Тооныг дөрвөд баядууд “хараач”, өөлд торгууд, урианхай, захчингууд “гараац” гэдэг. “Хараач” гэдэг нь од эрхэс, гэгээ гэрэл, тэнгэрийн байдал зэргийг нүдээр үзэх гэсэн санаанаас үүдэлтэй, “гараац” гэдэг нь гэр доторхи задгай галын утаа, цай хоолны уур униар гэр дотроос гадагшлах, гарах гэсэн утгаас үүдэлтэй ажээ. Гэрийн ерөөлд “Нарны гэрлийг нааш оруулагч, галын гэрлийг гадагш дэлгэрүүлэгч...” гэж хэлсэн байдаг. Гэрийн тооныг улаан, улбар шар өнгөөр голчлон буддаг нь нарны бэлгэдэлтэй холбоотой юм. Мөн хүний бие эрхтэнээр төлөөлүүлэн хэлбэл толгой, тэргүүн болно. Тийм учраас тоонон дээгүүр алхах, гишгэхийг цээрлэнэ. XIX-XX зууны заагт халх гэрийн тооно нь хэлхээ буюу “сархинаг”, сараалжин буюу “цамхраа”, хорол буюу “хүрдтэй тооно” гэж ялгагддаг байв. Сархинаган тооно нь уньтайгаа хэлхээтэй, голчоороо хоёр салдаг, ямар ч ширүүн салхи, бороонд унадаггүйгээр үл барам хаяаг нь дээш сайн шуухад үерийн ус дайраад өнгөрөхөөс биш аваад хаячихдаггүй байна. Хожим унь тооно нь саланги болж хатгуур тоонот гэр үүсчээ. Сархинаг тоонот гэрийг 1950-иад он хүртэл Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчид ихээр хэрэглэж байжээ. Нүүдлийн үед хамгийн тохиромжтой тоононы нэг бол цамхраа тооно бөгөөд энгийн хийц бүтэцтэй учир хөнгөн, бөх бат байдаг. Цамхраа тоононы хийц бүтцэнд хувьсал, өөрчлөлт гарсны дүнд хүрдтэй тооно үүсчээ. Голыг тойруулан модон цагирагаар бэхэлсэн тэр хэсгийг хүрд буюу хорол гэж нэрлэснээс тийнхүү хүрдтэй тооно гэгдэх болжээ.

Тулга ба тулганы гал: Тулга бол гэрийн зайн хамгийн төвд байрлах онцлогтой билээ. Гэрийн гал голомт тулгын гурван хөл бол эзэн эзэгтэй бэр гурвыг төлөөлж, эцэг нь баруун тал, эх нь зүүн тал, бэр нь урд талд байгаа байдлаар тулгаа тавьдаг ёс дэлгэрсэн байна. Урьд цагт үхэр сүргийн тоог мянгад хүргэсэн айлд ган тулга өгдөг байсан бөгөөд энэ уламжлал ХХ зууны эхэн үед, дунд үед ч төрөөс олгодог шагнал байжээ. Ган тулга өгдөг учир нь тухайн айл өрхийн гал голомт нь өнө мөнхөд ган болд мэт бадартугай гэсэн бэлгэдэлтэй ажээ. Монголчууд галын бурханыг галын дөлд гурван настай балчир эрэгтэй хүүхдийн дүрээр сууж байдаг гэж ярьдаг бөгөөд шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс, болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Мах шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлгэддэг. Галд өргөхдөө “Болж яваг гэж богино хавиргаа, бүтэж яваг гэж бүдэрхийгээ, баяжиг гэж булуугаа өргөе” хэмээн ерөөн хэлдэг. Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Тулган дээр тогоогоо тавихдаа баруун хойш үл мэдэг хазайлган тавьдаг нь өөдлөн дэвжиж баяжихыг бэлгэддэг. Отгон хүү юмуу ганц хүү төрөхөд “гал дээр гарсан хүү”, “голомт залгах үр”, “гал манах үр” гэхчилэн бэлэгшээсэн үгийг хэлдэг. Монгол хүн гэрлэхдээ тулгандаа буюу гал голомтондоо мөргөдөг.

Туурга: Эсгийг хэсэг хэсгээр хэсэгчлэн эсгэж туурганы хормой, хоолойг тохируулдаг. Туургыг хормойгоор нь 9 метр, хоолойгоор нь 7.5 метр хэмжээтэй эсгэн танаж морин туурга хийдэг. Эрт үед буга, зээр, гөрөөсний арьсаар дээвэр туургаа хийдэг байжээ. Гэрийн дээвэр туурга, ханыг тогтвортой байлгах үүрэгтэй бөгөөд хялгас томж бүслүүр хийнэ. Гэрийн бүслүүр нь өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг,  балчир, идэр, өтгөс гурван үеэрээ бат бэх байхыг бэлгэддэг.

Унь: Монгол гэрийн доторхи нарны цацрагийг бэлгэдэж байдаг. Унийг улиас, хар мод, бургас модоор хийх бөгөөд шулуун унь, үзүүр сагалдрага хэсгээрээ матигар унь гэж хоёр янзын байдаг. Шулуун унийг урлахад гэрийн бусад мод хийхээс төвөггүй бөгөөд нүүдлийн үед тээвэрлэхэд нэн хялбархан. Махир үзүүртэй унь нь гэрийн туурганы хоолойг элэгдэхээс хамгаалах, мөн гэрийн хананы эрсийг өндөр болгох, гэрийн гадаад хэлбэрийг бөмбөгөр байдалтай болгох, мөн салхины хүчийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Тооно голлуулсны дараа баруун зүүн урдаас, хойд талын голоос хоёр тийш нь өлгөнө. Униа өлгөөд гэрийн мод тооноо тал талаас харж хананы өндрөөр тааруулан заслага хийнэ. Таван ханатай гэрийн унь том жижгээс хамаарч 2-2.5 метр урттай байдаг бол дөрвөн ханатай гэрийн унь 1.5-2 метр урттай байдаг.

Үүд буюу хаалга: Хүн гэрт орох гарахад зориулагдан үүдэн хаалга буй болжээ. Хаалга нь монгол гэрийн ханыг тогтоох гол зүйл. Төрөл хэлбэрээр нь жаазан хаалга, хавтсан хаалга гэж ангилна.  Монголчууд голдуу жааз модон хаалга хэрэглэдэг. Гэрийн хаалгыг нар мандах зүүн урд зүг, чанх урд зүг рүү харуулж барьдаг. Монгол орон үргэлж хойноос салхилж байдаг учраас салхийг хаах зорилготойгоос гадна гэрийн тооноор тусах нарны гэрлийн тусгалыг харж цагийн нарийн хуваарийг мэдэж өдөр тутмын ажлаа зохицуулдагтай холбоотой. Эсгий үүд эртнээс гэрийн хаалганд хэрэглэгдэж ирсэн бөгөөд эсгий үүд нь ачих тээхэд хөнгөн учраас нүүдлийн байдалд тохиромжтой. Эсгий үүдэнд хоолойвч, их бие, зээг, эмжээр, ширээс зэрэг зүйл ордог. Эсгий үүдэнд нутаг нутгаас шалтгаалан янз бүрийн хээ угалз тавих бөгөөд голдуу усан долгио, зоосон хээ зэргийг голоор нь ширдэг. Үүдийг тойруулан алхан хээгээр эмжиж, ирмэгийг дагуулан цагаан ба хар хос зээг барин чимэглэж бэхэлдэг байв. Халх, Ойрад, Буриад, Өвөр Монголчууд гэрийн эсгий үүдийг зөв талаас нь зөв гараараа сөхөж ордог бол хасагууд буруу талаас нь солгой гараараа сөхөж ордог. Ширмэл эсгий үүдний захаар эсрэг эрчтэй нарийн хар дээсээр хөвөөлдөг нь үүд хаалгаар гэрт муу зүйл орох, өвчин зовлон тусахаас хамгаалсан “дом” бэлгэдлийн утгатай. Мянгад ястны гэрийн үүд хөх өнгөтэй байдаг нь мөнх тэнгэрийг бэлгэддэг. Гэрийн үүдийг шовх хадан хясаа, уулын ам, хөндий жалга харуулан барихыг цээрлэдэг бөгөөд энэ нь хүн малын гарз гарна гэж үздэгтэй холбоотой. Харин уулын ар, тэгш талыг тааруулж барьдаг уламжлалтай.

Хана: Ханыг шорон хана, хөлт хана, хатгуур хана, сараалжин хана, морин хана, хонин хана, хурган хана гэж ялгадаг. Халхад сараалжин ханыг хэрэглэдэг бөгөөд түүнийг морин хана гэж нэрлэх нь ч бий. Хурган хана гэдэг нь хурганы толгой багтахааргүй тийм жижиг нүдэн хана юм. Гэрийн ерөөлд “хойд хангайн бургасаар хавирга юугий нь хийсэн...” хэмээн хэлсэн байдаг. Гэрийн хана, туурганы ёроол хэсгийг хаяа гэнэ. Гэрийн хаяагаар тойруулан ороох эсгий, мод зэргээр хийсэн хэрэглэл хаяавчийг “иргэ” гэж нэрлэх нь бий. Гэрийн хаяавч буюу иргэний өнгө нь тухайн ястны зан үйлийн бэлгэдлийг илэрхийлдэг. Мянгад ястны гэрийн хаяавч хар өнгөтэй байдаг бөгөөд ид хав, хүчин чадал, овор сүр ихтэй байдлыг бэлгэдсэн байдаг байна.

Чагтага: Шинэ гэр барихад чагтаганаас арвай боосон хадаг уяж, тэр айлын гал голомт будаа шиг дэлгэрэх, огторгуй шиг цэвэр, тунгалаг байхын бэлэгдэл болгодог. Чагтагыг унинд хавчуулдаг бөгөөд ихэнх хэсгийг хонины ходоод ба гүзээний хэлбэр гарган, үлдсэн хэсгийг өлзий утас маягтай хавчуулдаг. Тоононы чанх голоос гэрийн унинд чагтага хавчуулж эхлэх хүртлэхийн хоорондох хэсгийг цээлхэн тавьдаг. Тэр хэсэг эзэн хүний бодол санаа, энх амгалан уужим байхыг бэлэгшээсэн утга бүхий юм. Чагтагыг өлзий хэлбэр гарган хавчуулахдаа өмнөөс нь хойш гүйлгэн хавчуулах бөгөөд задгай үзүүр талыг гэрийн үүд рүү хандуулна. Үүдээр дамжин их олз орж ирэн задгай үзүүр хэсгээр дамжин чагтаганы мухарт хуран цугларахыг бэлгэддэг  ажээ. Чагтагыг буурны ноосоор хийдэг ба  энэ нь хүчтэй цас шороон шуурганд бууран тэмээ мэт бат бөх сөрөн зогсоно хэмээх утгыг илэрхийлдэг. Салхитай үед чагтагыг буулган үзүүрт нь хүнд жинтэй юм уяж тавих юмуу гадаслан уядаг. Энэ нь гэр салхинд хөдлөхгүй байхад тус болдог. Чагтагыг зарим үед улаан өнгийн бөсөөр бүрсэн байх бөгөөд энэ нь тухайн айлын дэвжин дээшлэх утгыг агуулдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах