Овоо ба тахилга

Балар эрт цагт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр, олз омог ихтэй газар, амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газар, эсвэл аюул осол ихтэй орон нутгийг бусаддаа дохиолох, сэрэмжлүүлэх зорилгоор элдэв тэмдэг тавьж ирсэн нь хожим овоо болон хөгжсөн гэж үздэг. Эхлээд хүмүүс модон дээр зурах, хэрчлээс тавих, газар нүхлэх, чулуу мод цуглуулан тэмдэг тавих зэргээр мэдээлэл үлдээдэг байжээ. Модон дээрх хэрчлээс зэргээс бичиг үсэг үүсэж, овоолж цуглуулсан мод чулуунаас нь овоо үүссэн гэж тайлбарладаг. Овгийн байгуулал бий болох, задрах, бусад бүлгээс салан тусгаарлах үед овоо нь эзэмшил нутгийг зааглах үүрэгтэй байжээ. Дараа нь бөө мөргөлтэй холбоотойгоор овоо хөгжиж, бөө хүмүүс газар усны эзэд, сүнс сүлдтэй холбогддог тэр газартаа шүтлэг бишрэлийн үүднээс овоо босгож шүтэж иржээ. Тийнхүү овоо босгосон газраа эрчим хүчний төв, онгод хийморь сэргээгч, тэнгэр эрхэс, сүр сүлдтэй холбоо барьдаг, ер бусын ид шидтэй орон зай хэмээн итгэдэг. Мөн газар ус, ургамал амьтан, мод зэрэг байгаль, дээрх бүх зүйл өөрийн харж хандаж, ивээж тэтгэдэг эзэнтэй, тэдгээр эзэд нь лус савдаг, тэдний оршин амьдардаг орон байр нь “овоо” юм гэж ойлгож ирсэн. Булаг шандны эх, хоёр голын бэлчир зэрэг дээрх овоог Лусын хаадын өргөө, уулын оргилын овоог Уулын эзэн савдагийн орон гэж тайлбарладаг. Уул хадтай газар чулуугаар, чулуу багатай газар элс шороогоор, модтой газар модоор овоо босгон тахидаг. Лус савдагийн эзэмшлийн уул ус, ан амьтан, ургамал, эрдэс баялагтай зүй бус харьцвал хилэгнэн догширч ган ганчиг тохиолдож, мал сүрэг үхэж, өвчин зовлонд нэрвэгдэх явдал гардаг гэж ойлгодог учраас аль болохоор сүрлэг өндөр газруудаар овоо босгож, идээ цагааныхаа дээжийг тавьж мөргөдөг.

Лус савдагийг баясган тахиваас тэдний ивээлд багтан буян хишгийг нь хүртэнэ гэсэн шүтлэг бишрэлийн үүднээс овоог тахиж ирсэн. Цагаан лустай уул овоог тахихдаа голдуу цагаан идээ, айраг таргаар тахидаг бол догшин буюу хар лустай уул овоог тахихдаа мах шүүс, архи сархадаар тахидаг. Овоог цусаар тахихдаа мал нядалж овооныхоо өмнө тавьж, шар тос, шинэ сүү, архи сархадаа овоо тойруулан байгаль дэлхийд өргөн цацаад бурхан сахиусандаа өөрийгөө даатган залбирдаг. Галаар тахихдаа овооныхоо өмнө түлээ овоолж гал ноцоогоод, өөрийн нэрээ айлтгаж, бүхэл махаа галд өргөдөг бөгөөд гал хэдийчинээ дүрэлзэнэ, төдийчинээ сайн байдаг. Учир нь Монголчууд галыг хамгийн ариун бөгөөд ад зэтгэрийг зайлуулдаг, хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үздэг. Он цаг наашлах тусам овоо тахихдаа наадам хийж, бөх барилдаж, сур харваж, морь уралдах болжээ. Уул овоог засаг төр, ихэс дээдсийн тогтоосон өдөр хоног буюу лусын буулттай өлзий хутаг бүрдсэн хавар намрын өдрүүдэд тахидаг ёстой. Овоо тахилгад бөө удган нар оролцож байгаа бол эхлээд тэд бөөлнө, хэрвээ лам нар оролцож байгаа бол тэд эхлээд ном уншина. Бөө мөргөлд овооны онго гэж байдаг. Бөөлөхийн өмнө овооны онгыг урин дуудаж, газар усны эздийг монгол хэл аялгуугаар дуудан ярилцаж, овоог есөнтөө нар зөв тойрч, өмнө нь есөн удаа сөгдөн залбирч өчил өчин цацал өргөдөг байжээ.

Овооны амин сүнс нь голд хатгах мод бөгөөд Сорогшин мод, залмал мод гэх мэтээр нэрлэдэг. Голдуу бургас, хус модоор хийх бөгөөд монгол нутаг даяар голын хөндий эрэг дагуу маш сайн ургадаг мод учраас ихээхэн дээдэлж иржээ. Монголчууд овооны дэргэдүүр шууд өнгөрдөггүй бөгөөд заавал мориноосоо бууж мөнгө төгрөг тавих, архи идээ цацах, мориныхоо дэл сүүлнээс тасдаж овоон дээр уяж тавих, овоонд чулуу нэмж, “овооны эх нь танд, олзны их нь маньд” гэх мэтээр ерөөн хүснэ. Хэрвээ яаруу сандруу яваа бол зүүн дөрөөнөөс хөлөө мултлан, “Өлзий хутаг орших болтугай” хэмээх ерөөлийн үг хэлж хүндэтгэн өнгөрдөг заншилтай.

Шүтлэг бишрэл, ёс жаяг, зэрэг зиндаанаас хамааран зарим хорио цээрийн ойлголт бий болсон. Хүн бүр очдог очдоггүй овоо, хүүхэд эмэгтэйчүүдийн болон зөвхөн эрчүүдийн овоо гэж бий. Отгонтэнгэр уул, Богд хан уул, Бурхан халдун уулыг 1995 онд, Дарь-Овоог 2004 онд, Алтанхөхий уулыг 2005 онд, Суварга хайрхан уул, Ханхөхий уул, Сутай хайрхан уулыг тус бүр 2007 онд төрийн тахилгатай болгожээ. Эдгээр ууланд зөвхөн эрчүүд гардаг бөгөөд зарим даваан дээр ганц биш олон овоо зэрэгцүүлэн босгодог уламжлал бий. Жишээ нь, өл халзан давааны 13 овоо, Хатгины 13 овоо, Зотол ханы 13 овоо гэх мэт алдар цуутай овоонууд бий. 13 гэдэг нь дархадуудын шүтдэг тоо бөгөөд хүний ертөнцөд оршиж байгаа орон зайнд 10 зүг, 3 цаг байдаг. Энэ хоёрын нийлбэр нь 13-ын тоог бий болгож байгаа ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах