Байгаль хамгаалах хууль

Дэлхий дээр хамгийн анхны байгаль хамгаалах, дархан цаазат газартай холбоотой заалтыг Чингис хааны “Их засаг” хуулинд тусгажээ. Улирал тутам нутаг сэлгэн нүүдэллэх журмыг тодорхой зааж бэлчээрийн тэнцвэрт байдлыг хадгалах, их ав хоморгыг хаврын улиралд хийхгүй байх тухай заажээ.

Дундад зууны үеийн “Халх журам” хуулинд газар тариалангийн газрыг малын бэлчээрийн газраас зааглах, гол усыг хамгаалах, гал түймрээс сэргийлэх, ургамал амьтны төрөл зүйл, ой болон тал хээрийн бүсийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээг хамарч, уул овоо тахих ёсыг анх удаа төрийн бодлогын хэмжээнд авч үзсэн байна.

1921-1990 оны хугацаанд байсан байгаль хамгаалах албан ёсны хуулийн заалтуудыг нэгтгэн улам боловсронгуй болгож 1995 оноос “Байгаль орчныг хамгаалах тухай” тусгай хууль, “Байгалийн ургамлын тухай”, “Байгалийн ургамлыг ашигласны төлөөх төлбөрийн тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” гэх мэт хуулиудыг баталж, олон улсын байгаль хамгаалах гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн оржээ. Социалист нийгмийн үед ой модны нөөц багатайгаа харгалзан үзэлгүйгээр модны экспортыг нэмэгдүүлэх бодлого явуулсан нь олон гол мөрөн ширгэж, ган гачиг тохиолдох, байгалийн тэнцвэрт байдал алдагдах гол шалтгаан болжээ.