Цээрлэх ёсон: Ахуй байдал

  • Айл нохойгоо хорихгүй, гэрээс хүн гарч угтаагүй бол заавал буух, орох гэж зүтгэхийг цээрлэнэ.
  • Айлд эд юм, эс бөгөөс бэлэг хүргэж яваа хүн түүнийгээ доод талдаа тавихыг цээрлэнэ. Заавал дээд талдаа тавьдаг нь хүндэлж буйн тэмдэг.
  • Айлд өвдгөө салаавчлах, хөлөө ачиж суухыг тавьтаргүй, ёс үл мэдэгч хэмээх тул цээрлэнэ. 
  • Айлд нөмгөн (бүсээ бүслээгүй) орохыг цээрлэнэ. Бэлбэсэн, уй гашуу тайлаагүй үед нөмгөн орж болно.
  • Айлчилж хонох хүн гэрийн эздээс ор дэвсгэр засаж өгөөгүй байхад бүхлээр буюу хувцсаа тайчин хэвтэхийг цээрлэнэ. Зөрчвөөс ёс алдана, жудаггүй гэгдэнэ.
  • Айлын тулга, зуухыг өшиглөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гал голомтод халдав, доромжлов, муу ёр удлаа хэмээн сэжиглэнэ.
  • Алах ялтныг эгцлэн харахыг цээрлэнэ. Гай барцад нь харсан хүнд тусаж, дагана хэмээн цээрлэдэг учир тэр бөлгөө.
  • Ална гэдэг үгийг хамаа бус хэлэхийг цээрлэнэ. Хонь мал муулах, гаргах, махлах, төхөөрөх гэхчлэн цээрлэн хэлдэг ёсон буй.
  • Алга ташихыг цээрлэнэ. Алив муу юмыг зайлуулах, үргээхэд довогдох (алга таших) ёс буй учир алга ташихад хишиг буян зайлдаг хэмээн цээрлэдэг бөлгөө.
  • Алгаа хамаа бус хүнд үзүүлэхийг цээрлэнэ. Учир нь гарын алганы зураас тухайн хүний заяа тавилангийн толь мөн хэмээн үздэг учир нуудаг бөлгөө.
  • Алхаж гишгэхдээ таахалзах, алцаганахыг цээрлэнэ. Хэрэв тийн явбаас ёргио сагсуу, аальгүй, эс бөгөөс өвчин согогтой гэнэ.
  • Алтан гадас одны зүг харж гадаалах (морь харах)-ыг цээрлэнэ. Одот тэнгэрийг хүндлэхийн учир тэр болой.
  • Алт, мөнгө, эрдэнэсийг хамаа бус эдэлж хэрэглэхийг цээрлэнэ. Буян барагдана, хүндэднэ, атаач, жөтөөч, авилга шунахайн хорхойг асаана гэх буюу "Эрдмээр биеэ чимэхийн өмнө эдээр биеэ чимэх донтон" гэгдэнэ.
  • Билүүг гараар өгөх  авахыг цээрлэнэ. Заавал тавьж өгөх буюу тавьсны дараа авна.
  • Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Хог хаягдлыг оргүй болгон цэвэрлэж, цэмцгэр болгоод нүүнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиулсан тэнгэр хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэнэ.
  • Буурин дээрээ яс үлдээхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс мал сүрэг ховордож, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна.
  • Бууны амыг дээш харуулан үүрхийг цээрлэнэ. Дайн байлдаанд ялагдсан цэрэг бууны амыг дээш харуулан үүрдэг учраас тийнхүү цээрлэдэг ёс бий болжээ.
  • Бэлэг сэлт хүргэхдээ сондгой тоотой эд юм өгөх (3,9-өөс бусад) өргөхийг цээрлэнэ. Тэгш буюу хос эд юм бэлэглэвэл эд арвижихийн бэлэгдэл гэнэ.
  • Галд сүү тусаахыг цээрлэнэ. Үнээ малын хөх гэмтэнэ, сүү татрана гэж үздэг.
  • Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө.
  • Гэр барьж байгаатай таараад унь өлгөлцөлгүй, дээвэр тавихад туслалгүй явахыг цээрлэнэ. Учир нь айл гэрийг хүндэлсэнгүй, эв эе эвдэрсэний шинж.
  • Давс харамлавал цавь нь цоорхой, эвэрхийтэй хүүхэд гарна.
  • Дал идэхдээ шүдээрээ зулгаахыг цээрлэнэ. Заавал хутга хэрэглэнэ. Эс тэгвээс бөөлжнө.  
  • Дуутай бороо орох үед айраг бүлэхийг цээрлэнэ. Аянга бууна.
  • Дээл хувцасан дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Эзэн дээгүүр нь гарсантай адил гэж үзнэ.