Монгол хоол - бууз

Манай эринээс өмнө гурил зуурч элдэх арга үүссэн гэдэг. Элдсэн гуриланд ургамлын үр, үндэс, навч, ангын мах зэргийг ороож идэх болсон аж. Харин махыг гуриланд ороож идэх ёс Азийн орнуудад дэлгэрчээ. Харин монгол буузны хувьд хаана ч давтагдахгүй жор найрлагатай.  Бууз нь анх урд хөршөөс манайд орж ирсэн хоол бөгөөд хэлбэр дүрс, хэмжээ, амт найрлагаар ялгарч “монгол үндэсний хоол” болон хувирч хүндэтгэлийн идээ зоог болтол хөгжиж чаджээ.

Монголчуудын буузны жор бол мах ба хонины сүүл голлох бөгөөд халиар, гоньд, халгай, хөмүүл гэх мэтээр амталж өвөрмөц тансаг амт оруулна. Мөн буузыг хонин бууз, тарваган бууз, майхан бууз, цэцгэн бууз, саран бууз, бөөрөнхий бууз, гонзгой бууз, залхуу бууз, хонхорцог бууз, таван хошуу бууз, цагираг бууз, овоодой бууз, цорготой бууз гэх мэтчиилэн чимхэлт ба хэлбэр дүрсээр нь нэрлэж иржээ. Хэдхэн жилийн өмнө дээлний буюу “гангачуулын бууз” гэж байв. Үүнийг “Хүрээний бууз” гэж нэрлэх нь ч бий. Учир нь хүрээнийхэн ганган гоё хувцасладаг байсан ба идэж уухдаа хүртэл анхаарч гоё ганган хувцсаа буузны шөл тосоор мялаахгүйн тулд нэг үмхэлтээр идэж болох жижиг чимхсэн бууз хийдэг байжээ.

Сүүлийн үед нэрэндээ тохирохгүй олон буузнууд бий болж, зөвхөн мөнгө олох зорилгоор буузны уламжлалт сайхан амт чанарыг алдагдуулсан, монгол хүний ходоод гэдсэнд халгаатай, ууж болохооргүй тосорхог шөлтэй буузнууд их болж түүнийгээ хаан бууз, хатан бууз, заан бууз, шим бууз, зочин бууз гэх мэт “том” нэр хайрладаг болсон нь тийм ч оновчтой биш аж. Жигнэж болгосон буузыг уур нь савсаж байхад сэвээд зочныхоо нүдний өмнө таваглаж дайлах нь жинхэнэ монгол ёс юм. Монголчууд зочиндоо хөрсөн бууз өгөх, хөрсөн буузаа халааж өгөхийг цээрлэдэг ба дахин халаах юм бол жинхэнэ монгол амт жор байхгүй болохоос гадна зочноо үл хүндэлсэн болно.

Өөх мах нь тохирсон нэг ширхэг бууз ойролцоогоор 40 ккал илчлэг агуулдаг. Хэрвээ буузандаа өег болгох нэрийдлээр гадар ба дотор өөх, сүүлний өөхийг хэтрүүлэн хийвэл энэ илчлэгийн хэмжээ ихдэнэ. Нэг дор өөх тос ихтэй буузыг олноор идвэл өдөр тутамдаа авах илчлэгийн хэмжээнээс хэтрэхээс гадна ходоод гэдэс хямрахад хүргэдэг. Судалгаанаас үзэхэд, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг пурины суурь гэдэг нь хонины маханд, карнозин, креатин зэрэг азотит бодис, холестерин, лецитин гэх мэт нь үхрийн маханд ихээр агуулагддаг ба боловсруулах явцад цөс, нойр булчирхайн ачаалал эрс ихэсдэг байна.

Битүү хоол нь тохируулан хэрэглэвэл эрүүл мэндэд нэн тустай ажээ. Ядаргаа тайлах, хий хуйг биеэс хөөх, биеийн тамир сэргээх нөлөөтэй. Битүү хоол болох буузны орц нь жигнэх явцад тэжээллэг чанараа хадгалж чаддаг байна. Буузыг Хятадад баозы, Японд гёоза, хөөлгөснийг нь никүман, Балбад момо, Дундад Азийн орнуудад манты, Солонгост манду, Буриадад позы гэх мэтээр нэрлэжээ.