Бий биелэг

Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй ажээ. Төв Халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин, торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна.

Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай “Монголын нууц товчоо”-нд өгүүлжээ. Халх бүжиглэлийн ерөнхий төрх нь дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх гэсэн олон хэлбэртэй. Мөн хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, сэнсэрч эргэх, хуульж эргэх гэсэн үсрэлтүүдтэй. Намируулах, үелзэх, дэвэх гэсэн гарын хөдөлгөөнүүдтэй байдаг бол бий биелэгийн хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялга, цацал, задгай хаялга, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд голлодог. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болно.

Захчины “Арван хурууны биелэг” гэж байхад дөрвөдийн “Дөрвөн ойрадын бий”, “Цацал”, “Мөргүүл елхэндэг”, “Хөдөлмөр бий”, “Жороо морьдын биелэг”, “Жудар”, “Шувтрах” гэх мэт олон янз байдаг. Мөн хотонгийн “Билчин хээрийн бий”, урианхайн “Хатиргаан бий”, торгуудын “Хэлхээ агсал”, “Савардах” зэрэг бий биелэгүүд байдаг байна.

Эх сурвалж: Монгол орны лавлах