Дүртэддагва бурхан

Санскритаар Ситипати бурхан нь түвдээр Дүртэддагва, монголоор “Үхээрийн эзэн” бөгөөд домогт өгүүлснээр,  урд төрөлдөө айхтар хулгай хийдэг эхнэр нөхөр хоёр байжээ. Бурхан багш тэр хоёрт “та нар маш олон хүнд зовлон тарилаа, үйлдсэн нүглээ наманчилж замаа засахгүй бол хумхийн тоос болгон шийтгэнэ” гэжээ. Эхнэр нөхөр хоёр өлсөж цангаж буй бүх амьтанд өөрсдийн махан биенээс тасдаж хооллосоор сүүлдээ зөвхөн араг яс нь үлдэж гэнэ. Ийнхүү өөрсдийн гэмийг ухаарч махан биеэрээ төлөөс хийж нүглээ наманчилсан тэдэнд бурхан багш ном айлдаж хулгай худлыг номхотгож байх ам тангараг өргүүлээд тамын үүдийг сахигч “үхээрийн эзэн” бурхад болгосон гэдэг.  

Өөр нэгэн домогт, энэ хоёр хамаг юмаа хулгайд алдаж, тэр байтугай махан биеэ хүртэл хулгайд алджээ. Тэгээд тэрхүү айхтар шидтэй хулгайчийг номын хүчээр дарж хашраахаар эрдэм номд шамдсанаар бурханы шидийг олж, хамаг амьтныг хулгайд өртөхөөс сэргийлэн хамгаалагч бурхан болж заларсан гэнэ.

Үхээрийн эзэд нь Эрлэг номун хааны нөхөд гэгддэг ба эр, эм хоёр араг ясан биеэрээ сүлбэлдэн өрөөсөн хөлөөрөө цагаан дун, явуу дээр гишгэн бүжиглэж буй мэт дүрслэгддэг. Эм үхээрийн эзэн нь баруун мутартаа хүний ясан бороохой, зүүндээ цуст гавал барина.  Эр үхээрийн эзэн нь баруун мутартаа рашаан бумба, зүүн мутартаа нэг ишнээс салаалсан эрдэнэшишийн навч барьсан байдаг. Шүтээн зураг, бар зураг, баримал зэрэгт дүрслэхдээ хоёулангийн тэргүүнд хохимой толгой бүхий титэм зүүж, торгон цээживч, унжлага, хормойвч зэрэгтэйгээр урладаг байна.

Цамын ёслолын өөр өөр төрөл дунд түгээмэл нэг дүр байдаг нь Үхээрийн эзэн юм. Төвдийн Самъяа хийдэд анх цамын ёслол үйлдэх үед Үхээрийн эздийн дүрийг нэвтрүүлсэн нь бүхэлдээ театрчилсан найруулга бөгөөд жирийн үзэгч түмнийг баясгах зорилготой байсан хэмээн тайлбарладаг.  Үхээрийн эзэн буюу Дүртэгдагва бурханы гадаад төрх догшин байдаг ч цамын ёслолын үеэр хошин дүрийг бүтээж Цагаан өвгөн сахиусны хамтаар үзэгч олныг баясгах үүрэгтэй байдаг. 1811 онд Их Хүрээнд Жахар цам харайхад хамгийн түрүүнд хоёр Үхээрийн эзэн гарч ирж бусад дүрүүдийг урин залж цам харайх талбайн орох гарах хаалгыг сахиж цамын ёслолын талбай болон үзэхээр ирсэн үзэгчдийн орон зайг зохицуулах үүргийг гүйцэтгэж байжээ.

Дүртэгдагва бурханыг Говийн Y ноён хутагт Данзанравжаагийн дэлгэрүүлэн шүтсэн улааны шашны бурхан бөгөөд төвдөөр “үхээрийн газрын эзэн” гэсэн утгатай ба амьд үхсэний хагацал, аливаа гэнэтийн аюул зэргээс хамгаалж, хулгайг гэсгээж, худлыг мохоодог догшин дүрт бурхан хэмээн тайлбарлажээ.