Бурхан багш

НТӨ 565 онд Энэтхэгийн Галилавасду хотноо Лүмбини цэцэрлэгт хаан эцэг Сиддхартад нэгэн хүү төрсөн нь бурхан багш байсан аж. Бурхан багшийн эхийг Маяа гэдэг байжээ. Тэр үед хүүхдээ эцэг эхийндээ очиж гаргадаг байсан тул эх Маяа зарц нарынхаа хамт аав ээжийндээ очих гэж яваад замдаа Лүмбини цэцэрлэгт хүүгээ төрүүлжээ. Хүүгийнхээ заяа төөргийг үзмэрчээс асуухад “Энэ хүү гэртээ үлдвэл алдартай жанжин болно, гэрээсээ гарч явбал дэлхийд алдартай багш болно” гэжээ. Хаан хөвүүн 29 нас  хүртлээ хааны ордонд жаргал цэнгэл, тансаг амьдралд умбаж, эрдэм боловсрол эзэмшин өсчээ. Нэгэн удаа хотын гадаа гарч явтал төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлонд нэрвэгдсэн олон амьтныг үзээд зовлонгийн шалтгааны үнэнийг эрж хайхаар гэрээс гарч тойн болжээ. 35 настай хаан хөвгүүн Дорждагд бодь модны өмнө сууж бурханы хутгийг олсон гэдэг. Өөрийн олон шавь нарын дунд дөрвөн үнэний тухай сургаал, мөнх бус хоосон чанарын тухай онолоо удаа дараалан номлосоор 81 насандаа Кушанагар хэмээх газар таалал төгсжээ. Бурхан багшийн зүрхэн тарни нь “Дадята хум мүүни мүүни маха мүүни шагжа мүүни суухаа”, “Дадята хум мүни мүни маха мүни еэ сууха, ум зэяа биди суухаа” бөгөөд хамаг амьтныг энэрэн нигүүлсэх, буяны үйл бүтэхийн ерөөл оршдог.

Бурхан Будда гарын хоёр шавьтай бөгөөд түүний нэг Шаарибу нь Энэтхэгийн Наланда хэмээх хотод бярманы түшмэл Гаржид, эх Шарига нарын хүү болон мэндэлжээ. Эхийн нэрээр Шаригагийн хүү хэмээн алдаршиж эрдэм ухаанд суралцан бярманы 500 хөвгүүний багш нь болсон байна. Тухайн үед Наладагаас холгүй оршиж байсан бярманы язгууртнуудын дунд нэр нь цуурайтсан Модголжибугийн тухай сонсож уулзахыг хүсэж явжээ. Модголжибу нь Энэтхэгийн Шинтагжин хэмээх газар Модгалын язгууртан гэр бүлд төрсөн учир Модголжибу гэж нэршжээ. Хүүхэд ахуйгаас нь найман асрагч хүмүүжүүлж, бичиг эрдэмд сургасан тул бусад хүүхдүүдээс ихэд шалгарч, шастирын номлогч багш болсон байна. Хожим нэгэн баян худалдаачны хуриманд Шаарибу, Модголжибу нар нүүр тулан уулзаж үзэл бодол нэгдэн алдар цуу нь түгэн дэлгэрсэн Буддагийн шавь болохоор шийдэж зорин очжээ. Бурхан багшийн олон шавь гэлэнгүүдийн дотор Модголжибу рид хувилгаанаараа гайхагдаж, Шаарибу нь оюун ухааны гайхамшигт авъяасаараа онцгойрч байлаа. Бурхан багш тийнхүү алдаршсан хоёр шавийнхаа дүрийг зурмал, оёмол, баримал, хөөмөл зэрэг төрлүүдээр бүтээхдээ өөрийгөө голлуулан Модголжибу, Шаарибу хоёрыг хоёр талдаа босоо байдлаар урлан гаргажээ. Бурхан Буддаг таван өнгийн солонгон дунд гоо үзэмж төгс алтан өнгөт лагшинтайгаар дүрсэлж, мөн шар өнгийн өмсгөл номт хувцас гурвыг асаан, өлмийг нь очир завилгаатай, баруун мутараа доош унжуулан лянхуа цэцгэнд хүрсэн байдалтай, зүүн мутартаа бадар аяга бариулан дүрсэлжээ. Шаарибу, Модголжибу хоёр нэг мутартаа бадар аяга, нөгөө мутартаа дулдуй барьсан байдлаар дүрслэгдсэн байдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах