Дагвасүндэл бурхан

 

Чойрын богд уулын хаданд эрчүүдийн шүтээн цог хийморийн бэлгэдэл Дагвасүндэл бурханыг 220 см өндөр, 165 см өргөнөөр бүтээсэн ба энэ бурханд мөргөн шүтсэнээр эр хүний ноён нуруу тэгширч, цог хийморь тэтгэж, айл гэр нь сайхан амьдарна хэмээн ярилцдаг. Дүрэлзсэн галын шуурган дунд догшин сүрт дүрээр залардаг. Догшин байдал нь муу ёрын чөтгөр шулмасыг хөөн зайлуулж сайн сайхан цагийг авчрахыг бэлгэдсэн. Дагвасүндэл бурхан нь Боржигон сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн ба “нийлмэл бурхан” ажээ. Бурханы нэр нь “Даа чаг сүн сон” гэх ба Дамдин, Чагдор, Чунт хэмээх гурван бурхадын нийлбэр гэнэ. Өөрөөр хэлбэл, Очирваань бурханы орой дээр Хаянхярваа бурханы титэм болох морины дүрс, түүний дээр Чунт бурханы бэлгэдэл Хангарьд шувуу байрладаг. Хөрөгийн дор “Ум базар ваани Хаянхярваа гаруна хум пад” хэмээх тарни үгийг сийлжээ.