Лянхуа

Азийн орнуудын бэлгэдэл болсон цэцэг бөгөөд харахад зөөлөн булбарай, анхилуун тансаг үнэртэй, сэрүүн цэнгэг нуурын тунгалаг усанд ургадаг ажээ. Замагтай, тогтуун устай нуур цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан, ягаан, усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Лянхуа нь мунхаглал, шунал хүслийн эл хорвоод ямагт бүгдийн дээгүүр тавигдаж ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр оршиж гэгээрсэн хүмүүний бэлгэдэл байсаар иржээ. Навч нь өөртөө хир тоос үл халдаах чадвартай нь шинжлэх ухаанаар тогтоогдсон бөгөөд наалдсан хир тоосыг өөрөө усаар угааж цэвэрлэдэг зохилдолгоотой байна. Тийм учраас буддын шашинд ариун дээд бэлгэдэл болгон биширдэг ба буддын сахиус бурхад мутартаа лянхуа барьж, лянхуа сэнтий дээр заларч байдаг.