Мянгад

2010 оны хүн амын тооллогоор 6592 иргэд бүртгэгджээ. Мянгадууд нь Монгол угсааны бөгөөд тэдний овгийн бүрэлдэхүүнд түрэг овог тааралддаг. XYI зуунаас эхлэн мянгад гэдэг нэр тэмдэглэгдсэн бөгөөд тэдний дунд мянгад, басигид, хиргис гэсэн гурван үндсэн яс зонхилно. Эдүгээ мянгадууд Ховд аймгийн Мянгад сумын нутагт Ховд голын адаг, Алтан Хөхий уул орчмоор нутаглаж, цөөн хэсэг нь Эрдэнэбүрэн суманд Өөлд, Дөргөн суманд Дөрвөдтэй хамт суурьшдаг. Мянгадын өвөг дээдэс нь Тагнын нуруу, Соёны уулсын ой тайгаар нутаглан цаа буга тэжээж, ан гөрөө хийж амьдардаг байсан ойн Урианхай иргэдийн тасархай ажээ. Тэд Монгол, Түрэг угсааны олон аймагт харъяалагдаж явсан тул бүрэлдэхүүнд нь уг удмын олон яс овгууд холилджээ. Мянгад нь Дөрвөн Ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянганаас бүрэлдсэн нэг түмэн болж байв.


Ховдын Мянгад нь XYII зууны эхээр Ойрадын холбооноос салж Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний эхээр нутаглах болсон Хотогойд болон Зүүнгарын хаант улсад багтаж яваад салсан Хойд мянгад овогтноос гаралтай ажээ. Тэдгээр хойдууд нь XYI зууны үед Халхын захиргаанд орж халхажсан Хойдын залгамж болжээ. Мянгад хошуу нь Манжийн үеийн Гадаад Монголын засаг захиргааны нэгэн үндсэн нэгж байсан бөгөөд Ховдын амбанаас томилдог Үкэр да (Бүгдийн дарга) буюу мянгадуудын монголчилсноор хошууны “Да” захирагч захирч байжээ.


Чингүнжаваар удирдуулсан хотогойдууд Манжийг эсэргүүцсэн 1755-1757 оны зэвсэгт тэмцэлд идэвхтэй оролцсон учир Манжийн хаан Чингүнжавыг цаазалж түүний албат, ард иргэдийг тархаан суурьшуулжээ. Хожим мянгадууд 1764 онд Засагт хан аймгийн Далай засгийн хошууны гүн Доржцэрэнтэй заргалдан “харьяат биднийг хяхан гадуурхаж байна” хэмээсэнд Улиастайн жанжин тэднийг Ховд голын хөвөөнд суулгаж хошуу байгуулсан ажээ. Тэрхүү үйл явдлаа мянгадууд хошуу ноёд угсаа залгамжилж ард олныг дарлан мөлждөг ёсны эсрэг явуулсан тэмцлийн ялалт хэмээн бахархдаг.


Мянгад гэдэг нэрийн гарлын тухай олон янзын домог байдаг ажээ. Үүнд: Мянган хүн хотогойдын голын эхээс нүүж гарсан, Сартай залан яг мянган цэрэг удирдаж явсан гэх зэргээр ярьдаг. Түүнээс гадна Ховдод нүүж очоод нутаг заалган суугаад нэг хошуу болно гэхэд мянган эр тоолуулах ёстой болжээ. Тэгтэл эрчүүд нь мянга хүрээгүй тул сэвгэрүүдээсээ эр хүний хувцас хунар өмсгөн тоолуулж байж хошуу болгосон хэмээн хэлэлцэх нь бий. Өөр нэгэн домогт,  Эрт цагт тал нутгийн ард түмэн уудам газар нутгаа харийн дайснаас хамгаалах зорилгоор цэрэг эрсээ аравт, зуут, мянгат болгон зохион байгуулжээ. Гэтэл баруун хязгаарын нэгэн овогт яаж ч тоолоод цэрэг эрс нь мянга хүрэхгүй нэг дутаад байжээ. Тэр овогт ухаан билэг, уран үйлээрээ алдартай нэгэн бүсгүй байжээ. Тэрээр овгийн ахлагчийнд ирж цэрэгт явах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн боловч овгийн ахлагч зөвшөөрсөнгүй гэнэ. Ингээд цэргээ бүрдүүлж чадалгүй дутуу хэвээр нь дайнд мордуулсан боловч чин зоригт бүсгүй овгийн ахлагчийн хутгыг хулгайлан нууцаар мянган цэргийн тоонд орж нутаг усаа хамгаалан тэмцжээ. Ийм учраас овгийг “мянгад” гэж нэрлэсэн бөгөөд тэр бүсгүйн хатан зоригийг үеийн үед дурсаж явах үүднээс мянгад бүсгүйчүүд бүсэндээ хэт хутга зүүдэг заншилтай болсон гэх ажээ.


Мянгадуудын дээл оноогүй бөгөөд өргөн хар эмжээртэй, давхар хошмог дарж оёсон байдаг. Баруун бүсийн эмэгтэйчүүд шиг цагаан зах зүүдэггүй бөгөөд содон зүйл нь дээлийн зах нь улаан өнгөтэй байдаг. Өвөл зунгүй хар хилэн малгай өмсөх боловч зундаа цагаан алчуур толгойдоо зангиддаг заншилтай. Мянгад эхнэр үсээ халхууд шиг хоёр хуваан дэргэр болгодог бөгөөд туйван дээрээ эрвээхэйг шүрээр дүрслэн хийдэг. Мянгад эмэгтэйчүүд хээ угалз бүхий уран нарийн хийцтэй хутгыг 5 өнгийн алчуурын хамт бэлнээс зүүдэг.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах