Өмнөговь - Баяндалай сум

Аймгийн төвөөс баруун тийш 86 км. Гурван сайхан уул энэ сумын нутгийн нэг хэсэгт оршдог. Урд хэсгээрээ нарийхан зурвас байдлаар БНХАУ-тай хиллэдэг.

Зурамтай ууланд нь аргаль, янгирын агнуур хийдэг байсан. Гэгээт,  Дүнгэнээ,  Өл, Хаалга,  Харангад, Дөвөнтийн ам зэрэг томоохон үзэсгэлэнтэй хадан хавцал, амуудтай. Зүүнсайхан, Дундсайхан, Баруунсайхан, Баянцагаан зэрэг уул нь аргаль, янгир, цоохор ирвэсийн гол тархац нутаг. Газар нутгийнх нь зүүн ба хойд хэсэг бүхэлдээ Говь гурван сайхан байгалийн цогцолборт газарт хамаардаг.

Аялал жуулчлалын гол бүс нутаг боловч жуулчны баазууд байхгүй. Сумын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт Төхөмийн цагаан нуур оршдог. Төхөмийн цагаан нуур нь уулнаас буусан үерийн усаар тэжээгддэг ч өөрөөсөө ундарга бүхий жижиг булгуудтай. Жил бүриййн хавар, намар нүүдлийн шувууд дайран өнгөрдөг гол цэгийн нэг боловч сүүлийн жилүүдэд  зундаа хатах болсон учраас намрын шувууд дайрах нь багассан.  Баяндалай сумын төвөөс баруун хойш 15 орчим км зайд нутгийн иргэдийн аялал жуулчлалын улиралд зохион байгуулдаг гэр буудал бий.