Отгонтэнгэр уулын Дархан цаазат газар (Төрийн тахилгат уул)

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт, Улиастай хотоос 50 км зайд орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулыг монголчууд эрт дээр үеэс “Богд Очирваань” хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн. 1779 онд анхлан тахиж, 1818 оноос албан ёсоор дархлан хамгаалж ирсэн түүхтэй бөгөөд 1930 он гэхэд тахилгыг зогсоосон байв. 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тахилгыг сэргээн “Төрийн тахилгат уул” болгож  4 жил тутам үйлдэж байхаар болсон.  

Төв Азийн өндөр уулын экосистем ноёлох боловч ой мод, уулын хээр, нуур, намаг ч тааралдана. Отгонтэнгэр уулын ДЦГ нь Хангайн уулт их муж, Хангайн өндөр уулын муж, Дорнод Хангайн дэд мужид хамаарна. Хамгийн өндөр цэг нь мөнх цаст Отгонтэнгэр 4021 метр бөгөөд түүнээс салбарласан уулс нь 3000-3650 метр өндөрт өргөгдсөн байдаг.

Их Богд, Бага Богд, Идэр, Рашаант, Өвөр Богд зэрэг том, жижиг голууд эх авч, тэдгээрт цутгадаг жижиг салбар голууд, уулс хоорондын хөндий, өргөн нарийн амууд, сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн нуурууд нь Отгонтэнгэр уулын ДЦГ-ын байгалийн үзэсгэлэнг бүрдүүлдэг. Тус ДЦГ-ын хамгийн том нуур нь Хөх нуур бөгөөд д.т.д 2455м өндөрт оршдог, мөстлөгийн гаралтай, урт нь 5.5км, өргөн нь 3.5км.

Даян хэмээх мөргөлчдийн өргөл өргөдөг газарт мөсөн голын гаралтай, 300х400 метр  талбайтай Бадархундага нуур байх ба түүнийг нутгийнхан “Очирваань бурханы тахилын аяга” хэмээн өргөмжилж ирсэн. Отгонтэнгэр хайрханы өвөрт их тахилга үйлддэг “төрийн овоо” байх ба түүнээс хойш цуварсан жижиг овоонууд бий.

 

Отгонтэнгэр уулын ноён оргилоос хойд зүгт дахин нэг оргил байх ба түүнийг “Бага Богд” буюу “Бага Отгонтэнгэр” гэдэг.  Д.т.д 3643м өндөр бөгөөд аргаль, янгирын нутаг юм. Нутгийнхан Бага Отгонтэнгэрийг “Сайн цагийн мянган бурхадыг хамгаалагч уул” хэмээн бэлгэшээн үздэг. Мөн Бага Отгонтэнгэрт 13-55 хэмийн халуунтай, эмчилгээний чанартай 50 орчим рашаан байх бөгөөд тус рашааныг түшиглэсэн Отгоны амралт сувилал  Улиастай хотоос 85 км зайд байдаг.

Отгонтэнгэр хайрханы салбар уулсын нэг Баянзүрх уулнаас зүүн урагш Чулуутын амны өвөрт шаргал өнгөтэй элс байдаг ба нутгийнхан түүнийг Алтан элс хэмээнэ. Эмчилгээний чанартай, аманд хийхэд уусаж алга болдог тун нарийн ширхэгтэй хэмээнэ.

Хамгаалалтын бүс: 1992 онд Улсын бага хурлын 11 тоот тогтоолоор Отгон сумын 27675 га, Алдархаан сумын 67835 га нутгийг хамруулан Отгонтэнгэр уул орчмын нийт 95510 га талбайг улсын тусгай хамгаалалтанд авч, улмаар 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор “Дархан цаазат газар”-ын ангиллаар баталгаажуулсан. УИХ-ын 2019 оны 41 тоот тогтоолоор байгальь орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Отгонтэнгэрийн ДЦГ-ын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын 102000 га газрыг хамруулан ДЦГ-ын хилийн заагийг шинэчлэн тогтоосон. Эдүгээ Отгонтэнгэрийн ДЦГ нь Отгон, Алдархаан сумын зарим газар нутгийг хамран нийт 192748 га талбайг хамарч байна.

Геологийн тогтоц: Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай өндөр уулын ландшафт, бөмбөгөр оройтой тэгш өндөрлөг уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Уулсын цавчим байц хад, асга, нуранги, эгц налуу, уулын хажуу намссаар уулс хоорондын хөндий, өргөн нарийн амыг үүсгэн үргэлжилдэг. Энд хүрмэн чулуун урсгал хад, эртний болон хожуу үеийн галт уулс ч тохиолдоно. Отгонтэнгэрийн ДЦГ нь мөнх цастай, асга хад чулуугаар хучигдсан, эгц ханан хясаатай, гүн хавцал бүхий галт уулын гаралтай хотгор гүдгэр бүхий газар юм.

Уур амьсгал: Уур амьсгалын хувьд харьцангуй эрс тэс бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Улирлын болон хоногийн температурын хэлбэлзэл ихтэй. Өвлийн улиралд уулархаг хэсгээр эрт цасан бүрхүүл тогтож, зарим жилд цасны зузаан 40-70см хүрч тогтдог ба хүйтний эрч -50 хэм хүрэх нь түгээмэл. Тийм учраас өвөл газрын хөрс 3-4м хүртэл гүнд хөлддөг байна. Зундаа их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд энэ нь эх авч урсах голуудын ундаргын үүсвэр болдог.

Хөрсөн бүрхэвч: Отгонтэнгэр уул нь өндөр уулын ландшафт зонхилох тул уулын нугын хүлрэнцэр, хар шороо бүхий тагийн хөрс, уулын нугын заримдаг тагийн хөрс элбэг тархсан. Уулын оройд нугат тундрын хөрс, нүцгэн хад асга цөөнгүй тохиолдоно. Өвөр хажуугийн дээд хэсэгт уулын нугат хээрийн заримдаг тагийн хөрс элбэг. Уулын бэлээр хар хүрэн хөрс зонхилж, уулын нарийн ам хөндийгөөр нугат намгийн хөрс тохиолдоно. Намхавтар уулсаараа бор шороон хөрстэй.

Ойн сан: Өндөр уулын таг, ой, ойт хээр, нуга, уулын хээрийн хэв шинжүүдтэй ба уулын ар хэсгээр шинэсэн ой, холимог ой зонхилон ургадаг. Уулс хоорондын хөндийн олон гол горхийг даган навчит модтой нуга үргэлжилнэ.  Отгонтэнгэрийн ДЦГ-ын 13494 га талбайд ойн сан байх ба Алдархаан сумын нутагт байгалийн ой 5675 га, сөөг торлог 812 га талбай эзэлдэг бол Отгон сумын нутагт 288 га нь сөөг торлог, ойн сан нь 6775 га бүхий юм. Ганцхан шинэс мод 2600м өндөр газар хүртэл ургаж, 3000 м-ээс дээш өндөрт зөвхөн хаг ургадаг.

Ургамалжилт: Отгонтэнгэр уулын нөмөрт уулын нуга зонхилж, түүний бүрэлдэхүүнд бушилз, улалж хоёр голлон алаг өвс холилдон ургадаг. Өндөр уулын тундр тархахын зэрэгцээ намагжсан байдаг, тагийн нуга ургамлаар сийрэг, төрөл зүйл нэлээд олон, бушилз ерөнхийдөө ноёрхдог. Отгонтэнгэрийн ДЦГ-т 93 төрөл, 164 зүйл ургамал бүртгэгдсэнээс 7 зүйл нь нэн ховор, 6 зүйл нь ховор ургамал, 77 зүйл нь эмийн ургамал байна. Уулын ар шинэсэн ойгоор бүрхэгдсэн байдгаас гадна ян сарьдагуудын оройд 5 зүйл арц ургадаг. Мөн нэрс, аньс, улаалзгана, чонын элэг зэрэг ашигт ургамалтай. Ойн хөрсөнд хойд тайгын экосистемийн төлөөлөл болох олон төрөл ургамал ургадаг. Отгонтэнгэр ууланд нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг.

Хөхтөн амьтан: Өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл бий. 2017 онд Отгонтэнгэрийн ДЦГ-т 38 зүйлийн 4827 бодгаль байгааг бүртгэсэн байна. Хоёр зүйлийн мөлхөгч байдгаас рашааны могой нь Отгонтэнгэрйн рашаан амралт, Улаан хаалгын рашаан амралтын орчимд элбэг бол бамбай хоншоорт могой нь хад асгатай уулын энгэрээр тохиолддог.  500 гаруй халиун буга байгааг тогтоосон байна. Аргаль хонь, янгир ямаа гэх мэт ховор амьтад цөөн тоогоор ажиглагдсан.

Шувууны зүйл: Өндөр уулын сэрүүн бүсийн шувууд зонхилдог бөгөөд нийт 53 зүйл шувуу бүртгэгдээд байна. Цасч дэглий, өрөвтас, усны цагаан сүүл бүргэд, гангар хун зэрэг 4 зүйл нь Монгол Улсын Улаан номд ховор ба ховордсон зэрэглэлд бүртгэлтэй. Мөстлөгийн үеэс тогтсон олон жижиг нуур, голуудтай учраас ус намгийн шувууд цөөнгүй ирж зусдаг. Нугасны овгийнхон, гангар хун, хээрийн галуу, хондон ангир, зэрлэг нугас, харцагын овгийн шувууд, нөмрөг тас, тарважи бүргэд, ооч ёл зэрэг махчин шувууд ирдэг.

Загасны зүйл: Отгонтэнгэрийн ДЦГ-т 5 зүйлйн загас байдаг ба бараан зэвэг, монгол хадран, давжаа сугас зэрэг зүйл нь голуудад тохиолддог. Тул загас Идэрийн голын эхээр байдаг бол нууруудад нь ердийн цурхай бий.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах