Онон Балж - Байгалийн цогцолборт газар

Онон-Балжийн сав газар газар нь Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адарга, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамарсан бөгөөд Хэнтийн нурууны зүүн, Эрээний нурууны баруун төгсгөл, хойноос урагш ойн бүсээс хээрт шилжих зааг, ойт хээр бүхий газарт онцгой сонирхолтой байгалийн үзэмжүүдийг харуулсан нутаг юм.  Онон Балжийн сав газрын цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц, биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан.

УИХ-ын 2000 оны 4-р сарын 14-ний 29 тоот тогтоолоор “Байгалийн цогцолборт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор БЦГ-ын хилийн заагаас Дадал сумын төвийн эдэлбэр газрыг гарган хилийн заагийг өөрчлөн баталсан. Эдүгээ 397378 га газар нутгийг хамардаг ба А, Б гэсэн хоёр хэсэгтэй. А хэсгийн талбай 292373 га, Б хэсгийн талбай 105005 га. Байгалийн хэв шинж, ургамал, амьтны байршил, түүх, соёлын дурсгалыг хамгаалах шаардлага, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан хамгаалалтын дотоод бүсийг тогтоосон. Онон Балж БЦГ-ын “А” хэсэгт онцгой бүс 4, аялал жуулчлалын бүс 2, хязгаарлалтын бүс 1 байдаг. Харин “Б” хэсэгт онцгой бүс 1, аялал жуулчлалын бүс 1, хязгаарлалтын бүс 1 байхаар тогтоожээ.

Онон-Балжийн БЦГ нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас зарласан зайлшгүй хамгаалах шаардлагатай 35 эко бүс нутагт ордог. Тийм учраас байгалийн асар их баялаг, экосистемийн дахин давтагдашгүй гайхамшиг, Азийн төдийгүй дэлхийн том мөрний нэг Амар мөрний эх болсон Онон голын ай савыг хамгаалах нь Монгол орны хувьд төдийгүй дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм.

Хамгаалалтын захиргаа: Онон Балж БЦГ-ыг ойт хээрийн бүсийн ландшафтын хэв шинж, иж бүрдэл, экологийн тогтоц, Монгол орны ой тайгын ховор амьтдаас гадна цэн ба хар тогоруу, хонин тоодог болон бусад ховор шувуудын тархац нутаг зүүн Азийн олон зүйл усны амьтантай гол нутаг юм. Биологийн олон төрөл, тэдний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх, байгаль түүхийн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан.

2000 оноос Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа хариуцаж байгаад 2006 онд Байгаль орчны сайдын 238 дугаар тогтоолоор Онон Балж БЦГ-ын хамгаалалтын захиргааг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод байгуулсан. Гэвч Онон-Балж хүртэл 270км зайтай учраас үйл ажиллагааны хүндрэлийг харгалзан 2009 оны 1-р сараас Дадал сум руу хамгаалалтын захиргааг шилжүүлсэн.

Галттай, Балж, Онон голын сав дагуух татмын ой болон ойролцоох аялал жуулчлалын бүсэд малын тоо толгой өссөн, БЦГ-ын хилийн заагийн ойролцоох газар тариалангийн 3607 га, нэг фермийн аж ахуйн 5 га газрын үйл ажиллагааны нөлөөгөөр амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд саад учруулж байгаагаас үүдэн хонин тоодогийн байршил өөрчлөгдөж зэрлэг амьтдын амьдрах орчны хомсдолыг бий болгож байна.

Онон-Балжийн БЦГ нь түүх соёлын дурсгалаар нэн баялаг бөгөөд ялангуяа эзэн богд Чингис хааны түүхтэй холбоотой газрууд олон бий. Биндэр, Дадал, Баян-Уул сумын нутгийн иргэдийн дийлэнх нь буриад ястнууд, Норовлин, Баян-Адарга суманд халх ястнууд зонхилон амьдардаг.

Газарзүйн онцлог: БЦГ-ын хамгийн өндөр цэг нь д.т.д 1568.4м Хэцүү өндөр уул,  хамгийн нам цэг нь д.т.д 840м Балж-Ононы бэлчир болно. Уулсын хажуу ихэнхдээ налуу, орой нь голдуу бөмбөгөр, асга чулуу бараг байхгүй бөгөөд хаа нэг хад цохио Их, Бага, Ёл, Дэгэн, Жигэн зэрэг үзэсгэлэнт хавцалууд байдаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Балж, Онон, Хёрхон, Бөххөн, Агац, Хэр, Галттай, Улиастай, Чулуут зэрэг гол мөрөн, Хүрхрээ, Цагааннуур, Янги зэрэг томоохон нуурууд бий. Онон Балжийн сав нутаг нь Дагуурын хээр рүү түрж орсон Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших өвөрмөц тогтоцтой, амьтан ургамлын олон янз байдлаар баялаг боловч маш эмзэг экосистем бүхий нутаг юм.

Онон Балж БЦГ нь байгалийн мужийн төлөөллийн хувьд Хэнтийн уулт өндөрлөгийн зүүн хэсгийн ойт хээр, умард хуурай хээрийн дэд мужийн ой, нугат хээр, нуга бүхий ойт хээрийн район, Онон-Улзын сав газрын нам уул, хотгор бүхий хээр, хуурай хээрийн мужийн нуга, нарсан ой бүхий хээрийн районуудыг төлөөлөн орших бөгөөд байгалийн бүс бүслүүрийн шилжилтийн заагт орших учраас биологийн олон төрөл зүйлийг агуулсан баялаг нутаг юм.

Ойн сан: Энэхүү газар нутаг нь Монгол орны нарсан ой, нарс, шинэс, хус бүхий холимог ой тархсан цорын ганц газар бөгөөд энэ нь гол мөрний ус чийгийн горимыг тогтвортой барих, зохицуулах, хуваарилах ач холбогдол өндөртэй учраас экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй. Монгол Улсын Улаан номонд орсон дагуур шинэс, крыловын нарс нь зөвхөн тус газарт тархсан байдаг.

Хөхтөн амьтан: Монгол орны ховор зүйл хөхтөн амьтдын хувьд чухал нутаг болдог бөгөөд Монгол Улсын Улаан номонд орсон баданга хүдэр, шивэр хандгай, дагуур зараа, голын халиу зэрэг 4 зүйл, Монголын ховордсон амьтдын жагсаалтанд ордог халиун буга, шивэр хандгай 2 зүйл, Олон улсын Улаан номонд багтсан саарал чоно, нохой зээх 2 зүйл, ховордсон зэрлэг ургамал, амьтныг худалдаалах тухай олон улсын конвенц (CITES)-ийн II хавсралтанд жагссан хүрэн баавгай, хүдэр, саарал чоно, шилүүс, мануул зэрэг 5 зүйл бий. Дорнод Азийн олон зүйл мэрэгч ба жижиг хөхтөн амьтан байдаг онцлогтой. Тухайлбал, дагуур номин, дагуур зараа, дагуур зурам, нохой илбэнх, бор харх, ширгийн оготно гэх мэт.

Шувууны зүйл: Дэлхийд нэн ховордсон олон зүйл тогорууны өндөглөн зусдаг, нүүдлийн замнал дагуу түр буудалладаг дэлхийн хэмжээний чухал түшиц нутаг болдог. 2007 онд зохион байгуулсан “Монгол орны байгаль хамгаалалд чухал газруудыг олж тогтоох хамгааллыг баталгаажуулах нь” сэдэвт зөвлөгөөнөөр Онон Балж БЦГ-ыг хэлэлцэн шувуудад чухал газар нутгийн сүлжээнд хамруулсан. Нүүдлийн шувуудын чухал зүйл болох цэн тогоруу (Grus vipio), хонин тоодог (Otis tarda), энэ бүс нутагт төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож буй хошуу галуу (Anser cygnoides), Байгалийн нугас (Anas formosa),  Усны нөмрөг бүргэд (Haliaeeteus leocoryphus), Бор бүргэд (Aquila clanga), Дорнын хан бүргэд (Aquila heliaca), Идлэг шонхор (Falco cherrug), Зээрд шонхор (Falco naumanni), Цагаан тогоруу (Grus leocogeranus), Хар тогоруу (Grus monacha) зэрэг шувууд өндөглөн зусаж, зарим нь дайран өнгөрдөг. Онон Балж БЦГ-т хошуу галуу (Anser cygnoides), Хондон ангир (Tadorna ferruginea), Улаан хүзүү шумбуур (Aythya ferina), Алаг шунгаач (Bucephala clangula),  цэн тогоруу (Grus vipio), өвөгт тогируу (Anthropoides virgo), хархираа тогоруу (Grus grus) зэрэг зүйлийн шувуудын нүүдлийн популяцийн 1% цугладаг.

Загасны зүйл: Агнуурын ач холбогдолтой олон зүйл загас байдгаас Амар мөрний хилим загас нь дархан цаазтай. Онон гол түүний цутгал голуудаар дугуй амтан, голын хавч, дагуурын сувдан хясаа гэх мэт ховор өвөрмөц зүйл амьтад байдаг. Амарын хилэм хэмээх дэлхийн хэмжээнд ховордсон загас Монгол орны хувьд зөвхөн Онон голд байдаг. Монгол Улсын Улаан номонд орсон тул загас бий.  

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах