Дуутын хад

Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 20 км орчим зайд Төхөм уулын дэргэд оршдог. Дуутын хад гэж нэрлэгддэг "Цогтын хадны бичиг"-т Монголын эх оронч, Алтан урагийн хөвүүн Цогт хунтайжийн шүлэглэн хэлсэн гүн ухааны мөрүүд сийлэгдэн үлдсэн байдаг.  Газрын гүний маш бөх хад чулуунд бичиж үлдээсэн бөгөөд уг хадыг төмөр, чулуу мэтийн зүйлээр цохиход ширмэн тогоо мэт жингэнэн дуугардаг тул "Дуутын хад" гэж нэрлэжээ. 400 шахам жилийн өмнө бичигдсэн тэр бичээс өчигдөр бичсэн юм шиг тод хадгалагдан үлдсэн. Энэхүү шүлгийг "хулгана жилийн 1624 оны нэгдүгээр сарын 18-нд Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив" гэжээ. Энэ бичигт хадны орчимд эртний хадны сүг зургууд бий. Тус чухал дурсгалыг 1971 онд улсын хамгаалалтанд авсан байна. Хаданд сийлсэн шүлгийг сийрүүлбэл,

Дээд тэнгэр ханы аху хийгээд
Дэлхий дэх Хан богдсын аху газар
Дээр доорын ялгас болбоос бээр
Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй. (Тэнгэр хүн хоёрын нэг нь дээр, нөгөө нь доор орших газрын хувьд ялгаатай боловч жаргах, хайрлах хоёрын сэтгэлийн мөн чанар адил хэмээсэн үг ажээ)

Агнистайн агуй дахь бодисад нар
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
Аху газар ангид болбоос
Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй. (Бодьсадва, бодь сэтгэлтэн хоёрын нэг нь дээр нөгөө нь доор орших хэдий ч амьтныг асрах нигүүлсэх сэтгэл нь чанарын хувьд адил гэсэн үг)

Энд хан богдсын сайн түшмэл хийгээд
Эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр болбоос
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй. (Хааны түшмэл, эрлэгийн түшмэл хоёр өнгө дүрсээрээ өөр боловч гэмтэн болон нүгэлтний зөв бурууг ялган таньж, гэсгээн цээрлүүлэх үйлээрээ ижил гэсэн үг)

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид болбоос
Алан идэхийн агаар нэгэн буй. (Хүн араатан хоёр ахуй бие ангид боловч алан идэхийг хүсэх сэтгэлийн мөн чанараар ижил)

Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. (Хулгайч, чоно хоёр илт биеэрээ ялгаатай боловч хулгайлах хуурах сэтгэлийн мөн чанар ижил гэсэн санааг илэрхийлсэн бөгөөд эдгээр 5 бадагт жаргах хайрлах, асрах нигүүлсэх, ялгах таних, хүсэх шунах, хуурах мэхлэхийн тухай өгүүлжээ)

Онон мөрөнд аху Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Онигудын газар хол болбоос бээр
Хайрлан санагалзахын агаар нэгэн буй. (Эгч дүү хоёрын нэг нь Онон мөрөнд, нөгөө нь Орхон Туулд газрын эрхээр хол суувч биесээ хайрлан санагалзах мөн чанар адил)

Энэ биендээ эс золголцвоос
Үүнээс хойш төрөл тутамдаа
Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай. (Хэрэв энэ насандаа уулзаж эс чадваас дараа дараагийн төрөлдөө эх охин хоёр мэт бие биенээ хайрлан явъя гэсэн санааг хэлжээ)

Эх сурвалж: Монгол орны лавлах