Бүрдэнэ булаг

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 27км зайтай оршдог. 11 га талбай бүхий элсэн манхан, булаг ус, говь нутгийн үзэсгэлэн болсон баянбүрд юм.  Эгц өндөр элсэн манхан дотор 108 булагтай, зүлэг ширэгтэй, худагтай, мод буттай байгалийн маш үзэсгэлэнтэй газар юм. Харахад ус бүхий баянбүрд шиг ердийн элсэн манхан боловч элснийх нь ид шид гайхагдсаар иржээ. Говийн догшин ноён хутагт Д.Равжаа өөрийн лам нараа дагуулан ирж 108 булаг тус бүрд ном уншуулан лүйжин тавьдаг зоч лам нарыг бэлтгэдэг байсан бөгөөд лүйжинч лам нар 3-7 хоног бясалгал үйлддэг байжээ. (Лүйжин гэдэг нь бие хэл сэтгэлийн элдэв бузар, мууг арилгахад үдэш бүрэнхийгээр уншдаг ном)

Бүрдэнэ булагийн хойд талд байх хайрханыг Догмиддорж хэмээх ба уулын энгэрт жижиг хийдийн туурь бий. Бүрдэнэ булагийг түшиглэн Улаанбаатар хотын III нэгдсэн эмнэлгийн санаачилгаар 2000 оноос бөөрний эмчилгээний амралт сувиллын газар байгуулсан. Зуны улиралд 50-80 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадал бүхийгээр сумын тамгын газраас тохижуулжээ. Элсний чанар нь бөөрний түүдгэнцэр, дэвшинцэрийн хурц архаг үрэвсэл зэргийг анагаах увидастай болох нь тогтоогдсон байна.