Аж богдын нуруу

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргилууд нь д.т.д 3802 метр өдөр “Их-Овоо уул”, д.т.д 3671 метр өндөр “Мөнх цаст” уул.  Эдгээр оройнууд бөмбөгөрдүү байдаг. Аж богдын нуруу нь нийт 9318 км.кв талбайг эзэлдэг, 87 км урт сунаж, хамгийн нарийн хэсгээрээ 31 км, хамгийн өргөн хэсэгтээ 83 км хүрдэг уудам нуруу. Урд хажуу нь эгц, хойд хажуу нь налуу бөгөөд хэд хэдэн шил зэрэгцэн оршдог. Монгол Алтайн нурууны дунд хэсгийн баруун захаар орших ба Монгол Алтайн уулт тогтолцооны урагш нумарсан хэсэгт урагш салж салбарлан гол нуруунаасаа дөрөлж даваагаар холбогдон уулс хоорондын хөндий, хотгороор зааглагдан тогтсон уул юм. Үндсэндээ Монгол Алтайн үндсэн нуруунаас өмнө зүгт салбарласан гурван том нурууны дунд талын салбар нуруу юм. Аж Богдын нуруу нь говь цөлийн нөлөөнд ихээхэн орж элэгдэж эвдэрсэн учраас уулсын орой нь шовх маягийн хад чулуутай, эгц цавчим хажуутай, хад асга ихтэй болж хувирсан ба урсгал ус бага учраас тэдгээр элэгдэл эвдрэл зөөвөрлөгдөх боломж багасаж уулын хажуугаар хуримтлагдсаар асар урт бэлийг бий болгосон байдаг.  Энэ нуруунаас салбарласан уул нуруу байхгүй.

Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Номингийн говийн хотгорын баруун талын усан хагалбар болдог. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй. Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гогд, гоньд, тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай. Ууландаа зун 116-138 мм хур тунадас унадаг. Алтай сумынхан сүү цагаан идээг сайн боловсруулдаг бөгөөд түүн дотор Аж богд уулынхаа нэрээр нэрлэсэн “Ажийн бор” хэмээх амтлаг ааруул хийдэг.