Ульхан боомт

Дорнод аймгийн Баян-Уул суманд орших 1971 онд нээгдсэн Монгол-Оросын зорчигч, ачаа тээврийн авто замын боомт юм. Улсын хилээс 0.8км, Чойбалсан хотоос 270км, Улаанбаатар хотоос 740км зайтай. Түүхчид Өүлэн эхийн төрхөм Олхунуд аймгийн нэр сунжирч “Ульхан” болсон гэж үздэг.

Ульхан уулыг эгц урдаас нь харахад майхан шиг харагддаг учраас “Ульхан майхан уул” хэмээн ном сударт тэмдэглэн үлдээжээ. Ульхан майхан уулыг Онон гол ороон урсахдаа зүүн доохно талд нь салаалан урсдагийг “Ононгийн таван салаа” хэмээн нэрлэдэг. Ийнхүү салаалж урсаад их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг дээрээс нь харагдах байдлаар “Зүрхэн арал” хэмээн нэрлэсэн. Зун, намрын цагт Онон мөрний таван салаа саваа халин урсаж шавар намаг үүсгэдэг тул хилчид машинаар явах аргагүй болж мориор эсвэл хийлдэг завиар хилийн эргүүл хийдэг байна. Мөн нутгийн иргэдтэй хамтран Эрээний их нуруу, Онон мөрний ой хөвчийг хамгаалдаг ажээ.

1939 оны Халхголын дайн эхлэхэд Зөвлөлтийн армийн анги нэгтгэлүүд, танк, их буу, машин техник, буу зэвсгийн хангамжийг тус Ульхан боомт орчмоор оруулж ирсэн түүхтэй. Монголын хилийн наана Зөвлөлтийн авто засварын төвийг байгуулж орос инженерүүд ажиллаж байсан гэдэг. Мөн зэвсэг техникийн склад буюу агуулахын томоохон объектууд баригдсан бөгөөд тэрхүү байшин барилгуудыг эдүгээ тус аймгийн нэгэн компани эзэмшин үйл ажиллагаа явуулж байна. Түүх өгүүлсэн тус боомтын орчин дахь байгалийн үзэсгэлэнт байдал нь орос жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд Онон голын загасчлалын аялал мэр сэр хийгдэж ирсэн. Мөн завины аялал жуулчлалын маршрут болгох боломжтой бөгөөд үе үе энэ төрлийн аялал Монгол-Оросын хил дамнан амжилттай хэрэгжиж байна.